К.Стармер улс төрийн "сөрөх дайралт" хийхээр төлөвлөж байна

Aдмин / Гадаад мэдээ

ЛОНДОН, 2026 оны тавдугаар сарын 11 /Reuters/. Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер өөрийг нь албан тушаалаасаа огцрохыг шаардсан шахалт ирсээр буй энэ үед даваа гарагт буюу өнөөдөр үг хэлэхдээ Европын орнуудтай харилцаагаа сэргээх асуудлыг засгийн газрынхаа "гол зорилт" болгон зарлаж, улс төрийн "сөрөх дайралт" эхлүүлэхээр төлөвлөж байна.

Өнгөрсөн долоо хоногт болсон орон нутгийн сонгуульд эрх баригч Лейборист нам сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд томоохон ялагдал хүлээсний дараа К.Стармерын удирдлагад эргэлзэх нь нэмэгдэж, тус намын 30 гаруй хууль тогтоогч түүнд хандан огцрох эсвэл огцрох хугацаагаа зарлахыг шаарджээ.

Засгийн газрынхаа бодлогыг шинэчлэхэд чиглэсэн илтгэлдээ К.Стармер "алхам алхмаар өөрчлөлт хийх нь хангалтгүй" гэдгийг мэдэгдэж магадгүй байгаа ба эдийн засгийг сэргээх, Британийн арми, эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд шаардлагатай шинэчлэлүүд нь урьд өмнө төсөөлж байснаас илүү өргөн хүрээг хамарна гэдгийг онцлох аж. Түүнчлэн бүх нийтийн санал асуулгаар Их Британийг Европын Холбооноос гаргахаар шийдвэрлэснээс хойш 10 шахам жил өнгөрч буй энэ үед Европын орнуудтай харилцаагаа шинэ шатанд гаргаж, тус улсыг "Европын зүрхэнд" эргүүлэн авчирна гэж амлах аж.

Олон нийтийн санал асуулгаар британичуудын 60 орчим хувь нь "Брексит" бол алдаа байсан гэж үзэж байгаа бөгөөд Европын орнуудтай харилцаагаа гүнзгийрүүлэх нь Европын интеграцчлалыг эсэргүүцэгч бүлгүүд болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч магадгүй байна.

Лейборист намд чиглэлээ өөрчлөх "сүүлчийн боломж олдож байж" магадгүйг Шадар сайд асан Анжела Рэйнер анхааруулсны дараа К.Стармерт ирэх шахалт улам нэмэгджээ. Хэрэв К.Стармер ойрын долоо хоногуудад огцорвол Их Британи сүүлийн арван жилийн хугацаанд долоо дахь Ерөнхий сайдынхаа нүүрийг үзэх бөгөөд энэ нь тус улсын улс төрийн түүхэнд сүүлийн 200 жилийн хугацаанд үзэгдээгүй улс төрийн тогтворгүй үе байх болно.

Г.Энх-Од

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.