Сурагчдыг арванхоёрдугаар сарын 25-наас хоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл амраах шийдвэр энэ долоо хоногт албажна

Д.Тулга / Боловсрол

Сурагчдын амралтыг арванхоёрдугаар сарын 25-наас хоёрдугаар сарын 1-ны өдрийг хүртэл амраана гэж БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа мэдэгдсэн. Гэхдээ түүний энэхүү мэдэгдэл Засгийн газраас албан ёсоор баталгаажаагүй байсан юм.

Өчигдөр уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, сурагчдын хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг Ц.Цогзолмаа сайдын эрх мэдлийн хүрээнд шилжүүлэх чиглэл өгсөн байна.

Энэ дагуу БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа энэ долоо хоногтоо багтаан тушаал гаргаж, сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт оруулахаар бэлтгэж буй талаар албаныхан мэдэгдлээ. Одоогоор тушаалын төсөлд яамны удирдлагын багийн саналыг авч байгаа аж. Санал авч дууссаны дараа Ц.Цогзолмаа сайдын тушаал гарч, сурагчдыг сар гаруйн хугацаанд амраах шийдвэр албан ёсоор баталгаажих юм.

Энэ талаар БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Осороос тодруулахад “Нэгэнт Засгийн газрын хуралдаанд оруулаад, чиглэл гарчихсан учраас дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга гэх удирдлагын багаас санал аваад явж байна. Санал авч дууссаны дараа удалгүй сайдын тушаал гарна” гэлээ.

БСШУСЯ-наас сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг арванхоёрдугаар сарын 22-ноос нэгдүгээр сарын 15-ныг хүртэл гурван долоо хоног байхаар төлөвлөн баталсан. Гэтэл Эрүүл мэндийн яамнаас ханиад томууны дэгдэлт их өвлийн ид хүйтэн, утааны үеэр буюу арванхоёрдугаар сарын 15-наас хоёрдугаар сарын 15-ны өдрийг хүртэл амраах санал гаргасан. Энэ асуудлаар Эрүүл мэндийн яам, БСШУС-ын яамны хамтарсан ажлын хэсэг гарч ажиллаад, сурагчдыг хоёр сар биш сар гаруйн хугацаанд амраах саналд нэгдсэн байдаг.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа энэ талаар "Хэрвээ томуу, томуу төст өвчний дэгдэлт их байвал тухайн үед нь карантин тогтооно. Иймээс хоёр яам хүүхдийнхээ эрүүл мэндийг хохироохгүй, хичээл сургуулийг завсардуулахгүй байх ямар бололцоо байна вэ гэдэг дээр ойлголцоод явах боломжтой. Ид ачааллын буюу томуу, томуу төст өвчний хамгийн өндөр дэгдэлтийн үе арванхоёрдугаар сарын 25-наас хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд хүүхдүүдийг амраах шийдвэр гаргасан” гэж мэдэгдсэн билээ. Тиймээс ч тэрбээр энэ дагуу тушаалаа гаргах юм байна.

Эрүүл мэндийн яамнаас энэ жил эдгэрэхдээ удаан олон төрлийн вируст ханиад дэгдэх магадлалтай гэж анхааруулсаар байна.

Т.ХУЛАН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.