Төв цэнгэлдэх хүрээлэнд 713 цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж, 118 хяналтын камер ажиллаж байна
Үндэсний их баяр наадам болж байгаатай холбогдуулан цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа.
ЦЕГ-ийн Урьдчилан сэргийлэх албаны гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Цагдаагийн дэд хурандаа Э. Баярбаясгалангаас зарим мэдээллийг тодрууллаа.
-Төв цэнгэлдэх хүрээлэнд цагдаагийн хэчнээн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна бэ?
-Төв цэнгэлдэх хүрээлэнд 713 цагдаагийн алба хаагчид иргэдийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам сахиулах, замын хөдөлгөөний зохицуулалт хийх, тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамгаалалт, зохицуулалтын үүрэг гүйцэтгэж байна.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд 118 хяналтын камер ажиллаж байгаа. Хяналтын камераар халаасны хулгай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 10 дугаар хаалганы дэргэд эцэг эх асран хамгаалагчаас төөрсөн хүүхдийг бүртгэж хүлээлгэх ажлыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газартай хамтран зохион байгуулж байна.
-Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч байна вэ?
Бага насны хүүхдэд аюулгүйн бугуйвч зүүлгэн, төөрсөн тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчтай нь шуурхай холбон, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлж байна. “Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ”-ний цэгт нярай, бага насны хүүхдээ хөхүүлэх, хуурайлах, асрах, амрах зориулалтын тав тухтай орчин, хүүхдийн асаргаанд шаардлагатай живх зэрэг хэрэглэгдэхүүнээр үнэ төлбөргүй үйлчилж байна. Одоогоор хүүхэдтэй холбоотой ямар зөрчил бүртгэгдээгүй байна.
Цагдаагийн байгууллагаас наадамчин олон Та бүхнийг бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх, өөрийн эд зүйлдээ анхааралтай байж, бусдад хүндэтгэлтэй хандахыг зөвлөж байна.
































































Сэтгэгдэл