ТБХ: “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Aдмин / Улстөр

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2026.05.26/ хуралдаан 11 цаг 57 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.

Байнгын хорооны дарга Н.Наранбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу хуралдааны ирцийг гишүүн бүрийн нэрээр танилцуулав. Тус Байнгын хорооны 30 гишүүний 16 нь буюу Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Х.Болормаа, Ж.Батжаргал, Р.Батболд, Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Г.Ганбаатар, Б.Заяабал, Д.Жаргалсайхан, Л.Мөнхбаясгалан, Б.Мөнхсоёл, Н.Наранбаатар, П.Сайнзориг, Д.Цогтбаатар, Д.Үүрийнтуяа, Д.Энхтүвшин нар хүрэлцэн ирснээр хуралдаан 53.3 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Байнгын хорооны даргын танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин “Шинжээч томилох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хойшлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 32 гишүүнээс 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Төсөл санаачлагч гишүүн Ж.Баярмаа танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39.4.1-т заасны дагуу нийтийн өргөдлийн цахим системд иргэн Р.Шинэгэрэлийн байршуулсан Хувь хүний орлогын албан татварын хэмжээг 1.0 хувь болгон бууруулах өргөдлийг 100187 иргэн зургаан хоногийн дотор дэмжсэн гэдгийг тодотгоод дэмжигчдийн 84 мянга нь 18-40 насны залуус, 57 хувь нь эмэгтэйчүүд байсан нь иргэдэд татварын хувь, хэмжээг бууруулах асуудал нь ус, агаар мэт хэрэгтэйг харуулж байна гэлээ.

Татварын бодлогын хувьд Монгол Улс өнөөг хүртэл иргэдийн орлого, хувийн хэвшлийн өсөлтийг дэмжихээс илүүтэйгээр татвар хуримтлуулах замаар төсвийн зарлагаа санхүүжүүлэх чиглэл нь давамгайлж иржээ. Үүний үр дүнд сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын төсвийн орлого 6 их наяд төгрөгөөс 33.5 их наяд төгрөг болж 5.5 дахин өссөн байна. Гэтэл энэ хугацаанд иргэдийн голч цалин ердөө 3.2 дахин өсжээ. Өөрөөр хэлбэл, төрийн орлого иргэдийнхээсээ илүү хурдтай нэмэгджээ гэдгийг танилцуулгадаа онцлон тэмдэглэв.

Мөн тэрбээр, өнөөдөр хөдөлмөр эрхэлж шударгаар татвар төлж буй цалинтай иргэд дундаж давхаргын жишгээр хуримтлал үүсгэж хөрөнгөжиж чадахгүй, эсрэгээрээ инфляц, зээлийн дарамт, татвар нийгмийн даатгалын шимтгэлийн ачаалалд хамгийн их өртөж, өрнөөс өрний хооронд амьдарч буйг дурдаад хуулийн төсөл нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан татварын хэмжээг 1.0 хувь болгон бууруулах агуулгатай гэв. Энэхүү өөрчлөлтөөр иргэдийн гар дээр үлдэх бодит орлого нэмэгдэн, худалдан авах чадвар сайжирч, хөдөлмөр эрхлэх идэвх нэмэгдэнэ. Мөн цалингаа нуух, бэлэн мөнгөөр тооцоо хийх зэрэг сүүдрийн эдийн засаг хумигдана. Хувиараа бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт хийх сонирхол нэмэгдэн, дундаж давхаргыг бодлогоор дэмжих нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ. Түүнчлэн татварын таатай орчин нь жижиг, дунд бизнес үйлчилгээний салбарын орлогыг дэмжсэнээр татварын бааз суурь нэмэгдэж эдийн засаг дахь цусны эргэлт сайжрах ач холбогдолтой гэж байлаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Жаргалсайхан, С.Цэнгүүн, Д.Энхтүвшин, Д.Үүрийнтуяа, Н.Алтанхуяг, Ө.Шижир, Х.Ганхуяг, Б.Пунсалмаа нар асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Жаргалсайхан хуулийн төсөл батлагдсанаар айл өрхүүдэд хэдий хэрийн дэмжлэг очиж, татварын дарамтаас хэрхэн, яаж чөлөөлөгдөх талаар лавлав.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин жилийн дундуур татварын хуульд оруулж байгаа өөрчлөлт нь зардалтайгаа уялдахгүй байгааг төсөл санаачлагчид хэрхэн дүгнэж буйг тодотгоод хүн амын орлогын албан татвар сум, дүүргийн төсвийг бүрдүүлдэг. Тэгэхээр энэхүү сум, дүүргүүдийн татварын орлого 2.7 их наяд төгрөгөөр буурч байгааг хэрхэн, яаж нөхөх гэж буй талаар ажлын хэсгээс лавласан. Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа уг татварын хэмжээг 1.0 хувь болгосноор гарах үр дүн цаашлаад нийт хөнгөлөлт нь бага, дунд орлоготой иргэдэд хэдэн хувиар, хэрхэн очих талаар судалгаа хийсэн эсэхийг тодруулж, хариулт авсан.

Ингээд "Хувь хүний орлогын татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье" гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 52.9 хувь нь дэмжсэнгүй. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Дараа нь “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.14-т “Гишүүн, нам, эвслийн бүлэг энэ хуулийн 39.17-д заасан зарчмын зөрүүтэй саналаа хууль, тогтоолын төслийг яаралтай горимоор хэлэлцэж байгаагаас бусад тохиолдолд холбогдох Байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулахаас ажлын 2-оос доошгүй өдрийн өмнө бичгээр урьдчилан ирүүлсэн байна” гэж заасны дагуу ирүүлсэн саналуудаар санал хураалаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.