Н.Гансүх: Нэг нам үнэмлэхүй олонх болж засаглан, эрх мэдэл удаан хугацаанд төвлөрөхөөр хяналт тавих механизм суларч байна
Судлаач, төрийн удирдлагын доктор (Ph.D) Н.Гансүхтэй ярилцлаа.
-Таны хувьд АНУ-ын завсрын сонгуулийн үр дүнд судалгаа хийсэн. Энэ сонгуулийн үйл явц, үр дүн Монголын улс төрийн нөхцөл байдалтай ямар талаараа уялдаж байна вэ?
-Яг одоо монголчуудын хувьд өвлийн бэлтгэл ажил нэгдүгээрт, улс төрийн сонгуулийн асуудал хоёрдугаарт тавигдаж байна. Ирэх жил Ерөнхийлөгчийн сонгууль, дараа жил нь УИХ-ын сонгууль болно. Өөрөөр хэлбэл, Монгол Улс хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалаа сонгох хариуцлагатай цаг үедээ ирээд байна. Энэ үед Оюу толгойн асуудал, улсын төсөв, эмч, багш нарын цалин хангамж, төсвийн хөрөнгө оруулалтын асуудал олон нийтийн анхаарлын төвд орж ирж байгаа нь сайн хэрэг. Иргэд өмнө нь улсын төсвийн асуудалд төдийлөн анхаардаггүй байсан бол одоо татварын мөнгө хаашаа зарцуулагдаж байна, ямар үр дүн гарч байна вэ гэдгийг сонирхдог болжээ. Үүнтэй зэрэгцээд АНУ-д завсрын сонгууль болж, улс төрийн хүчний харьцаанд өөрчлөлт орсон нь анхаарал татаж байна. АНУ-ын ерөнхийлөгч дөрвөн жилийн хугацаатай сонгогддог. Эхний хоёр жил өнгөрөхөд завсрын сонгууль болдог. Энэ сонгуулиар иргэд ерөнхийлөгчийн бодлогод итгэж байна уу, цаашид энэ бодлого үргэлжлэх ёстой юу гэдэгт дүн тавьдаг гэж ойлгож болно. Тухайн сонгуулийн үр дүнгээр иргэд Трампын хэрэгжүүлсэн бодлогод сэтгэл хангалуун бус байгаагаа, мөн эрх мэдэлд нь хяналт тавих шаардлагатай байгааг илэрхийлсэн. АНУ-д Дональд Трампын засаг захиргаа хэрэгжиж, дэлхийн геополитик, худалдааны тариф, Иран, Украины асуудал зэрэгт эрс шийдэмгий байр суурь илэрхийлж ирсэн. Энэ сонгуулийн үр дүнгээс бид нэг чухал зүйлийг харж болно. Тэр нь эрх мэдэл төвлөрөх тусам ардчиллын хяналт сулардаг юм байна гэдгийг анзаарах хэрэгтэй. Эрх барьж байгаа намд хяналт тавих хүчтэй механизм байхгүй бол үнэ өсөж, амлалт хэрэгжихгүй, авлигын асуудал даамжирч, эрх мэдлийн тэнцвэр алдагддаг. АНУ-ын сонгогчдын санал өгөхөд нөлөөлсөн хамгийн том хүчин зүйл нь эдийн засгийн нөхцөл байдал, амьжиргааны өртөг байсан. Энэ бол Монголтой маш төстэй асуудал. Манайд инфляци нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар муудаж байна. АНУ-д ч мөн адил иргэд хүнсээ авч чадахгүй боллоо, шатахууны үнэ өсөж байна, орон сууцны зээл авах боломж хумигдлаа, эмнэлгийн үйлчилгээний зардал нэмэгдлээ зэрэг асуудал тавигдсан. Улс төрийн намууд ч үүнд чиглэсэн бодлого дэвшүүлсэн.
Бүгд найрамдахчууд бэлэн мөнгө амлаж байсан бол Ардчилсан нам боломжийн өртөгтэй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хүнс, шатахуун, эрчим хүчний үнийг бууруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлыг багасгах, орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, сайн ажлын байр бий болгох зэрэг бодит асуудлыг хөндсөн. Өөрөөр хэлбэл, улс төрийн гоё амлалтаас илүүтэй иргэдийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөлөх асуудал сонгогчдын анхаарлыг татсан гэсэн үг. Энэ бодлого арван хүн тутмын долоод нь нөлөөлж чадсан байна. Монголд ч ялгаагүй. Өнөөдөр цалин нэмнэ, тэтгэвэр өсгөнө гэж амлахаас илүүтэй хүмүүсийн гар дээр авч байгаа мөнгөний худалдан авах чадвар муудсан, залуучууд цалингаа хураагаад орон сууц авах боломжгүй болсон гэдэг асуудлыг шийдэх шаардлагатай байна.
-Монголд сонгуулийн үеэр намууд бодлогоороо өрсөлддөг ч засгийн эрх авсныхаа дараа амлалтаа биелүүлдэггүй. Энэ нь улс төрийн хариуцлагын тогтолцоотой холбоотой юу?
-Монголд ч сүүлийн гурван сонгууль буюу 12 жилийн хугацаанд нэг нам үнэмлэхүй олонх болж засагласан. Ингэж удаан хугацаанд эрх мэдэл төвлөрөхөөр хяналт тавих механизм сулардаг юм байна. Үүний үр дагавар нь үнийн өсөлт, хэрэгжээгүй амлалт, авлигын асуудал зэргээр илэрч байна. Тиймээс АНУ-ын завсрын сонгуулийн үр дүн Монголын дараагийн сонгуулиудад чухал сургамж болохоор байна. Тухайлбал, Канзас мужид 1932 оноос хойш анх удаа Ардчилсан нам ялсан гэх мэт улс төрийн уламжлалт сонголт өөрчлөгдөж байгаа нь сонирхолтой дүр зураг юм.
Намууд сонгуульд бодлогоо дэвшүүлж өрсөлддөг. Тэр бодлогоо хэрэгжүүлэхийн тулд олонх болж, Засгийн газраа байгуулдаг. Тэгсэн атлаа засгийн эрх авсныхаа дараа түүхий эдийн үнэ өссөнгүй, экспорт хязгаарлагдлаа, цар тахал гарлаа гэх мэт шалтгаан тоочдог. Уг нь төрийн эрхийг авсан институци бодлогоо хэрэгжүүлэх ёстой. Бодлогоо хэрэгжүүлэхийн тулд зохицуулалтаа хийж, тодорхой хугацаанд үр дүн гаргах шаардлагатай. Өнөөдөр Монголын сонгуульд нөлөөлж байгаа бас нэг асуудал бол улс төрийн дуулиан, авлигын хэрэг, иргэдийн сонгуульд оролцох идэвхийг бууруулж байгаа нөхцөл байдал юм. Сонгогчдын оролцоо бага байвал сонгогдсон хүн нийт иргэдээс бага хувийн санал авч, төрийн эрх барих боломж бүрддэг. Мөн төрийн албан тушаалд томилогдсон хүн өмнөх хүнийхээ алдааг тоочоод суух биш өөрийн бодлогоо хэрэгжүүлж, богино хугацаанд үр дүн гаргах ёстой. Жишээлбэл, Сангийн сайд алдагдалгүй төсөв батлуулахын төлөө тууштай ажиллах хэрэгтэй. Үнийн өсөлтийг хязгаарлахын тулд төсвөө зөв төлөвлөж, зөв зарцуулж, үр өгөөжтэй хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Гэтэл өнөөдөр УИХ-ын гишүүд ажлын тайлан гаргахдаа зам тавьсан, соёлын төв барьсан, бүтээн байгуулалт хийсэн гэх мэтээр өөрсдийн хийсэн ажил мэтээр тайлагнадаг болсон. Иргэд ч үүнийг нь уншаад сайн ажиллажээ гэж ойлгодог. Гэвч энэ бол тухайн гишүүний хувийн бодлого биш, Монгол Улсын нэгдсэн бодлого байх ёстой.
-Манайд эдийн засгийн өсөлт гарч байгаа ч иргэдийн амьдралд мэдрэгдэхгүй байгаа шалтгаан юу байна вэ?
-Инфляци 12.9 хувьтай байгаа ч мах, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт 20 хувийг давчихсан. Энэ нь төрийн бодлого иргэдийн бодит амьдралд хүрч чадахгүй байгаагийн нэг илрэл. Монгол Улсын эдийн засаг жил бүр 5-6 хувийн өсөлттэй гэж тайлагнадаг. Тэгвэл яагаад тэр өсөлт иргэдийн амьдралд наалдахгүй, хүмүүс улам ядууралтай нүүр тулж байна вэ. Энэ бол бодлогоо зөв хэрэгжүүлж чадахгүй байгаагийн илрэл. Үүнийг судалгаанаас илүүтэй өдөр тутмын амьдралаас харж болно. Хэдхэн жилийн өмнө хүмүүс цагаан сар, шинэ жилийг зээлгүй угтахыг хүсдэг байсан бол одоо нэг хүн дор хаяж банк, банк бус санхүүгийн байгууллага, аппликэйшнээр дамжуулан давхардсан олон зээлтэй болсон байна.
-Тэгвэл сонгогчдын боловсрол, иргэдийн хяналтыг хэрхэн сайжруулах хэрэгтэй вэ. АНУ-ын сонгуулийн зохион байгуулалтаас бид юу суралцаж болох вэ?
-АНУ-д иргэд биечлэн очиж санал өгөхөөс гадна урьдчилан санал өгөх, шуудангаар санал өгөх, битүүмжилсэн хайрцгаар саналын хуудсаа өгөх зэрэг хэд хэдэн боломжтой. Харин манайд сонгууль зуны ид амралтын үеэр болдог. Олон хүн хаяг дээрээ байдаггүй. Санал авах өдрийг амралтын өдөр болон тав дахь өдөр зохион байгуулдаг. Тэгэхэд АНУ-д аравдугаар сард сонгуулиа зохион байгуулаад, он гараад ажлаа хэрэгжүүлж эхэлдэг. Магадгүй манайх сонгуулийг арваннэгдүгээр сард зохион байгуулах хувилбарыг ч судалж болно. Гэхдээ монголчуудын хамгийн том алдаа бол ардчиллыг зөвхөн сонгуулийн нэг өдөр эдэлдэг мэт ойлгодог. Саналаа өгснөөр ардчиллыг бүрэн эдэлж байгаа хэрэг биш. Санал өгөх бол нэг өдөр, харин төрд хяналт тавих нь 365 өдөр үргэлжлэх ёстой. Нөгөө талдаа манай улстөрчид олон хүн цуглуулж, урд нь илтгэл тавихыг ажлын тайлан гэж ойлгодог. Үнэндээ хийсэн ажлаа танилцуулахаас илүүтэй иргэдийн асуултад хариулж, хариуцлага хүлээдэг байх ёстой. Энэ бол ардчиллын хяналтын механизм юм.
-Засгийн газар ойр ойрхон солигдох нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод хэрхэн нөлөөлж байна вэ?
-Засгийн газар тогтворгүй байх нь Монгол Улсын урт хугацааны томоохон төсөл хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж байна. Гэхдээ дараагийн сайд гарч ирээд өмнөх сайдынхаа эхлүүлсэн ажлыг зогсооно гэдэг бол туйлын буруу. Энэ бол төрийн бодлого залгамж чанаргүй байгаагийн шинж. Мөн Засгийн газар олон удаа солигдсоноороо заавал тогтворгүй байдаг гэж үзэж болохгүй. Харин Засгийн газар муу ажиллаж байгаа бол солигдох ёстой. Улс төр гэдэг өөрөө зөвшилцөл. Ерөнхий сайд бол зөвхөн нэг хэсэг бүлгийн эрх ашгийг хангах хүн биш. Олон талын төлөөлөл, эрх ашгийг тэнцвэржүүлэх ёстой. Тиймээс эрх мэдлийн төвлөрлийг задлах, олон нийтийн хяналттай, хүчний тэнцвэртэй тогтолцоог бий болгох хэрэгтэй. Намууд зөвшилцдөг байх нь улс төрийн соёл юм. Жишээ нь, Монгол Улс 2040 он хүртэл газрын ховор элементийн нөөцөө ашиглаж, хөгжүүлнэ гэж бодлогын түвшинд тодорхойлсон бол улс төрийн намууд солигдсон ч энэ чиглэлийн бодлогоо үргэлжлүүлэх үүрэгтэй. Төрийн бодлого гэдэг нэг намын өмч биш.
-Цаашид Засгийн газар, эрх баригч нам юунд анхаарах ёстой вэ?
-Засгийн газар болон эрх барьж байгаа нам хоосон амлалт өгөх биш, иргэдийн бодит худалдан авах чадвар, үнийн өсөлт рүү чиглэсэн бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Өнөөдөр гоё харагдах, баатрын дүр бүтээх, мундаг хүн болж харагдах улс төр дэлхий нийтэд үр дүнгүй болсон. Олон улс оронд сөрөг хүчнүүд ялж байгаа нь эрх мэдэлд удаан байх тусам хяналтгүй байдал үүсч, улмаар дарангуйлал руу хэлбийх эрсдэлтэйг харуулж байна. Дайн тулаан, байгаль орчны асуудал гээд дэлхий дахинд үүсч байгаа олон сорилт иргэдийн оролцоо, хамтын зөвшилцөл ямар чухал болохыг харуулж байна. АНУ-ын жишээ Монголд ч давтагдаж магадгүй гэж бодож байна. Улс төрийн намууд хүн ярьдаг биш, бодлого ярьдаг болох хэрэгтэй. Иргэдийн аж амьдралыг сайжруулах бодитой шийдэл дэвшүүлэх шаардлагатай байна.
-Сөрөг хүчний үүргийн талаар асууя. Монголын сөрөг хүчин өнөөдөр үүргээ хэр биелүүлж байна вэ?
-Сөрөг хүчин юуны өмнө иргэдийнхээ дунд байх хэрэгтэй. Хоёрдугаарт, эрх баригчдын бодлогыг шүүмжилж байгаа бол өөрийн гэсэн илүү сайн бодлого дэвшүүлэх ёстой. Өнөөдөр Ардчилсан намын нэг алдаа бол эрх баригч намаас ялгагдахгүй харагдаж байна. Аль нь эрх барьж байгаа, аль нь сөрөг хүчин юм бэ гэдгийг ялгахад бэрх болсон. Хоёулаа адилхан хэвлэлийн хурал хийж, адилхан байр суурь илэрхийлдэг. Сөрөг хүчин ард түмнийхээ дунд байж, тэдний дуу хоолойг төрд хүргэх үүрэгтэй. Эрх баригчдын бодлого яагаад буруу байна вэ гэдгийг тайлбарлаж, оронд нь ямар бодлого хэрэгжүүлэх ёстойг тодорхой хэлэх хэрэгтэй. Зүгээр шүүмжлэх биш, шийдэл санал болгох нь сөрөг хүчний үндсэн үүрэг. Ард түмэн нэг намд бодлогоо хэрэгжүүлэх боломж өгдөг бол нөгөө намд хяналт тавих боломж олгодог. Гэхдээ зөвхөн сөрөг хүчин хяналт тавих ёстой гэсэн үг биш. Иргэд өөрсдөө ч төрд хяналт тавих ёстой. Хороо, СӨХ-ны даргаа сонгох сонгуулиас эхлээд иргэдийн оролцоо чухал. Өнгөрсөн сонгуулиудын дүнг харахад залуучуудын оролцоо хангалтгүй байна. Үүний нэг шалтгаан нь сонгох хүн байдаггүй. Гэтэл эрх мэдлийн эх сурвалж нь ард түмэн. Улстөрчдөд эрх мэдлийг өгсөн юм чинь эргүүлээд солих боломж ч иргэдэд бий. Муу бодлого хэрэгжүүлж, төрийн ажлыг хангалтгүй хийж байгаа хүмүүсийг дахин дахин сонгохгүй байх хэрэгтэй. Монголын ард түмнийг төлөөлж чадахуйц өндөр ёс зүйтэй, боловсролтой хүмүүсийг улс төрд гаргаж ирэхгүй бол бид өнөөдрийн нөхцөл байдлаасаа гарахгүй. Тиймээс улс төрийн намууд иргэдийнхээ дунд ажиллаж, тэдний асуудлыг сонсож, бодлогоор өрсөлдөөсэй гэж судлаачийн хувьд хүсэж байна.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН





.jpg)






































































Сэтгэгдэл