Хурдан морины өндрийг гэрлийн хурдаар хэмжих төхөөрөмжөөр хэмжинэ
Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооноос зохион байгуулалтад гарсан өөрчлөлтийн талаар мэдээлэл өгөв.
Энэ жил морины стандартыг шинээр баталжээ. Ингэхдээ даага, шүдлэнгийн сэрвээний өндрийг 1 см-аар нэмж авч үзэх юм байна. Тухайлбал, даага 127 байсан бол 128, шүдлэн 132 байсан бол 133-аар өндрийг нь авна гэсэн үг. Мөн энэ жил гэрлийн хурдаар морь хэмжих төхөөрөмжийг ашиглах бөгөөд уг төхөөрөмжийг Стандарт хэмжил зүйн газраар албан ёсоор баталгаажуулсан байна. Иймд хүний гар оролцоо байхгүй гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.
Энэ талаар Хурдан морины салбар хорооны дарга, хошууч генерал Д.Ганхуяг “Хурдан морины эзэн өөрөө морио хөтлөөд орно. Орохоосоо өмнө дэлийг нь авсан байх ёстой. Иймд уяачид сэрвээний дэлээ сайн засаж ирээрэй. Мөн баяр наадмаас гурав хоногийн өмнө бүртгэлийн дэд ажлын хэсэг, Хурдан морины комисс байршиж ажиллана. Иймд энэ хугацаанд уяачид чөлөөтэй ирээд энэ төхөөрөмжид хэмжиж болно.
Замыг 7-р сарын 6, 7-нд засна. Ахиад бороо орчихвол уралдааны өмнөх өдөр замаа засна. Уяач хүүхдийн хувьд найман нас хүрсэн, эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэй, осол гэмтлийн даатгал хийлгэсэн хүүхдүүдийг уралдуулна" гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан хурдан морины уралдааны хуваарьт өөрчлөлт оруулжээ. Ингэхдээ,
7-р сарын 10-нд: хязаалан, шүдлэн, сонгомол дунд нас уралдана.
7-р сарын 11-нд: азарга, их нас, сонгомол бага нас уралдана.
7-р сарын 13-нд: сонгомол дээд нас болон олон улсын уралдаан болно.
Олон улсын уралдаанд оролцох урилгыг 50 гаруй улсад хүргүүлсэн бөгөөд уралдаанд оролцогчид найман төрлийн вакцин хийлгэж, хорио цээрийг дэглэмийг барих ёстой аж. Энэ сарын 13-нд “Дэлхийн адууны өдөр”-ийн гол үйл ажиллагаа болох 10 мянган морьтны жагсаалыг 11:40-13:40 цагт зохион байгуулахаар төлөвлөсөн байна.































































Сэтгэгдэл