Б.Баярттулга: “Мото такси”-гаар цаг зав бага, яарсан хүмүүс үйлчлүүлэхээр холбогддог
“Мотоциклын такси үйлчилгээ” явуулж байгаа Б.Баярттулгатай ярилцлаа. Тэрбээр “Замын хөдөлгөөний дүрмээ мөрдөж, зорчигчдын аюулгүй байдалд анхаарч, болгоомжтой явахыг хичээдэг” хэмээн ярилаа.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу. Мотоцикл унаад хэр удаж байгаа вэ?
-Намайг Баярсайханы Баярттулга гэдэг. Мотоцикл унаад одоо хоёр жил болж байна.
-“Мотоциклын такси үйлчилгээ” явуулж байгаа бичлэг нь сошиалд нэлээд эерэг хандалт авсан байсан. Хэзээнээс таксинд явж эхэлсэн бэ.Хамгийн гоё зүйл нь юу байв?
-Ер нь мото таксигаар явж үзэх юмсан гэж боддог байсан. Саяхнаас зорчигч тээвэрлэж эхэлсэн. Анх өөрийн сошиал хаягтаа мото таксигаар явж байгаа тухайгаа бичлэг хийж оруулаад үзье гэж бодсон юм. Бичлэгээ оруулсны дараа хүмүүс их эергээр хүлээн авч, дэмжиж байсан учраас цааш үргэлжлүүлэхээр шийдсэн. Харин зарим нь үйлчилгээний үнэ өндөр байна, эрсдэлтэй гэх мэтээр шүүмжилж байсан. Би бичлэгийнхээ тайлбар хэсэгт “Мото такси авах хүн байвал холбогдоорой” гээд утасны дугаараа үлдээсэн. Түүнээс хойш холбогдож, такси үйлчилгээ авахыг хүссэн хүмүүс нэмэгдсэн. Гэхдээ сүүлийн хэдэн өдөр бороо ороод ажиллаж чадсангүй.Бороо, шороотой үед мотоциклоор зорчигч тээвэрлэх болон өөрөө мотоциклоо унаад явахад ч хүндрэлтэй байдаг. Тиймээс цаг агаарын таагүй нөхцөлд аюулгүй байдлаа бодож, ажиллахаас зайлсхийдэг.
-Хамгийн анхны зорчигчоо авахад ямар байсан бэ?
-Анх их сандарч, юу гэж хэлэхээ ч сайн мэдэхгүй, түгдэрсэн. Зам дээр гараа өргөж байсан хүн дээр очоод “Явах уу?” гэж асуухад нөгөө хүн гайхаад, “Юу билээ, яах билээ?” гээд сандарсан харагдсан. Тэгэхээр нь би мото таксигаар үйлчилж байгаа талаараа тайлбарлаж, хаашаа явахыг нь асуугаад аюулгүй хүргэж өгсөн. Анх удаа мотоциклоор таксинд явсан болохоор сонин, хөгжилтэй санагдаж байсан. Харин анхны хүнээ амжилттай хүргэж өгөөд “Энэ ажлыг хийж болох юм байна” гэсэн итгэл төрсөн. Түүнээс хойш бага багаар туршлага сууж, хүмүүсийг хэрхэн угтаж авах, аюулгүй байдлыг нь хангах, замын хөдөлгөөнд хэрхэн зөв оролцох зэрэгт илүү анхаардаг болсон доо.
-Үйлчлүүлж байгаа хүмүүсийн дийлэнх нь хэд орчим насныхан байсан бэ?
-Ерөнхийдөө залуучууд их сонирхож, үйлчлүүлж байна. Мөн цаг зав бага, яарсан хүмүүс их холбогддог.Мотоцикл унах тэр сайхан мэдрэмжээ бусадтай хуваалцах үнэхээр сайхан санагддаг. Ард минь суусан хүмүүс салхи сөрөн давхих тэр мэдрэмжийг надтай хамт мэдэрч байгаа нь бүр ч гоё.
-Мотоциклын ард хүн суулгаж явахад эрсдэлтэй тал бий. Та зорчигчийнхоо аюулгүй байдлыг хангахын тулд ямар арга хэмжээ авдаг вэ?
-Хөндлөнгөөс автомашинтай хүмүүс гэнэт гарч ирдэг. Мөн огцом тоормослох, гэнэт зам руу орж ирэх, толинд харалгүйгээр эгнээ солих зэрэг нь мотоцикл унаж яваа хүнд маш эрсдэлтэй байдаг. Тиймээс замын хөдөлгөөнд оролцохдоо бусдын үйлдлийг урьдчилан тооцоолж, маш анхааралтай явах шаардлагатай. Зорчигчийн аюулгүй байдлыг хангахдаа хамгийн эхэнд хамгаалалтын малгай өмсүүлнэ. Мөн замын хөдөлгөөний дүрмээ баримталж, анхаарал болгоомжтой, нягт нямбай явдаг. Зорчигчийн аюулгүй байдал хамгийн чухал учраас аль болох эрсдэл гаргахгүйг хичээдэг.
-Таны бодлоор түгжрэлийг бууруулахад “Мотоциклын такси үйлчилгээ” ямар нөлөөтэй гэж бодож байна вэ?
-Дулааны улиралд “Мотоциклын такси үйлчилгээ”тодорхой хэмжээнд түгжрэлийг бууруулахад нөлөөлнө гэж бодож байна. Хэрэв автомашинаар зорчдог хүмүүсийн 30 орчим хувь нь мотоцикл, дугуй зэрэг хоёр дугуйт тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцдог болчихвол ядаж л замын ачаалал, түгжрэл тодорхой хэмжээгээр буурах боломжтой. Гэхдээ үүнийг дагаад аюулгүй байдал зайлшгүй яригдана. Улаанбаатар хотод мотоцикл зорчиход зориулсан зам хангалтгүй. Мотоцикл явах боломжтой цөөн хэдэн замтай хэсгүүдэд автомашинаа байрлуулчихдаг. Тиймээс мотоцикл, дугуйгаар зорчигчдын тоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ тэдэнд зориулсан зам, орчныг сайжруулах шаардлагатай гэж бодож байна.Замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байж, дүрмээ баримталж яваарай гэж хэлмээр байна. Мөн автомашины жолооч нар ч гэсэн мотоциклтой зорчигчдоо хүндэтгэж, харилцан, соёлтой оролцоосой гэж хүсдэг. Замын хөдөлгөөнд оролцож байгаа хүн бүр бие биедээ хүндэтгэлтэй хандаж чадвал эрсдэлийг тодорхой хэмжээнд бууруулах боломжтой гэж бодож байна.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
Г.НОМИН












































.jpg)









.jpg)













Сэтгэгдэл