Цагдаагийн байгууллагаас ХАМГААЛАЛТ хүсчээ
ЦАГДААГИЙН ӨНДӨРЖҮҮЛСЭН ХАМГААЛАЛТ АВААД БАЙНА
Яг одоо Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр иргэн Н.Мөнхжаргал цагдаагийн дөрвөн нэр бүхий хурандааг гүтгэсэн гэх хэргийн анхан шатны шүүх хуралдаан болж байна. Хурандаа нар "Иргэн Н.Мөнхжаргал нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэн, нэр төрд халдсан" хэмээн шүүхэд ханджээ. Эх сурвалжийн мэдээллэж буйгаар, одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн шүүхийн гадаа 10 гаруй цагдаа хамгаалалтад гарсан байгаа аж. Бид үйл явдлын дэлгэрэнгүйг удахгүй хүргэх болно.
НЭМЭЛТ 15:30 ЦАГ
ИРГЭН Д.МӨНХЖАРГАЛД ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 111.2, 110.1 ЗҮЙЛ
АНГИАР ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЖЭЭ
Өнөөдөр өглөөний 09:00 цагт эхэлсэн шүүх хуралдаан хаалттай үргэлжилж байна. Тус шүүх хуралдаанд шүүгч Ү.Түмэнжаргал, улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ нар оролцож буй юм. Иргэн Д.Отгонжаргал, Э.Идэрцог, Г.Амарзаяа, Б.Алтантулга, А.Эрдэнэбаяр, С.Байгалмаа нар Д.Мөнхжаргалыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэр төр гутаасан хэмээн Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгчдийн дөрөв нь цагдаагийн хурандаа нар юм байна.
НЭМЭЛТ 16:00 ЦАГ
Д.МӨНХЖАРГАЛ: ЦАГДАА НАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРГҮҮДИЙГ ӨӨРСДӨӨ ҮЙЛДДЭГ
Одоогоос гурван жилийн тэртээ Налайх дүүрэгт найзыгаа зургаан удаа буудан амь насыг нь хороосон хэрэг гарсан. Талийгаач М.Эрхэмбаярыг түүний найз гэх А.Мэндбаяр зургаан удаа буудаж, аминд нь хүрсэн нь тогтоогдож сэжигтэн өөрөө хэргээ хүлээн зөвшөөрсөн байдаг.
Хохирогчийн аав буюу шүүгдэгч Д.Мөнхжаргал өмнө нь хэвлэлд ярилцлага өгөхдөө “Би гурван хүүхэдтэй, талийгаач миний том хүүхэд байсан. Ууган хүүгээ алдчихаад найман сар болж байна. Миний хүү зургаан удаа буудуулж онц хэрцийгээр амиа алдсан. Хүүг маань зургаан удаа араас нь буудсан байсан. Ямар ч эрүүл хүн, хүнийг олон удаа буудахгүй биз дээ. Тухайн үед мансууруулах бодис хэрэглэсэн байсан гэж үзэж байгаа.
Хүүг маань нас барсны дараа намайг “Яармагийн атаман байсан. Миний хүү үе удмаараа дээрэмчний хүүхэд байсан” гэх мэтээр ойлгуулсан” мэдээлэл гарч байсан. Харин миний хүүг буудсан А.Мэндбаяр болон түүний аав Алтансүх нарыг гэм зэмгүй мэтээр бичиж байгаад маш их бухимдаж байна. Өнөөдрийг хүртэл би хулгай дээрэм хийж яваагүй.
Монгол улсын хууль, шүүх цагдаагийн байгууллага мөнгөний талд үйлчилж, ард түмнээс дээрэм хийж амьдардаг. Тодруулж хэлбэл зохион байгуулалттай гэмт хэргүүдийг цагдаа нар өөрсдөө үйлддэг. Хар тамхины ноцтой хэргүүдэд гар бие оролцдог гэдгийг олон жилийн баримттай мэднэ” хэмээн хэлсэн нь ийнхүү шүүхэд дуудагдах шалтгаан болжээ.
НЭМЭЛТ 16:10 ЦАГ
-ИРГЭН Д.МӨНХЖАРГАЛД 9.7 САЯ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛИЙН ЯЛ ОНООЛОО-
Дөнгөж сая Баянзүрх дүүргийн шүүхэд болсон иргэн Д.Мөнхжаргалд холбогдох хэргийн шүүх хуралдаан өндөрлөлөө. Шүүх хуралдаанаас иргэн Д.Мөнхжаргалд 9 сая 700 мянган төгрөгийн торгуулийн ял оноов.
ТОДРУУЛГА: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дээрх шүүх хурлын нөхцөл байдлыг үнэлж, цагдаагийн байгууллагаас хамгаалалт хүссэний дагуу 10 орчим цагдаа хамгаалалтад гарсан аж. Түүчнлэн уг шүүх хуралд оролцож буй шүүгдэгч Н.Мөнхжаргал болон гүтгүүлсэн гэгдэж буй хурандаа нарыг хамгаалсан зүйл үгүй хэмээн албаны эх сурвалж мэдээллээ.
У.УРАНЦЭЦЭГ
Сэтгэгдэл