М.Энхцэцэг: Эрчим хүчний салбарт боловсон хүчин, хүнээ ярих цаг болсон
-ШАДАР САЙД Т.ДОРЖХАНДЫН ДОР ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭКСПОРТЫН ХЭЛТЭС ГЭЭД БАЙГУУЛЧИХСАН БАЙНА -
Улсын Их хурлын гишүүн М.Энхцэцэгтэй эрчим хүчний асуудлаар ярилцлаа.
-Ойрын өдрүүдэд шатахууны хомсдолтой хэцүүхэн л байна. Үүнийг ер нь хэр мэдэрч байна вэ?
-Би саяхан орон нутаг яваад ирсэн. Үнэхээр байдал хэцүү байна. Ялангуяа алслагдсан сумуудад хомсдол үнэхээр их. Тавин мянгад жаахан бензин авдаг. Өнөөх нь хэсэгхэн яваад л дуусчихдаг. Үүнийг ер нь яаралтай шийдэх шаардлагатай. Гол нь нэг зүйл дээр би гайхаад байгаа юм. Энэ асуудлаа урьдчилж хараад, ийм хэмжээний дутагдал үүсэх нь гэдгээ тооцоод, хаанаас хангах вэ гэдгээ хэчнээн сарын өмнөөс тооцоод, яриа хэлэлцээрээ хийчихсэн байх ёстой. Гэтэл заавал ингэж яс махандаа мэдэртэл ингэж хүндрүүлж байгааг гайхаж л байна.
-Үүнтэй адилхан удахгүй үүсэх хомсдол бол цахилгаан. Тэгэхээр манай улс энэ жил эрчим хүчний хувьд хэр байхаар байна вэ?
-Эрчим хүчний яамнаас энэ өвөл угаасаа хязгаарлалт хийнэ гээд мэдэгдчихсэн. Хэрэглээ маань 150-200 мегаваттаар өсөж байна. Тэгэхээр жил бүр дор хаяж 300 мегаваттын эх үүсвэрийг барьж байх шаардлагатай л гэсэн үг. Ингэж чадахгүй байгаа учраас хязгаарлахаас аргагүй гэсэн мэдэгдлийг хийж байгаа. Гэхдээ миний хувьд энэ дутагдал хэзээ үүсдэг вэ. Түүнийг нь ямар эх үүсвэрээр хаах вэ гэдэг нь л чухал гэж үздэг. Энэ дутагдал өвлийн гурван сарын турш, 21-05 цагийн хооронд л үүсдэг. Бусад цагт нь манайх эрчим хүчний илүүдэлтэй байдаг. Тэгэхээр энэ дутагдлыг нөхөх, том чадлын генератор гэнэт зогсоход түүнийг орлох эх үүсвэрийг тусгай зориулалтын тохируулга гэж нэрлэдэг. Энэ эх үүсвэр энгийн үед бараг л ажилладаггүй. Харин шаардлагатай үед нөхөх л зориулалттай.
-Нөөцлүүрийн үүрэгтэй юм байна, тийм үү?
-Яг тийм. Энэ нөөцийн эх үүсвэрээ төр өөрөө л барих ёстой. Энэ чинь хөрөнгө оруулалтаа нөхнө гэсэн ойлголт бараг байхгүй зүйл. Усан цахилгаан станц, өндөр хурдын батарей станцуудыг богино хугацаанд барьж байгуулах шаардлагатай байдаг. Харамсалтай нь манайх энэ ойлголтоо бүр хаячихсан. Тэгээд тэр өвлийн саруудынхаа дутагдлыг нөхөхийн тулд том эх үүсвэр л барих ёстой гээд л гүйгээд байна.
-Хаврын чуулганы үеэр та орон нутгуудаар явж, сэргээгдэх эрчим хүчний талаар танилцуулаад байна. Энэ талын боломж бололцоо ер нь манайд хэр байдаг юм бэ?
-Ноднин жилийн арванхоёрдугаар сарын 26-нд УИХ-аас Сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг эрчимжүүлэх 119 дүгээр тогтоол батлагдсан.
Энэ хүрээнд сэргээгдэх тал дээр маш олон ажил хийгдэж байна. Аж ахуйн нэгж, айл өрхүүд сэргээгдэх тавьж эхэлж байгаа. Түүхэндээ анх удаа өрсөлдөөнт шалгаруулалт хийгээд 17.3 цент байсан нарны станцын тарифыг 4.85 болгож бууруулсан. Цахилгаан машины цэнэглэгчүүд сэргээгдэх дээр түшиглэн баригдаж байна. Хоёрдугаарт, орон нутгаар явахад эрчим хүчний асуудал их байгаа нь анзаарагдсан. Манайхныг маш хүлцэнгүй гэж ярьдаг нь үнэн юм байна. Бусад оронд ингэж цахилгаанаар тасалж байгаа бол эрчим хүчний салбар нь маш их хэмжээний төлбөрийг хэрэглэгчдэдээ өгч байгаа. Гэтэл манайд шонгийн мод нь уначихсан гээд л сууж байна. Ийм байхад бид өөрөө өөрсдийгөө бодохоос аргагүй. Боломжиндоо тааруулаад сэргээгдэх тавиулж хэрэглээгээ хангаад, илүү гарсныг нь сүлжээнд өгөөд явах хэрэгтэй. Энэ ч үүднээс айл өрхүүдэд дээрх тогтоолоор маш сайхан боломжуудыг бий болгосон.
-Зөвшөөрөл авах гэж асар их шат дамжлага дамждаг гээд байсан. Үүнийг нь болиулсан хэрэг үү?
-Тийм, 20 кВт хүртэл техникийн нөхцөлгүй болгосон. Өмнө нь зургаан сар яваад техникийн нөхцөл авч чаддаггүй байсан. Хоёрдугаарт, та сүлжээ рүү зарсан цахилгааны орлогоо сар бүр авах боломжтой болсон. Тиймээс та зөвхөн эрчим хүч хэрэглэгч биш үйлдвэрлэгч болох боломжтой. Дээрээс нь нарны станц угсарч байгаа компаниудыг өмнө нь есөн цахилгааны инженертэй байхыг шаарддаг байсан. Харин одоо бол нэг инженер, гурван ажилтантай байхыг зөвшөөрсөн. Гэвч энэ боломжуудыг төдийлөн мэдэхгүйгээс болоод ашиглаж чадахгүй байна. мөн анхны хөрөнгө оруулалтаа гаргаж чадах айл өрх их ховор байна. Бүгд л зээлтэй. Ийм байхад тэр ногоон зээлийг авч чадахгүй байгаа юм. Ногоон зээл нь асар өндөр буюу бараг 16 хувийн хүүтэй. Хугацаа нь гурван сар байсныг Засгийн газар сая зургаан сар болгож нэмсэн. Тийм болохоор цаашдаа энэ зээлийн хүүг зургаа болгож, төр засгаас дэмжиж байж л олон айл суулгана. Ингэх юм бол анхныхаа хөрөнгө оруулалтыг батерейтэй бол 3-4, үгүй бол 4-5 жилийн дотор л нөхнө. Түгээх рүү зарах тарифыг харьцангуй өндөр болгочихсон учраас ийм хугацаанд нөхнө гээд байгаа юм. Одоогоор тариф нь 18-06 цаг хүртэл 285 төгрөг буюу 7.8 цент байгаа.
-Нарны эрчим хүч ашиглах нь манай улсад хэр зохимжтой вэ. Жилийн дөрвөн улиралд аж ахуйн нэгж, өрхийн хэрэгцээг бүрэн хангаад байж чадах уу?
-Монгол Улс маш азтай орон. Жилийн 300-аад хоногт нь нартай байдаг улс их цөөхөн. Өвөл нар тусдаг цаг нь л бага болохоос биш тусгал нь харьцангуй хурц байдаг. Агаар нь хүйтэн сийрэг байдаг учраас тийм байдаг юм. Зундаа 6-21 цаг хүртэл нар тусдаг. Тэгэхээр дэмжих зорилгоор ашиглахад ямар ч асуудал байхгүй. Төвийн шугам тасарлаа гэхэд нарны паннелиа ашиглаад, илүүг нь сүлжээнд өгөөд байж болно. Энэ хэрээрээ эрчим хүчний найдвартай хэрэглээ тань улам л нэмэгдэнэ. Нэмэлт орлого олох боломжтой. Өмнөговь аймагт явж байхад 20 кВт-ын нарны паннель суурилуулсан айл сардаа сая гаруй төгрөг олж байгаагаа хэлж байсан. Тэгэхээр энэ чинь нэмэлт орлого мөн биз дээ. Нийтдээ 30-40 сая төгрөг зарцууллаа гэхэд л 3-4 жилийн дотор хөрөнгөө нөхчихөж байгаа юм. Түүнээс цаашаа цэвэр ашигтай ажиллана гэсэн үг.
-Эрчим хүчний тухай хуулийн маань асуудал ер нь юу болж байна вэ?
-Гишүүн болсноосоо хойш Эрчим хүчний тухай хуулийн шинэчлэл дээр л төвлөрч ажилласан. Одоогоор манай улс 2001 онд батлагдсан хуультайгаа л явж байгаа. Дээрээс нь хууль маань маш ерөнхий учраас 800 гаруй журмаар давхар зохицуулж байна. Тиймээс цаашдаа Эрчим хүчний ерөнхий хууль, түүний дор Дулаан хангамж, Цахилгаан хангамж, Хийн хангамж, Сэргээгдэх эрчим хүчний, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль гэсэн таван хуультай багц хууль болгож шинэчлэгдэх юм байна гэсэн концевц гаргасан. Ингээд эхний ээлжинд бид дулаан хангамжийн тухай хуулиа бэлэн болгоод хаврын чуулганы үеэр өргөн барьсан. Одоо намрын чуулганаар батлуулна.
-Бусад хуулийнх нь тухайд?
-Эрчим хүчний тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль байгаа. Бид харин Хийн хангамжийн тухай хуулийг шинээр боловсруулах ёстой.
-Эрчим хүчний салбарынхан хавар цалингаа нэмүүлэх асуудлыг хөндсөн. Тэр хэрээрээ энэ салбарт боловсон хүчний дутагдал нүүрлээд эхэлчихсэн гэж байсан. Үүн дээр та юу хэлэх вэ?
-Эрчим хүчний салбарын ажилчид цалингаа нэмүүлэх талаар анх удаагаа л үйлдэл хийсэн нь энэ. Түүнээс биш тэр бүр гомдоллоод байдаггүй. Итгэл үнэмшлээрээ л зүтгээд байдаг. Өмнө нь 2015 оны үед цалин харьцангуй гайгүй байсан. Гэвч одоо бол энэ салбарт ажилд оръё гэдэг хүн байхгүй болж байна. Хоёрдугаарт, энэ салбар маань маш эрсдэлтэй, дуу чимээтэй, өндөр даралт, бохирдолтой байдаг. Ийм салбарт бага цалинтай байгаа нь боловсон хүчнээ алдаж байгаагийн нэг том шалтгаан. Дээрээс нь илүү цаг боддоггүй. Тиймээс цалинг нь нэмэх бол нэн тэргүүний асуудал. Бид эрчим хүчний тухай ярихаараа шинэ эх үүсвэр, хуучирсан тоног төхөөрөмж шинэчлэх л гэдэг. Гэтэл тэр бүхнийг чинь ажиллуулах хүнгүй бол яах юм. Тиймээс хүнээ ярих цаг нь болсон. Дээрээс нь энэ салбарт намын томилгоо маш их хийдэг болсон. Энэ нь эргээд их хортой. Мэргэжлийн, чадварлаг хүнээр удирдуулахаар тэр байгууллагын хариуцлага шат, шатандаа маш өндөр болдог. Харин ярьж байгааг нь ч ойлгохгүй удирдлагатай байхаар л ажлын эрч хүчээ алдаад, залхаад, эцэс сүүлд нь гарах сонголтыг хийж байгаа юм. Ингээд мэргэжлийн ажилтангүй болчихоор осол аваар, алдаа эндэгдэл ихэсдэг. Тиймээс энэ асуудалд бид онцгой анхаарах хэрэгтэй.
-Хавар тэгээд цалинг нь хэр нэмсэн юм бэ?
-Сая 10 хувиар л нэмсэн гэсэн. Энэ чинь зах зээл, инфляциа гүйцэхгүй. Тиймээс л ихэнх хүмүүс нь гараад уул уурхай, шинэ эх үүсвэр рүү явж байна. Нэг ёсондоо улсын энэ хэдэн станцууд чинь бусад байгууллагын хүний нөөцийг бэлддэг дамжлага болж байна шүү дээ. Уг нь энэ онцгой объектод ажилладаг хүмүүсийг чинь дор хаяж 5-10 жил бэлдэж, сургадаг, улсын бодлого байдаг юм. Гэвч энэ талын бодлого үнэндээ алга. Дээрээс нь сая эрчим хүчний экспортын стратеги боловсруулна гээд 790 сая төгрөгийн тендер зарласан байсан. Үүн дээр би маш шүүмжлэлтэй хандсан. Саяхан Эрчим хүчний яам хөгжлийнхөө стратегийг Ажлын хэсэг байгуулж боловсруулаад батлуулсан. Энэ дотроо л тэр экспортын стратеги нь байж байгаа. Гэтэл Шадар сайд Т.Доржхандын дор Эрчим хүчний экспортын хэлтэс гээд байгуулчихсан байна. Тэгээд энэ хэлтсээс ийм тендер зарлажээ. Эрчим хүчний яам нь байхад ийм хэлтэс байгуулж яах гэж байгаа юм. Дээрээс нь яамны стратеги боловсруулсан хүмүүс нь бид хийчихсэн шүү дээ гээд гайхаад байна лээ. Эрчим хүчний салбар модон шонгоо сольж чадахгүй байж молиго үмхүүлсэн, хэнд ч хэрэггүй цаас үйлдвэрлэхэд 790 саяыг зарж таарахгүй. Тийм болохоор би эрчим хүчний салбар “Морь унасан толгойгүй хүн” болжээ гэж шүүмжлээд байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
Т.ДАРХАНХӨВСГӨЛ












.jpg)









.jpg)













.jpg)































Сэтгэгдэл