Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунан "Хүүхэд хамгааллын тухай хууль 2024 онд шинэчлэн найруулагдсан боловч хэрэгжилт нь хангалтгүй байна. Хүүхэд хамгаалах асуудал нь ганц байгууллага, эсвэл зөвхөн эцэг эхийн оролцоогоор шийдэгдэхгүй. Олон салбар хамтран ажиллаж байж бид хүүхдүүдээ хамгаалж чадна. Хүүхэд хамгааллын хамтарсан багууд хороо, дүүрэг, сум, сургууль бүрд ажиллаж байгаа. Эдгээр багийн үндсэн чиг үүрэг нь үе тэнгийн дээрэлхэлтийг илрүүлэх, хүүхдийг хамгаалах, дээрэлхэлт гарахаас өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах явдал юм. Гэвч бодит байдал дээр энэ чиг үүргээ хангалттай хэрэгжүүлж чадахгүй байна. Бидний хийсэн судалгаагаар санхүүжилт болон мэргэшсэн боловсон хүчний дутагдал байгаа нь ажлын үр дүнд нөлөөлж байна.

Саяхан гарсан үйл явдлыг харахад энэ нь энгийн үе тэнгийн дээрэлхэлтээс давж, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй асуудал болсон. Үүнийг цагдаагийн байгууллага шалгаж, дүгнэлт гаргах байх.

Мөн хүчирхийлэл үйлдсэн хүүхдүүд хариуцлага хүлээлгүй өнгөрнө гэх яриа цахим орчинд гаарах болсон. Монгол Улсын хууль тогтоомжоор 14 нас хүрсэн хүн эрүүгийн хариуцлага хүлээх зохицуулалттай байдаг.

Гэхдээ хариуцлага хүлээлгэж байна гээд тухайн хүүхдийг нийгмээс тусгаарлах, сошиал орчинд “цаазлах” байдлаар хандаж болохгүй. Хүүхэд буруугаа ухамсарлаж, засарч, эргэн нийгэмших боломжийг нь олгох ёстой" гэлээ.