БНХАУ-ын эрэлтийн төлөв Монголын 2026 оны эдийн засгийн гүйцэтгэлд шийдвэрлэх нөлөө үзүүлнэ

Aдмин / Эдийн засаг

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ​

Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн долоо хоногт нийт 6.4 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй 4.9 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үнийн дүнгээр Инвескор ББСБ ХК, Хас Банк ХК, Ард санхүүгийн нэгдэл ХК, Хаан банк ХК болон АПУ ХК тэргүүлсэн бол энэ хугацаанд нийт 4 удаагийн багцын арилжаа хийгджээ. Тухайлбал:

  • Инвескор ББСБ ХК-ийн (INV) 104 мянган ширхэг үнэт цаас нэгжийн 10,470 төгрөгөөр буюу нийт 1.1 тэрбум төгрөгөөр;
  • Ард санхүүгийн нэгдэл ХК-ийн (AARD) 188 мянган ширхэг үнэт цаас нэгжийн 3,413 төгрөгөөр буюу нийт 641 сая төгрөгөөр;
  • Инвескор ББСБ ХК-ийн (INV) 55 мянган ширхэг үнэт цаас нэгжийн 10,950 төгрөгөөр буюу нийт 602.3 сая төгрөгөөр;
  • Ард санхүүгийн нэгдэл ХК-ийн (AARD) 74.3 мянган ширхэг үнэт цаас нэгжийн 5,000төгрөгөөр буюу нийт 371.4 сая төгрөгөөр тус тус арилжаалагджээ.

Өнгөрсөн долоо хоногт Монголын хөрөнгийн биржийн гол индексүүд харилцан адилгүй хөдөлгөөнтэй хаагдаж, зах зээлийн төлөв ерөнхийдөө тогтвортой хадгалагдав. ТОП-20 индекс 0.33%-иар өсөж 51,415.52 нэгжид хүрсэн бол MSE А индекс 1.04%-иар нэмэгдэн 19,705.42 нэгжид хаагдсан нь зах зээлийн үнэлгээ өндөртэй, идэвхтэй арилжаалагддаг хувьцаанууд өсөлтийг дэмжсэнийг илтгэж байна. Харин MSE В индекс 0.57%-иар буурч 14,179.79 нэгжид хүрсэн нь жижиг, хөрвөх чадвар багатай компаниудын хувьцааны хөдөлгөөн сул байсныг харууллаа. Мөн шинээр тооцогдож буй FTI индекс 1.56%-иар өсөж 1,044.25 нэгжид хүрсэн нь тодорхой бүлэг хувьцааны сегментэд өсөлт илүү идэвхтэй байсныг илтгэж байгаа бөгөөд хөрөнгө оруулагчдын сонирхол шинэ индексүүд рүү шилжиж эхэлж буйн дохио боллоо.

FTI индекс буюу Фьючер Тек Инновэйшн Индекс”-ийн индексий багц нь АНУ-ын биржид бүртгэлтэй ETF буюу биржээр арилжаалагддаг 17 сангаас бүрдэх бөгөөд технологи, инновац, эрчим хүч болон түүхий эдийн салбарын гүйцэтгэлийг илэрхийлэх шинэ индекс юм. Нийт дүнгээр индексүүдийн хөдөлгөөнөөс харахад зах зээлийн өсөлт голлон том болон чанартай хувьцаан дээр төвлөрч, бусад сегментэд харьцангуй сул хэвээр хадгалагдсан байна.

ИНФЛЯЦ 11 ХУВИАС ДЭЭШ ӨСЛӨӨ

Хэрэглээний үнийн индекс 2 сар дараалан нэмэгдэж 2026 оны 5-р сард Улсын хэмжээнд 11.2%, Улаанбаатар хотын хэмжээнд 11% хүрчээ. Энэ нь сүүлийн 3 жил дэх хамгийн өндөр инфляцын дүн болоод байна.

Инфляцын түвшин 2026 оны 5 дугаар сард улсын хэмжээнд 11.2 хувь гарсны 6.4 (57.3%) нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлт байжээ. Үүн дотроо нийт инфляцын 4.4 нэгж хувийг мах, махан бүтээгдэхүүний үнийн өсөлт бүрдүүлсэн бол 3.9 нэгж хувь нь дотоодын барааны үнийн өсөлтөөс шалтгаалжээ. Харин бензин, түлш, хатуу түлш болон импортын барааны үнийн нөлөөлөл харьцангуй тогтвортой түвшинд хадгалагдсан байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад мах, махан бүтээгдэхүүний үнэ 46.7 хувиар өссөн бол талх, гурил, будааны бүлгийн бүтээгдэхүүний үнэ 9.4 хувиар нэмэгджээ.

2026 оны 5 дугаар сарын байдлаар үхрийн цул махны дундаж үнэ нэг килограмм нь 36,257 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 55.1 хувиар өссөн байна. Харин 1 дүгээр зэргийн гурилын үнэ өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар өсөж 2,507 төгрөгт хүрсэн бол АИ-92 бензиний үнэ 2,590 төгрөг болж 6.2 хувийн өсөлттэй гарсан байна.

УУЛ УУРХАЙН ӨСӨЛТ ЭДИЙН ЗАСГИЙН ГОЛ ХӨДӨЛГӨГЧ ХҮЧ ХЭВЭЭР БАЙНА

Монгол Улсын эдийн засаг 2026 оны эхний дөрвөн сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 7.8 хувиар өссөн байна. Энэхүү өсөлтөд уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 30 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Салбарын ангиллаар авч үзвэл нийт эдийн засгийн өсөлтийн 4 нэгж хувийг уул уурхайн салбар, 2.1 нэгж хувийг үйлчилгээний салбар, 1.3 нэгж хувийг хөдөө аж ахуйн салбар тус тус бүрдүүлсэн байна.

Засгийн газрын төсөөллөөр 2026 онд Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт 5.7 хувьд хүрч, нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 100 их наяд төгрөгийг давах төлөвтэй байгаа ба олон улсын байгууллагуудын төсөөллөөр Монгол Улсын эдийн засгийн өсөлт ойрын хугацаанд тогтвортой 5-5.5 хувьд хадгалагдана гэж үзэж байгаа юм. Тухайлбал, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк 2026 оны эдийн засгийн өсөлтийг 5.5 хувь, Дэлхийн Банк 5.0 хувь, Азийн Хөгжлийн Банк 5.1 хувь байхаар тус тус төсөөлөөд байна.

Эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь уул уурхайн салбар хэвээр байгаа бөгөөд нүүрсний экспортын хэмжээ болон БНХАУ-ын эрэлтийн төлөв нь 2026 оны эдийн засгийн гүйцэтгэлд шийдвэрлэх нөлөө үзүүлэхээр байна.

ГАДААД ВАЛЮТЫН НӨӨЦ 7.7 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ДАВЛАА

Монгол Улсын гадаад валютын улсын нөөц 2026 оны 5 дугаар сарын эцсийн байдлаар 7.73 тэрбум ам.долларт хүрч, түүхэн дээд түвшинд хүрлээ. Энэ нь оны эхнээс 727.8 сая ам.доллар буюу 10.4%-иар, өмнөх сараас 406.0 сая ам.доллар буюу 5.5%-иар өссөн үзүүлэлт болж байна.

Гадаад валютын нөөцийн өсөлтөд уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлого нэмэгдсэн, мөн дотоодын арилжааны банкнууд олон улсын зах зээлээс гадаад эх үүсвэр татсан нь голлон нөлөөлжээ. Зэс, нүүрсний экспортын өсөлт нь валютын урсгалыг нэмэгдүүлж, төв банкны нөөцийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

Гол үзүүлэлтүүд:

  • Гадаад валютын улсын нөөц 7.73 тэрбум ам.долларт хүрч, түүхэн дээд түвшинд хүрэв.
  • Олон улсын нөөц нь валютын төлбөртэй барааны импортын 7.3 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрчээ.
  • Богино хугацаат гадаад өр төлбөрийн 275%-тай тэнцэх хэмжээний нөөц бүрдсэн байна.

Нөөцийн хүрэлцээний үзүүлэлтүүд олон улсын түгээмэл ашиглагддаг шалгуураас давсан түвшинд хүрсэн нь Монгол Улсын гадаад төлбөрийн чадвар болон санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлж байна. Тухайлбал, одоогийн нөөц нь бараа, үйлчилгээний импортын 5.3 сарын хэрэгцээг хангах боломжтой байгаа нь гадаад зах зээлийн савлагаа, түүхий эдийн үнийн хэлбэлзлийн үед эдийн засгийг хамгаалах чухал хэрэгсэл болж байна. Нөөцийн өсөлт экспортын өндөр орлогоор дэмжигдэж байгаа хэдий ч цаашдын тогтвортой байдал нь уул уурхайн экспортын гүйцэтгэл болон дэлхийн түүхий эдийн зах зээлийн нөхцөлөөс хамаарна.

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.