Ж.Баярмаа: Энэ парламентын олонх татвар бууруулах улс төрийн зориггүй байна

Aдмин / Улстөр

- МОНГОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЭРХ БАРИГЧДЫН ЛОГИК ЭСРЭГЭЭРЭЭ БАЙНА -

УИХ-ын гишүүн Ж.Баярмаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-УиХ-ын чуулган, байнгын хороодын хуралдаанаар таны санаачилсан цалингаас үл хамаарч ХХОАТ-ыг нэг хувь болгох хуулийн төслийг дэмжсэнгүй. Угтаа хүн бүрийн анхаарч, хүсэж байсан хуулийн төсөл гэж ойлгож байгаа. Энэ талаар та байр сууриа хэлэхгүй юу?

-Энэ бол миний хувьд харамсалтай гэхээсээ илүү эрх баригчдын жинхэнэ нүүр царайг харуулсан үйл явдал болсон. 100 мянга гаруй иргэн зургаахан хоногийн дотор дэмжсэн асуудлыг УИХ дэмжээгүй. Энэ бол нэг хүний санаачилга биш, цалингаар амьдардаг олон зуун мянган өрхийн бодит шаардлага байсан. Монголд өнөөдөр инфляци, НДШ, НӨАТ, шатахуун, байрны зээл, хүнсний үнэ бүгд иргэний халаасаас гарч байна. Гэтэл төр хамгийн түрүүнд иргэний цалингаас 10 хувь суутгаж авдаг тогтолцоогоо хамгаалж үлдлээ. ХХОАТ-ын тухай хуулийн 7.1-д цалин, хөдөлмөрийн хөлсийг татвар ногдох орлого гэж тодорхойлсон. Тус хуулийн 21.1-д өнөөдөр 10, 15, 20 хувийн шатлалтай татвар ногдуулж байна. Миний санал бол энэ дарамтыг нэг хувь болгож, хөдөлмөр эрхэлж байгаа хүнийг шийтгэдэг бус дэмждэг татварын систем рүү шилжих байсан. Эрх баригчид төсвөө танахын оронд иргэний цалинг татварлах замаа үргэлжлүүлэхийг сонголоо.

Төр өөрөө хэмнэх болохоороо ургаа хад шиг хөдлөхгүй, иргэний халаас руу гараа хийж, идэж үрэх болохоороо уургын морь шиг хурдан урагшлах юм.

-Хоёр сая хүртэлх цалин авч байгаа иргэний ХХОАТ нэг хувь болгосон гэж ойлгож болох уу. Энэ ямар учиртай, ямар ач холбогдолтой юм бэ?

-Тийм гэж ойлгож болно. Гэхдээ энэ бол бидний өргөн барьсан нэг хувийн реформ биш. Эрх баригчид бидний саналыг бүрэн биш, хагас дутуу авлаа л гэсэн үг. Хоёр сая хүртэлх цалинтай иргэд өнөөдөр Монголд 545.000 орчим буюу нийт хөдөлмөр эрхлэгчдийн 53-57 хувь нь байна.

Тиймээс энэ хагас алхмыг жадлан эсэргүүцэх бас боломжгүй л байна. Уг асуудал нь зөвхөн хоёр саяас доош цалинтай хүмүүст биш байгаа юм. Учир нь Монголд 2.5 сая, гурван сая, дөрвөн сая төгрөгийн цалин авч байгаа хүн бол баян хүн биш. Тэр хүн байрны зээлтэй, хүүхдийн сургалтын төлбөртэй, хүнсний зардалтай, НДШ төлдөг, НӨАТ төлдөг жирийн дундаж давхарга. Тиймээс хоёр сая хүртэлх орлогод нэг хувь болгочихоод “татвар буурлаа” гэж улс төрийн оноо авах нь хангалтгүй. Миний санал бол бүх цалин хөдөлмөрийн орлогод нэг хувь болгох, хөдөлмөр эрхэлж байгаа бүх хүнийг ижил зарчмаар дэмжих тухай байсан. Энэ бол халамжийн бодлого биш, хөдөлмөрийн бодлого.

-Хэдий хуулийн төсөл унасан ч тодорхой хэмжээгээр өөр зохицуулалтаар татварын хөнгөлөлтийг хийж байна гэсэн үг үү?

-Тийм. Гэхдээ энэ хөнгөлөлт өөрөө юуг харуулж байна вэ гэхээр эрх баригчид анхнаасаа “боломжгүй” гэж ярьж байсан зүйл нь боломжтой байсан гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Татварын ерөнхий хуулийн 10.1-д татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн хэлбэрийг тодорхой заасан. Тэнд татварын хувь хэмжээг бууруулах, ногдуулсан татварыг хорогдуулах, тодорхой орлогыг чөлөөлөх боломж бий. Өөрөөр хэлбэл, хууль зүйн хувьд боломжгүй зүйл огт байгаагүй. Харин улс төрийн хүсэл байсан уу гэдэг нь өөр асуудал. Миний харж байгаагаар эрх баригчид иргэдийн шахалт, 100 мянган хүний дэмжлэг, олон нийтийн дарамтаас болж урагш нэг алхлаа. Гэхдээ системийн реформоос зугтлаа. Энэ удаагийн үйл явдал миний хувьд эцсийн шийдэл биш, эхний алхам гэж үзэж байна.

-ХХОАТ-ыг нэг хувь болгох асуудлыг анх хэзээнээс тооцож, судалж, мөн хуулийн төсөл болгон өргөн барьсан юм бэ?

-Энэ бол гэнэт гаргасан популист санал биш. Олон жилийн турш Монголын татварын бүтэц, төсвийн зардал, хөдөлмөрийн зах зээл, далд эдийн засаг, flat tax буюу тогтмол татвартай улс орнуудын туршлагыг судалж ирсэн. Монголд ХХОАТ-ын гол ачааг цалинтай иргэд үүрдэг. 2024 оны бүтцээр ХХОАТ-ын орлогын дийлэнх буюу 80 гаруй хувь нь цалин хөдөлмөрийн орлогоос бүрдэж байна.

-Энэ нь юу гэсэн үг вэ?

-Татварын систем маань хамгийн ил тод, хамгийн шударгаар ажиллаж байгаа хэсгээ буюу цалинтай иргэдээ хамгийн амархан саадаг гэсэн үг. Олон улсын хувьд Эстони, Латви, Гүрж зэрэг улсууд хөдөлмөр, хөрөнгө оруулалт, бизнесийн идэвхийг дэмжихийн тулд энгийн, бага хувьтай, ойлгомжтой татварын систем рүү шилжсэн туршлага бий. Эстони 1990-ээд оноос flat tax загвараар хөрөнгө оруулалт татсан. Гүрж татварын тоо, хувь хэмжээг бууруулж, бизнесийн орчноо огцом сайжруулсан. Тэдний гол сургамжаар бол татварын систем энгийн байх тусмаа эдийн засаг илүү ил тод болдог. Монголд эсрэгээрээ татвар өндөр, тайлагнал төвөгтэй, төрийн зардал хэт данхайсан байна. Үүнийг өөрчлөхгүйгээр эдийн засаг сэргээх тухай ярих нь хоосон лоозон.

-Та хэлж байсан. Эрх баригчид үнэхээр татвараа буулгах, эдийн засгаа сэргээх гэж байгаа бол ХХОХТ-ыг нэг хувь болгох асуудлыг шийдэхээс өөр логик байхгүй гэж. Гэтэл тэдэнд үнэхээр ийм бодол, бодлого байхгүй гэдэг нь харагдаж байна уу?

-Амлахдаа тэд “бизнесийг дэмжинэ” гэж ярьдаг. Гэтэл үйлдэл нь татвар нэмдэг дүр зургийг бид сүүлийн 10 жил харлаа. Хэрэв үнэхээр эдийн засгаа сэргээх гэж байгаа бол хамгийн эхний алхам нь хөдөлмөрийн орлогын татварыг бууруулах ёстой. Яагаад гэвэл цалин бол хэрэглээ болдог. Хэрэглээ нь бизнесийн орлого болдог. Бизнесийн орлого нь ААНОАТ, НӨАТ, ажлын байр, хөрөнгө оруулалт болж буцаж ирдэг. Гэтэл эрх баригчдын улсаа хөгжүүлэх логик эсрэгээрээ байна. Тэд “Иргэнээсээ эхлээд авъя, төрийн зардлаа дараа нь ярья” гэж байна. Миний логик бол “Төрөөсөө эхлээд хэмнэе, иргэнээ амьсгаа авахуулъя” гэсэн логик. Өнөөдөр төсөв олон их наядаар өссөн. Том төслүүдийн өртөг хэдэн их наядаар яригдаж байна. Тэгсэн мөртлөө цалинтай иргэний 10 хувийг бууруулах болохоор “төсөв алдагдана” гэж айлгадаг. Энэ бол эдийн засгийн маргаан биш, улс төрийн хоёр нүүр.

-Та энэ хуулийн төслөө дахин өргөн барих уу. ХХОАТ-ыг нэг хувь болгох асуудлыг энэ парламент, эрх баригчид ер нь шийдэж чадахгүй юм биш үү?

-Өргөн барина. Энэ асуудал нэг удаагийн санал хураалтаар дуусахгүй. 100 мянган иргэн дэмжсэн асуудлыг би архивт хийхгүй. Харин ч илүү тооцоо, баримт, олон нийтийн шахалттайгаар дахин оруулна. Энэ парламент шийдэж чадах уу гэдэг нь өнөөдрийн байдлаар эргэлзээтэй байна. Учир нь энэ парламентын олонх татвар бууруулах улс төрийн зориггүй байна. Тэд төсвийн зардлаа танахаас айж байна. Төрийн данхайсан бүтцийг хөндөхөөс айж байна. Алдагдалтай төсөл, татаас, үр ашиггүй хөрөнгө оруулалтаа зогсоохоос айж байна.Гэхдээ татвар бууруулах шаардлага алга болохгүй. Харин ч инфляци, өрхийн зардал, бизнесийн дарамт нэмэгдэх тусам энэ асуудал улам хүчтэй эргэж ирнэ.

-Нийслэлийн төсөв, том төслүүдийн хүрээнд сонсгол болсон. Таны хувьд ажлын хэсэгт багтан ажилласан. Энэ асуудлаар та тодорхой байр сууриа хэлэхгүй юу?

-Чухал сонсгол болсон. Яагаад гэвэл сүүлийн жилүүдэд нийслэлийн төсөв, нийслэлийн нэрээр хэрэгжиж байгаа том төслүүдийн өртөг хяналтаас гарсан. Туулын хурдны зам, метро, дүүжин тээвэр, зам гүүр, газар чөлөөлөлт гэх мэт төслүүд бүгд хэдэн зуун тэрбум, их наядаар яригдаж байна. Иргэд түгжрэлээс салъя гэж хүссэн. Харин эрх баригчид түгжрэлийг далимдуулж асар өндөр өртөгтэй төслүүдийг шахаж эхэлсэн. Төсвийн тухай хуулиар орон нутгийн төсвийн орлого, зарцуулалт тодорхой бүтэцтэй. ХХОАТ ч орон нутгийн төсөвтэй шууд холбоотой орлого. Тиймээс иргэдээс авч байгаа татвар хаашаа, ямар төсөлд, ямар үр ашигтай зарцуулагдаж байгааг ил тод болгох нь зайлшгүй. Нийслэл нэг талаас иргэдийн татварын мөнгөөр амьдардаг. Нөгөө талаас иргэдэд тайлагнахдаа маш сул байна. Энэ сонсголын гол зорилго бол үүнийг задлах, нийслэлийн төсвийг ил тод нээлттэй, олон нийтэд мэдээлэхэд чиглэсэн.

-Туулын хурдны замын төслөөс хэчнээн хэмжээний мөнгө идэж уусан байна, мөн өөр төсвийн хулгай, луйвартай холбоотой нийслэлд ямар асуудал сонсголын хүрээнд яригдсан бол...?

-Одоогоор “тэдэн төгрөг идсэн” гэж шууд хэлэх нь хууль зүйн хувьд болгоомжтой хандах асуудал. Түгжрэл бол бодит асуудал. Гэхдээ түгжрэл нэрээр төсвийн хулгай хийхийг зөвшөөрч болохгүй. Иргэдийн зовлонг төсвийн бизнес болгож болохгүй. Аудит, шинжээчдийн дүгнэлтээр олон төсөв, арга хэмжээ зураг, төсөвгүй, магадлал хийлгээгүй эхэлчихсэн байдаг юм байна. Сүүлийн хоёр жилд төсөвтөө нийт есөн удаа тодотгол хийсэн нь анхнаасаа төлөвлөлтөө муу хийдгийн илрэл. Том дүнтэй мега төслүүд нь эрэмбэлэлтгүй эхэлдэг гэсэн дүгнэлт гарсан. Жишээ нь, 170 гаруй тэрбум төгрөгийн зээлээр Арцат-Өнөр хорооллын чиглэлд дүүжин тээвэр барьсан нь яг хотын, яармагийн түгжрэлийг бодитоор бууруулах төсөл мөн эсэх нь эргэлзээтэйгээр батлагдаж байна. Хамгийн гол нь энэ бүхэнд хяналт тавих үүрэгтэй НИТХ-ын төлөөлөгчид нь орон нутгийн компаниудын ТУЗ, нийслэлийн газруудад давхар ажиллаж, цалин урамшуулал авдаг болчихсон байна.Тиймээс үндсэн үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болсон байх жишээний.

-Сонсголын үр дүн юу байх ёстой гэж та харж байна вэ?

-Сонсгол шоу болоод дуусах ёсгүй. Дараах бодит үр дүн гарах ёстой. Нэгдүгээрт, Иргэдийн хурал нь төсөв, Засаг дарга буюу гүйцэтгэх субьекттэйгээ ажил авах замаар нэг тал болох бус тэдэндээ хяналт тавих бүрэн эрхээ хэрэгжүүлэх чиглэлд эрх зүйн өөрчлөлт хийх. Хоёрдугаарт, цаашид бүх том төслийн өртөг, ТЭЗҮ, гэрээ, тендер, санхүүжилтийн эх үүсвэрийг бүрэн ил болгох ёстой. “Нууц”, “албан хэрэгцээнд” гэдэг нэрээр төсвийн мөнгийг хааж нууж болохгүй. Гуравдугаарт, зөрчил илэрвэл улс төрийн бус, хууль зүйн хариуцлага явах ёстой. Албан тушаалтан, гүйцэтгэгч, зураг төсөл боловсруулагч, зөвлөх компани гээд хэн шийдвэр гаргасан, хэн мөнгө авсан, хэн хариуцах вэ гэдгийг нэр устай нь гаргах ёстой. Дөрөвдүгээрт, цаашид нийслэлийн том төслүүдэд хатуу босго тавих ёстой. 100 тэрбумаас дээш төсөл бүр дээр олон улсын өртгийн харьцуулалт, нээлттэй ТЭЗҮ, бие даасан аудит, иргэдэд тайлагнах шаардлага заавал тавих хэрэгтэй.

Эцэст нь нэг л зүйл хэлнэ. Иргэдээс татвар авахдаа төр маш хатуу байдаг. Харин татварын мөнгийг зарцуулахдаа өөртөө маш зөөлөн байдаг. Энэ шударга бус байдлыг л таслах ёстой.

Э.МӨНХТҮВШИН

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.