О.Цогтгэрэл: МАН-ын авлигажсан, мафижсан засгаас шударга ёс, хөгжил хүлээх боломжгүй
Ардчилсан Намын дарга О.Цогтгэрэл, Улсын баатар Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн, Ө.Шижир, Дорнод аймгийн Ардчилсан Намын дарга Э.Төмөрбаатар нар Дорнод аймгийн Баян-Уул сумын Ардчилсан Намын гишүүд, дэмжигчидтэй уулзлаа.
Намын дарга О.Цогтгэрэл хэлсэн үгэндээ “Эрх баригч нам авлигажсан, мафижсан системийг 10 жилийн турш угсарлаа. Ашигт малтмалын нөөц баялгийг хувааж идэж, төрийн нууцад авч, хусмаар нь сонгуулийг худалдаж авдаг улс төрийн бүлэглэл 10 гаруй жил хяналтгүйгээр төрийг барьсан болохыг бид өнөөдөр харж байна” гэв.
Тэрбээр үргэлжлүүлэн “Ардын Намын дарга нар авлигын гэмт хэргийг энгийн хэм хэмжээ болгож эрээ цээргүйгээр ил цагаан ярьцгаадаг боллоо. Энэ нь төрийн ёс зүй, хариуцлага алдагдсаны тод жишээ юм. Өнөөдөр бидэнд авлигын эсрэг ардчиллаа улам бэхжүүлэх, үнэт зүйлсээ хамгаалах, шинэ шатанд гаргах түүхэн үүрэг тулгарч байна. Тиймээс ил тод, хариуцлагатай, ёс зүй, сахилга баттай, авлигагүй Монголын төлөө хамтдаа зүтгэцгээе. Бид ялна. Ялах ёстой” хэмээв.
Түүнчлэн 04 дүгээр сарын 14-нд Төрийн нууцын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьснаа танилцууллаа. Уг хуулийн төсөлд Төрийн нууцын жагсаалтыг Засгийн Газар бус УИХ баталдаг байх, “албаны нууц” гэх ойлголтыг халах хоёр гол өөрчлөлтийг тусгасан байна.
Мөн төрийн нууцад хамаарах мэдээлэл өмнө нь 60 орчим байсан бол Засгийн Газрын тогтоолоор 4000 гаруй болж огцом нэмэгдсэн талаар онцлов.
Томилолтын үеэрх уулзалтуудад О.Цогтгэрэл дараах асуудлуудыг онцолсон байна. Үүнд тэрээр:
-Шударга ёс, хөгжил дэвшил, иргэдийн эрх ашигт тулгуурласан бодлогыг тууштай хэрэгжүүлж, дараалсан ялалтаар бататгана.
МАН-ын хийсэн хулгай, худлын өмнө хууль цааз бөхийж, авлига төгрөгөөр биш ам.доллароор, саяар биш тэрбум, их наядаар хэмжигдэх хэмжээнд хүрсэн. Үр дүнд нь бүхнийг дарга шийддэг тогтолцоо бий болж, иргэдийн амьжиргаа дордож, ядуурал, ажилгүйдэл гаарсан.
МАН-ын авлигажсан, мафижсан засгаас шударга ёс, хөгжил хүлээх боломжгүй. Тиймээс Ардын намын авлигажсан тогтолцоог нураах нь Ардчилсан Намын улс төрийн бодлогын цөм байх болно.
Ардчиллын шинэ тэмүүллийн суурь нь шударга ёс юм. Шударга ёс бол эрх мэдлийн тэнцвэр. Тиймээс давхар ялалтуудаар “Шинэ Монгол”-ыг хамтдаа бүтээж, иргэн төвтэй, шударга ёсонд тулгуурласан, хариуцлагатай засаглалыг байгуулна гэлээ.



































































Сэтгэгдэл