Ч.Хүрэлбаатар: Хуулийнхаа дагуу урамшууллаас татвар авч байна
Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас цаг үеийн асуудлаар тодруулга өглөө.
-Төрийн албан хаагчдад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж болох 300 мянган төгрөгийн урамшуулал татварт суутгуулаад авч байна гэдэг асуудал яригдаад эхэллээ. Та үүнд тайлбар өгөөч?
-УИХ-аар 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцүүлэхдээ төрийн албан хаагчдад буцалтгүй тусламж болгож, 300 мянган төгрөг олгоё гэснийг урамшуулал болгож өөрчилсөн. Хуулийнхаа дагуу урамшууллаас Нийгмийн даатгалын шимтгэл, Хувь хүний орлогын албан татварын 10 хувийг авах ёстой. Тэр дагуу татвар авч байна.
-Ирэх онд 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэдийн татвар нэмэгдэхийг иргэд эсэргүүцэж хүлээж авч байна?
- Энэ асуудал 2017 оны дөрвөн сард Засгийн газар өргөн бариад шийдэгдчихсэн асуудал. Татварыг орлогоос нь хамааруулж, 10, 15, 20, 25 хувь гээд шатлалтай болгож байгаа. Гэхдээ орлогын татвар төлж байгаа иргэдийн 92 хувь нь 10 хувийн татвараа хэвээр төлнө. Үлдэж байгаа 8 хувийнх нь татвар л нэмэгдэнэ. Ирэх оноос бага цалин авч байгаа иргэдийн татварын хөнгөлөлт нэмэгдэнэ. Энэ нь татвараас чөлөөлөгдөх орлогын хэмжээг нэмж өгсөнтэй холбоотой юм. Инфляци, валютын ханшийн уналттай холбоотойгоор бага цалин авдаг хэсэг хамгийн их хохирч байгаа. Тийм учраас дээрх зохицуулалт хийсэн. Мөн ирэх оноос архи, тамхины онцгой албан татвар нэмэгдэхээр байгаа. Үүнийг эсэргүүцэх хүн байхгүй болов уу.
Т.БАТСҮРЭН
Сэтгэгдэл