Ж.Гончигдорж: Эмийн түүхий эдийг түүхийгээр хэрэглэх нь найруулсан хорыг бодитоор ууж байгаа мэт эмгэг хам шинжийг өгдөг

Aдмин / Эрүүл мэнд

Иргэд ардын болон уламжлалт аргаар өөрсдийн эрүүл мэнд, дархлаагаа тэтгэх янз бүрийн оролдлогуудыг хийцгээдэг. Тухайлбал, яргуй болон яргуй идсэн ямааны мах, гөрөөсний элэг идэх, цус түүхийгээр уух зэргийг дурдаж болно. Энэ талаар уламжлалт анагаах ухааны салбарт хэрхэн бичиж тэмдэглэсэн байдаг тухай Уламжлалт анагаах ухааны "Манба дацан" нэгдсэн эмнэлгийн эмч Ж.Гончигдоржтой цөөн хором ярилцлаа.


-Хүмүүс яргуйг түүхийгээр нь идвэл биед сайн гэдэг. Энэ талаар тодруулбал?

-Уламжлалт анагаах ухаантай холбоотой нэг өгөгдөл байгаа нь яргуй бол ургамлын эмийн аймагт хамаардаг. Яргуйг түүх цаг, улирал гэж бий. Улирлын дагуу түүгээд зориулалтын эмийн тусгай түүхий эдийн технологиор номхотгол хийгдээд эмийн бүтээгдэхүүнд тун хэмжээгээр ордог. Яг байгаль дээр ургасан, ургаж байгаа яргуйг шууд идэх юм бол яргуй өөрөө маш халуун чанартай учраас элэг, цөс, нойр булчирхайны өвчтэй хүмүүст маш түргэн үйлчилж, хордлогын шинж өгдөг. Энэ тохиолдолд тухайн хүн яаралтай эмнэлгийн байгууллагад хандах, хэрэв оройтвол амь насанд ч эрсдэлтэй.Яргуй гэдэг ургамлын үндсэн мөн чанар нь уламжлалт тал дээр ходоодны галын илчийг тэтгэх буюу хоол боловсруулалтыг дэмжих халуун чанарын ургамлын аймагт ордог. Аливаа эмийн түүхий эдийг түүхийгээр нь хэрэглэнэ гэдэг найруулсан хорыг бодитоор ууж байгаа юм шиг эмгэг хам шинжийг өгдөг. Хүмүүс ам дамжсан байдлаар нэгнээсээ буруу мэдээлэл авч, өөрсдийн бие дээр хэрэгжүүлж байгаа нь эрүүл мэндийн боловсрол, мэдлэг дутуу байгаатай холбоотой. Мөн уламжлалт анагаах ухааныг ардын анагаах ухаанаас ялгаж ойлгох хэрэгтэй.

Ардын анагаах ухаан нь ард түмнээс ам дамжсан, судлагдаагүй, нотлогдоогүй мэдээлэл дээр тулгуурлаж хүмүүс өөрсдөдөө эмчилгээ үйлчилгээ авч байна. Уламжлалт анагаах ухаан бол яг тухайн хүний эмнэл зүй дээр нотлогдсон, эмнэл зүйн сүүлийн үеийн тодорхой лабораторийн шинжилгээнүүд дээр тулгуурласнаараа ялгаатайг ойлгох хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд, яргуйг түүхийгээр хамаагүй иддэггүй шүү. Идлээ гэхэд эмийн технологиор номхотгосон хэлбэрээр авч хэрэглэх тохиолдол байдаг.

-Тэгвэл яргуй идсэн ямааны мах идэх нь зөв үү, хүний биед хэр тустай вэ?

-Уламжлалт анагаах ухаанд ямааны махыг сэрүүн чанартай гэдэг. Ямааны махыг цаг улирлын хувьд намрын улиралд хүний шар махбод, шарын хямрал давамгайлсан үед идэхэд элэг цөсний өвчтэй хүнд бол рашаан адил нөлөөгөө өгнө.Түүнээс биш хавар, зуны цагт хүний биед хий хөдөлж байдаг учир яргуй идсэн ямааны мах нөлөө багатай. Эргээд хүний биед хий хөдлөх, нойргүйдэх, даралт ихсэх, хийдэх хам шинжүүд гарах боломжтой. Тэгэхээр яргуй идсэн ямааны мах, яргуй идсэн хонины мах гэж ярих нь буруу юм.

-Сүүлийн үед хүмүүс адууны засаа түүхийгээр нь идэж байна гэх юм. Энэ нь уламжлалт анагаах ухаанд байдаг жор уу, хүний биед ямар хэрэгтэй юм бэ?

-Уламжлалт анагаах ухаанд амьтны гаралтай түүхий эдийн эмийн бүтээгдэхүүнүүдэд адууны засаа орох тохиолдол байдаг. Гэвч үүнийг сая хэлсэнчлэн тусгай зааврын дагуу уламжлалтад мэргэжлийн хэллэгээр номхотгоно гэж хэлдэг. Номхотгоод, эмийн түүхий эд рүү хувиргасны дараа хэрэглэдэг болохоос яг тэр байгаль дээр байгаа амьтны түүхий засаа идэх бол байж боломгүй зүйл. Адаглаад гэдэсний халдварт өвчин, цаашлаад ходоод, гэдэс, элэг, цөс, нойр булчирхай хүчтэй цочрол авч үүнээс үүдэн зүрх хаагдах, уналт таталт болох ба ихэвчлэн эрэгтэйчүүд түрүү булчирхайны алдагдалд орно. Түүнчлэн иргэд буруу ташаа мэдээллээр тархиа угаалгаж эрүүл мэндээрээ бүү хохироосой гэж хэлмээр байна. Эцэг малын засаанд тестостерон дааврыг нэмэгдүүлэх явц байдаг. Үүнийг түүхийгээр нь идэх юм бол эргээд хордлогын шинж өгнө. Малаас хүнд дамжих халдварт өвчнүүдийг адаглаад авна. Түүнээс хүний хүсч байгаа тамир тэнхээ, дархлаа, бэлгийн чалх нэмэгдүүлэх талын үр нөлөө гарахгүй. Харин ардын эмчилгээнд чанаад хэрэглэвэл эрүүл мэндэд тустай. Гэхдээ хэт настай хүмүүс хэрэглэх нь зохимжгүй.

-Гөрөөсний халуун элэг, халуун цус хэрэглэж цусаа төлжүүлж байна гэх мэдээлэл бий. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Уламжлалт анагаах ухаанд ургамлын болон амьтны гаралтай эрдэс түүхий эдүүдийг ашиглаж байгаа. Гэхдээ гөрөөсний элгийг идсэнээр шууд цусан хангамж нэмэгдэнэ, цусны эргэн төлжилт сайжирна гэдэг нь буруу ташаа мэдээлэл. Харин эмийн түүхий эдтэй хамтад нь найруулсан амьтны гаралтай эрдсүүд байдаг. Хонины элгийг шүүрхийгээр нь идвэл цусыг төлжүүлэхэд тустай юм байна гэдгийг шинжлэх ухаан нотолсон, уламжлалт анагаах ухаанд ч дурдсан байдаг. Аливаа нэг таван цул, зургаан сав эрхтэн тогтолцоо бүхий физиологитой амьтдын тухайн эрхтэн тогтолцоонууд хүний биед үзүүлэх нөлөөлөл байдаг. Бөөр муутай хүнд хонины бөөрийг чанаад хэрчээд бууз, банш хийж идэх нь тустай гэдэг. Ер нь бол ардын болон ам дамжсан ташаа мэдээллүүдийг сайн нягталж судлахгүйгээр эрүүл мэндээ эрсдэлд оруулалгүй, мэргэжлийн байгууллагад хандаж байгаарай. Мэргэжлийн бус хүмүүсийн сошиалд мэдээлэл нийтлэх байдлыг зогсоогоосой гэж хэлье. Гөрөөсний элэг бол маш аюултай. Хорт нэгдлүүд агуулсан байдаг. Цианидын төрлийн хорт нэгдлийг агуулсан байдаг учраас огцом нэг аягаар дамжуулж уух юм бол судасны хана хатуурах, хатуурсантай холбоотой зүрх зогсох эрсдэлийг нэмэгдүүлдэг. Уламжлалт анагаах ухаанд амьтны гаралтай түүхий эд ашиглах үе байна. Ургамлын гаралтай түүхий эдээ илүү түлхүү ашиглана. Ер нь цусыг төлжүүлэх хамгийн зөв арга бол хооллолт юм. Бид юу иднэ, тэр хоолны охь шим элгэн дээр боловсорч, эргээд биеийг төлжүүлж байдаг. Шөлтэй хоолыг маш сайн иддэг байх хэрэгтэй. Энэ нь цус төлжилтийг дэмжиж байдаг. Мөн давсны хэрэглээг бууруулах, дасгал хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэх, шөнийн нойрыг чанартай авах гэх мэт зүйлд анхаарах нь чухал.

Б.Нандинцэцэг

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.