Л.Ариунболд: Монголдоо лонхны үйлдвэр байгуулахаар ТЭЗҮ-ээ хийгээд байна

Д.Тулга / Орон нутаг

basaltwool

“Монгол базальт” ХК-ийн захирал, бизнесмен, инженер, технологич Л.Ариунболдтой ярилцлаа.

-АНХНЫ МИНЬ БИЗНЕС МАШИНЫ ШИЛНИЙ ҮЙЛДВЭР БАЙЛАА-

-Зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас эхлэн таныг бизнес эрхэлсэн гэж дуулсан. Анх ямар бизнес эхлүүлж, ямар бэрхшээл тулгарч, түүнийг хэрхэн даван туулсан талаар яриагаа эхэлбэл сонин байх болов уу?

-Манай бизнес 1990 онд эхэлсэн л дээ. Анхны минь бизнес машины шилний үйлдвэр байлаа. Троллейбусны депо дээр би анх “Жигули”, “Москвич”, “УАЗ 69”, “Зил 130” гээд төрөл бүрийн автомашины шилний үйлдвэр хийхээр бас хөөрхөн төсөл хийгээд ажлаа эхэлж байсан. Тэр үед ЗХУ задарчихсан, манай аж үйлдвэрийн салбар машины шилгүй, ихэнх машин нь скочтой. Троллейбусны депо дөнгөж байгуулагдаад, шил байхгүй. Ихэнх нь консервны лааз шиг төмөрлөчихсөн байлаа.

-Таны үндсэн мэргэжил юу билээ?

-Би цахиурын исэлд суурилагдсан хайлах технологийн үйлдвэрийн хими, технологийн инженер. Гуравдугаар курст байхдаа шилний үйлдвэр дээр дадлага хийж байсан. Машины шил яаж хийгддэгийг мэднэ. Манай дүү нар Оросоос “Жигули”-гийн шил 20-иодыг авчраад, долоо хоногийн дотор борлуулчихсан юм. Тэгээд би шил их эрэлттэй байж магадгүй юм байна гэж бодоод. Тэр үед зурагтын мэдээгээр шилгүй учраас автобусныхаа буудлыг харахгүй байна гэж мэдээлж байв. Улсын үзлэгт орсон автомашины 30, 40 хувь нь скочдсон байдалтай, ийм л хүнд хэцүү үе байлаа. Орос найзуудтайгаа яриад, Красноярск хотоос мэргэжилтнүүд уриад, анхныхаа хайлах уяраах зуухаа бариад, шилийг хатаалт хийж, анх “Жигули”, УАЗ 469”, троллейбус гээд тэр үед манайд байсан бүхий л машинуудын шилийг хийж байлаа. Хувийн хэвшил үүсээд, бүгдээрээ хувийн машинтай болоод, Чех, Польшоос машин их зөөдөг байсан. Замдаа шил нь хагараад ирнэ. Ямар ч байсан шилжилтийн хүнд хэцүү үед машины шилний үйлдвэр байгуулаад Монголдоо хувь нэмрээ оруулж, автомашины салбар, автомашинтай хүмүүсийг бүрэн бүтэн шилтэй явах боломжоор манай анхны бизнес төсөл маань хангаж байсан. 1998 он хүртэл тэр үйлдвэрлэлээ явуулсан даа.

basaltwool

-Чулуун хөвөнгийн үйлдвэрлэлээ хэдийнээс эхлүүлсэн бэ?

-1998 оноос хойш барилгын салбар сэргээд, дулаалгын материал судалж эхэлсэн. Германд явж байгаад чулуунаас гаралтай эрдэс түүхий эдийн чулуун хөвөн цаашид хэрэглээ, ирээдүй илүү урттай юм байна гэдгийг олж харсан. Дэлхийн дулаарал, эрчим хүчний алдагдлыг багасгах гээд томоохон зорилтуудыг биелүүлэхэд чулуун хөвөнгийн өөрийнх нь өрсөлдөх чадвар сайн, насжилт урт, маш их өндөр технологи шаардсан. Хоёрт, хамгийн гол нь миний мэргэжлийн, оюутан байхдаа сурч мэдэж, курсын ажлууд бичиж, ижил төстэй үйлдвэрүүдэд дадлага хийж байсан. Энэ олон давуу чанарууд дээрээ тулгуурлаад энэ төрлийн төсөл хийж, тусгаарлах материалын үйлдвэр байгуулах нь зүйтэй юм байна гэж үзсэн. 2000 онд ОХУ-ын мэргэжилтнүүдтэй төсөл, хөтөлбөрийнхөө ажлыг эхлүүлээд, түүхий эд хайгуулынхаа ажлыг эхэлж, зураг төслөө гаргасан. Мэдээж хэрэг нэг хар чулуу барьчихаад, энийг хайлуулаад хөвөн хийнэ гэхэд хэн итгэх вэ.

-Банк, санхүү ч итгэхгүй болов уу?

-Тийм ээ. Тийм учраас нэлээн явсан. Ер нь өөрөө л хийж үзүүлэхгүй бол хүн итгэхгүй юм байна гэж тооцоолоод, 10-аад жил цуглуулсан бизнесийнхээ боломж бололцоонд суурилуулаад, хаанаас хайлах зуух, бусад хэрэгслүүдээ авах вэ, алийг нь Монголдоо бүтээж болохоор байна гэдгийг эрэлхийлсэн. Хуучин манай хамт ажиллаж байсан оросууд уригдаж ирсэн. Үйлдвэрээ байгуулахаар зураг төслөө гаргаад, ямар ч байсан чулууны гайгүй нөөцтэй ч орд газар илрүүлсэн. Түүнд гурван жил зарцуулж байгаа юм. Тэгээд үйлдвэрээ байгуулсан даа. Манай ажилчид хүртэл итгэхгүй, “За цалинг нь авч байгаа юм чинь ажлыг нь хийж л байя. Үнэхээр энэ хар чулуу хөвөн, ноос шиг болоод, галд шатахгүй, улмаар дулаалгын материал болдог юм байх даа” гэж бодоод байсан юм шиг байгаа юм, сүүлд хүүрнэж байхад. Мэдээж 2000-2005 онд үйлдвэр ашиглалтад орсон гэхээр таван жил гаруй өчнөөн бэрхшээл туулж байж үйлдвэрээ байгуулсан. Анхны галлагаагаа өвөл болж байхад, арваннэгэн сарын сүүлчээр анхныхаа хайлалтыг эхлүүлж байсан.

basaltwool

-ХҮЙТЭН, ЦАС ОРЧИХСОН ХҮНД НӨХЦӨЛД ХАЙЛАЛТ ЭХЛЭЭД, АНХНЫХАА ХӨВӨНГ ГАРГАЖ АВСАН-

-Нэлээн хүйтэрсэн үе байж таарах нь ээ?

-Хүйтэн, цас орчихсон байсан. Гадны мэргэжилтнүүд нэлээн бээрэг. Хүнд нөхцөлд хайлалт эхлээд, оройн 10, 11 цагийн үед анхныхаа хөвөнг гаргаж авсан. Ингээд ямар ч байсан хөвөн гэдгийг үйлдвэрлээд эхэлсэн. Тэр үед хөөсөнцөр, Хятадын шилэн хөвөн хэрэглэдэг. Бид бизнесийнхээ ирээдүйг харж нэлээн хүнд, технологи шаардсан салбарыг сонгосон. Анх үзэсгэлэн дээр танилцаж байсан герман инженер “Бизнес чинь гайхамшигтай. Доод тал нь 100 жилийн настай, тэрнээс ч урт насална. Гол нь улс орон, эдийн засгийн хөгжил, хууль дүрэм биелэх, компаниудын чинь хөгжилтэй их холбоотой. Тэгж байж хүмүүс хэрэглэж заншдаг юм. 60, 70 онд Европт ч гэсэн хямд төсөр бүтээгдэхүүн, хөөсөнцөр хэрэглээд, өчнөөн метро, нисэх онгоцны буудал, кинотеатрууд шатаад, хэдэн зуун хүн үхэж байж л дараа нь төр засаг хууль дүрэм гаргаж, барилгын дулаалгад галд шатахгүй материал хэрэглэсэн. Европт 80-аад оны сүүлч гэхэд хууль цэцэглэж эхэлсэн. Танай улс үүнийг хүлээн зөвшөөрч, хөгжтөл чамд бас нэлээн тэвчээр шаардагдах байх” гэж хэлж байсан. Үнэхээр тийм байсан л даа. 2005 оны үед баахан үйлдвэр Хятадаас түүхий эдээ авчраад, хөөлгөөд. Ном дүрэм, стандартаар нь ч хийж чадахгүй байлаа. Бизнес гэдэг мөнгөний л асуудал шүү дээ. Хурдан их мөнгө олъё гэсэн бол базальтынхаа үйлдвэрийг байгуулснаас 20 дахин бага хөрөнгөөр хөөсөнцрийн үйлдвэр байгуулаад, өдөр шөнөгүй зараад, мөнгөтэй болох боломж байсан л байх. Гэхдээ би тэгж бодоогүй. Яагаад гэвэл тэр бол 5, 10 жилийн л ажил. Хүн чинь бас нэг юмыг эхэлчихээрээ гарч чаддаггүй. Муу ч байна уу, сайн ч байна тэрийгээ л хийгээд байдаг. Бид хүнд замаар ч болов урт настай, алсдаа зах зээл дээр өрсөлдөх чадвартай хамгийн сайн бүтээгдэхүүн хийх нь үр дүнгээ өгөх юм байна гэж үзээд, энэ 10 гаруй жил хэрэглэгчээ бэлдэх ажлууд хийж байлаа. Манай зураг төслийн компаниуд битгий хэл барилгын томоохон компаниуд ч энэ талын ойлголт муутай байсан. Шатаж, эрсдэл үүссэний дараа л ойлгодог. Ингэж үзсээр байгаад өнөөдөртэй золгож байна.

-Чулуун хөвөнгийн эрэлт хэрэгцээ хэр их байна вэ?

-Сүүлийн таван жилд Монголд томоохон төслүүд хэрэгжээд, Шангри Ла, шинэ нисэхээс эхлээд “Цонжин болдог”-ийн төмөр хийцийг бүгдийг нь дулаалж, галын хамгаалалт хийж өглөө. “Өргөө” кинотеатрын дуу чимээний бүх аккустикийг хийлээ. Улаанбаатар их дэлгүүр, Холлидэй гээд. “Ривер гарден” гэж том төсөл байна. Энхтайваны урд талын барилгууд байна. Үнэхээр Герман найзын маань хэлж байсан үг үнэн байгаа юм. Гадны томоохон төсөл хөтөлбөрүүд манай бүтээгдэхүүний стандартыг тавьчихаж байгаа юм. Монголоос хайхаар манай бүтээгдэхүүн гараад ирдэг. Тийм учраас одоо манай барилгын компаниуд өөрсдийн чанар стандартыг эрхэмлэдэг болсон байна. Хэрэглэгчид ч гэсэн “Монгол базальт”-ын basalt wool-ээр дулаалсан байшинг эрэлхийлдэг. Тийм байшнгийн борлуулалт ч өндөр болсон байна. Үнэхээр цаг хугацааны явцад өөрсдийнхөө чанар стандарт, хэрэглэгчийн мэдлэг чадамж барилгын салбар, барилгын компаниудын хөгжилтэй холбоотойгоор манай компаний бүтээгдэхүүнийг сонгодог болсон. Энэ үр дүнд хүрэхийн тулд 10 гаруй жил зарцууллаа. Энэ хооронд ажилчдаа бэлтгэх, өөрсдийгөө хөгжүүлэх гээд тасралтгүй хөдөлмөрлөж ирлээ.

-Аливаа бизнес амжилттай явахад боловсон хүчний мэдлэг чадвар чухал. Танай компани энэ асуудалд хэрхэн анхаарч ирэв?

-Хятадын хөдөс хөвөнгийн салбар ямар байлаа, энэ 10 жилийн дотор дэлхийн төвшинд хүрсэн. Бид бас л тэр түвшинд хүрэхийн тулд туршилт сорилуудаа хийх, гадна дотны мэргэжилтнүүд урьж авчирч ажилчдаа сургах, өөрсдөө олон улсын янз бүрийн конференц хурлуудад сууж, энэ төрлийн бизнес эрхэлдэг технологийн компаниудтай түншлэх гэх зэргээр өөрсдийгөө хөгжүүлсэн. Үүний үр дүнд технологи техникийн хөгжлийг, анх 10 гаруй жилийн өмнө байгуулсан үйлдвэрийг тасралтгүй өнөөдрийнхөө хөгжилтэй нийлүүлэхийн тулд удаа дараа их засвар, их шинэчлэл, реконструкц хийж, шилдэг инновациуд нэвтрүүлж, түүний ачаар өртгөө хямдруулж ажиллалаа. Мэдээж хэрэг ажилчдын ур чадвар сайжраад ирэхээр чанар сайжирна. Ямар ч байсан бид бүтээгдэхүүнээ өнөөдөр Монголын нүүр болсон томоохон төсөл, хөтөлбөрүүдэд нийлүүлж байна. Оюу толгой хүртэл манай бараа бүтээгдэхүүнүүдийг сонгон авч байна гэдэг бас энэ олон жилийн хөдөлмөрийн үр дүн.

basaltwool

-ЧУЛУУН ХӨВӨН ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ХОРГҮЙ-

-Чулуун хөвөн хүний эрүүл мэндэд хор хөнөөлгүй юү?

-Базальт гэдэг чинь байгалийн галт чулуу. Галт уулын чулуунаас гарган авч байгаа учраас хүний эрүүл мэндэд ямар ч хор нөлөөгүй. Энэ дотор чинь бүр цэцэг навч тарьдаг. Би түрүүн тэр базальтан дотор цэцэг, ургамал, помидор тарина гэж ярьсан. Бид байгалийн чулууг “хонины ноос” болгочихож байгаа учраас энэ чинь хөрс болж хувирч байгаа. Дэлхийн “Rockwool” гэж компани байна. Дэлхий дээр энэ чулуун хөвөнг бусад дулаалгын материалуудаас хамгийн эрүүл материал гэж зарласан. Бид 10 гаруй жилийн хугацаанд зах зээлд нэвтрүүлэхийн тулд бүх л лабораторийн сорил шинжилгээнүүд хийлгэсэн. Шангри Ла, шинэ нисэх гээд бүх гадны төсөл, хөтөлбөрүүд манай бүтээгдэхүүнийг аваад, өөрийнхөө улсад аваачиж лабораторийн бүх л сорил, шинжилгээний ажлууд хийнэ. Тэр болгонд манай бүтээгдэхүүнүүд тэнцэж, гадны томоохон компаниудын бүх сорилыг давж чадсан. Тэр хэмжээнд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж чадаж байгаа.

-Rockwool, basalt wool гэсэн хоёр ойлголт байна. Энэ хоёр юугаараа ялгаатай вэ?

-Rockwool гэдэг дэлхийн том брэнд компани. “Basalt wool” гэдэг нь Монголын эзэмшиж байгаа барааны тэмдэг. Тийм барааны тэмдэгтэй л байвал Монгол базальт” компаний үйлдвэрлэсэн чулуун хөвөн байх нь ээ гэж ойлгож болно.

-Дулаалгын зах зээл дээр хичнээн төрлийн хөвөн материал байдаг вэ?

-Гурван төрөл бий. Чулуун хөвөн гээд базальтын хөвөн байна. Шилэн хөвөн, шаарган хөвөн гэж бий. Шаарган хөвөн Хятадаас орж ирдэг. Гурвуулаа дулаан тусгаарлагч материалууд. Чулуун хөвөн -180 градуст байж чадна гэсэн үг. Дээр нь өөрийнх нь галд шатддаггүй зэрэг шинж чанарууд бий. Манайхан шилэн хөвөн муу, хатгадаг гэх зэрэг буруу ойлголттой байдаг. Хүмүүсийн яриад байдаг шиг шилэн хөвөн бас муу материал биш байхгүй юу. Шилэн хөвөнг кварцын элс, хаягдал шилээс гаргаж авдаг. Дутагдалтай гурван юм байдгийн нэгд, галд тэсвэргүй, шатдаг. Хоёрт, хөвсгөр хөнгөхөн. Тэр чигээрээ агаар учраас -10 градусаас дээш температурт дулаан барих чадамжаа алдчихдаг. Шилэн хөвөн агаараараа дулаан барьдаг. Стандартаараа Солонгос, Шанхай, Скандинавын орнууд зэрэг дулаан уур амьсгалтай, жилийн дундаж температур нь -10 градусаас дээш гардаггүй улсуудад хэрэглэдэг. Тэрийг нь манай барилгынхан, наймаачид сайн мэдэхгүй зөөж оруулж ирээд, хөнгөхөн болохоор нь хийчихдэг. Манай дээр өчнөөн айлууд ирж байна.

-Байшингаа дулаалуулахаар уу?

-Тийм ээ. Зуслангийн байшингаа шилэн хөвөнгөөр дулаалчихсан, даараад байна гэж. Шилэн хөвөнгөө авч хаяна гэдэг. Би битгий ав аа, наадах чинь Монголд тохироогүй бүтээгдэхүүнээр хийчихсэн байна. Манайх -15, -18-аас дээш градус өндөр, тэгээд даараад байгаа юм. Тийм учраас шилэн хөвөн дээрээсээ дараад чулуун хөвөнгөө хийчих, тэгээд дулаахан болно гэж зөвлөдөг. Олон айл анхнаасаа материалаа буруу сонгосноос болоод ханаа нураагаад хийж байна. Өөр сонголт байхгүй. Шаарган хөвөн гэдэг нь төмрийн үйлдвэрийн хаягдал шлакнаас гаргаж авдаг. Орос зэрэг оронд иргэний барилгад хэрэглэхийг хориглосон. Хятадууд зөвшөөрөөд байдаг. Манайхан оруулж ирдэг. Хямд төсөр санагддаг байх. Хөөсөнцрийг бид хэрэглээд сурчихсан. Хятад, Орос зэрэг олон оронд галын аюултай гээд хориглочихсон. Хөгжилтэйгээ уялдаад манайд тодорхой хэмжээнд зөвшөөрч байгаа. Ийм дулаалгын материалын зах зээл дээр бид өөрсдийнхөө чанар, стандартаар ялгараад ажиллаж байна.

-Галт уулын магмын халуун хайлмагийн царцдасаас тогтсон базальт чулуу ашигладаг юм байна. Түүхий эдээ хаанаас авч байна вэ?

-Багануурын урд талд манайх өөрийн уурхайтай. Түрүүн хэлсэн, гурван жил эрэл хайгуул хийсэн, тэднээсээ олзворлодог. Карьер яаж ажилладаг вэ, түүн шиг ажиллана. Энэ чулуунаас маш сайн хөвөн гарна. Энэ дотор л маш сайн хөвөн гардаг эрдэс найрлага нь байгаа байхгүй юу. Өнөөдөр Японы лабораторид шинжлээд манай хөвөнг Оросын хөвөнгөөс сайн, өндөр температур дааж байна. Хятадын хөвөнгөөс илүү химийн бүтээгдэхүүнд тэсвэртэй байна гэж тогтоосон. Энэ нь манай түүхий эдийн чанартай холбоотой юм.

basaltwool

-ДЭЛХИЙН МОДУЛЬ ЗАГВАР ХЭРЭГЛЭГЧ ТӨВТЭЙ БОЛЖ ЭХЭЛЖ БАЙНА-

-Айл өрхүүдэд чулуун хөвөнгийн давуу талыг мэдэрч байна уу? Танайд хэр их хандаж байна вэ?

-Яг аминдаа байшин барьж байгаа хүмүүс өөрөө ирж авдаг юм. Нүхт, Зайсан, Найрамдал гээд хувийн орон сууцныхан ирж их авна. Манай бизнесийн гол онцлог рекламаар юм уу, хямдхан байна гэдгээрээ борлогддоггүй. Олон нийтэд чанар, стандартаа ойлгуулж, мэдүүлэхийг чухалчилдаг. Бидний бүтээгдэхүүнийг худалдаж авсан хүн нь хождог логиктой. Дэлхийн модуль загвар хэрэглэгч төвтэй болж эхэлж байна. Нэг ёсондоо хэрэглэгч илүү ихийг хожих, хэрэглэгчид үр өгөөжөө өгдөг бизнесийн загварууд их дэлгэрч байна. Санамсаргүй бидний хийж байгаа бизнес маань яг тийм загвартай. Нэг удаа би танд 100 төгрөгөөр бүтээгдэхүүнээ зарчихлаа гэхэд та байшиндаа хэрэглээд, доод тал нь 50-100 жил эрчим хүчээ, түлээ нүүрснийхээ зардлаа хэмнэнэ, эрүүл мэндээ хамгаална, галын аюулгүй байна. Мөн цахилгаан станцуудын том трубаг Хятадын дулаалгаар дулаалахад дулааныхаа 60 хувийг алддаг. Энэ асар их хөрөнгөөр халуун ус, дулаан үйлдвэрлээд, танай гэрт аваачихын тулд 60 хувийг нь агаарт халаачихаж байна. Манай бүтээгдэхүүн тэр 60 хувийг 0 хувь хүртэл бууруулах чадвартай дулаалгын бүтээгдэхүүн учраас бид төрд санал болгож байгаа юм. Тэр 60 хувийн алдагдал байхгүй болохоор улс ямар их ашиг олох нь тодорхой. Агаарт халааж буй илүүдэл халууны төлбөрийг хэрэглэгчид хувааж төлж байгаа. Тийм учраас бидний хийж буй бүтээгдэхүүн, зах зээлд ниийлүүлж байгаа загвар маань хэрэглэгч, барилгын компаниуд, төрийн шугам сүлжээний компаниудад үргэлж урт хугацаандаа үр ашгаа өгч байгаа.

-Чулуун хөвөнг хүлэмжийн хийг бууруулах, эко бүтээгдэхүүн гэдэг юм билээ. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Өнөөдөр Киотогийн протокол, Парисын хэлэлцээ гэж бий. Тэнд улс орны томчууд хүлэмжийн хийг багасгах, эрчим хүчний алдагдлыг бууруулах талаар ярьж байна. Нүүрс бага түлэхийн тулд айл гэр, шугам хоолой нь дулааны алдагдал бага байх хэрэгтэй. Нүүрс бага түлэгдэж, хүлэмжийн хий бага гаргана. Дэлхийн улс орнуудын өмнө тавигдаж буй зорилтод яг манайтай ижил төстэй зорилго бүхий үйлдвэрлэгч нар манлайлж байна. Тэр манлайллын үйлдвэрийг Монголдоо байгуулаад, Монголынхоо хувьд хийж чадаж байгаа нь бас боломж өгч байна. Тийм ч учраас бид Чингэлтэй дүүргийн Засаг дарга, хороодтой хамтраад иргэддээ байраа дахин дулаалах талаар сургалт явуулж байна. Улаанбаатарын утааг бууруулна гээд 10 гаруй жил өчнөөн зуух тараалаа. Байшин нь дулаалгагүй байвал тэнд ямар ч зуух, ямар ч цахилгаан халаалт тавиад нэмэргүй. Байшингаа дахин дулаалчихвал нүүрс бага түлнэ, хэрвээ цахилгаан халаагууртай бол цахилгааны мөнгөө бага төлнө. Хэрэглэгчдэд ямар үр ашигтай нь харагдаж байна. Төр засгаас хэрэглэгчиддээ орон бараа дулаахад нь, банкууд ногоон зээлээ тэдэндээ түлхүү, бага хүүтэй, урт хугацаатай өгснөөр улс орон хожих гээд байна. Айл дулаан байхаас гадна айлаас гарч буй утааг багасгах хамгийн гол эх үүсвэр тэр айлыг дахин дулаалах юм. Дэлхий даяар ийм байна. Герман, Латви, Эстони зэрэг орны тосгод бүгд дахин дулаалж байна. Тэр битгий хэл хуучин орон сууцуудаа дахин дулаалаад байхад бид нөгөө л агаар шүүгч тараасан хэвээрээ.

-Энэ нь аливаа асуудалд шинжлэх ухаанч бус, судалгаагүй хандаж буйн харгай болов уу?

-Санал нэг байна. Тэгэхээр үр дүн нь гардаггүй. Иргэдэд сургалт хийгээд, ойлгуулчихвал, гудамж гудамжаараа байраа дулаалчихна шүү дээ. Энэ бол Монголд хамгийн том гарц, хамгийн амархан хийж болох юм гэж боддог. Ганцхан төрөөс санхүүгийн хувьд дэмжих чухал. Германд ногоон зээлийн сан гэж бий. Хүчирхэг эдийн засагтай улс байраа дахин дулаалахад хүүгүй зээл өгч байна. Тэр битгий хэл капиталист гээд байгаа Англид нэг хүн зочид буудлаа дахин дулаалвал дулаалсан мөнгийг нь татвараас нь чөлөөлөөд өгч байна. Дахин дулаалснаар тэр хүн хожихоос гадна улс хожно. Тэр хүнд өгч байгаа эрчим хүч багасна шүү дээ. Манайх ч гэсэн барилгуудын дулааны алдагдлыг бууруулах юм бол тэр хэмжээгээр эрчим хүч хэмнээд, трубануудаа заавал бүдүүн болгохгүйгээр дахиад 20, 30 давхар орон сууц барих эх үүсвэрээ дулааны алдагдлаа бууруулснаар олж авах боломжтой.

basaltwool

-МАНАЙ ЧУЛУУН ХӨВӨНГӨӨС ГАРСАН ГУРИЛЫН ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ МАШ ӨНДӨР ГАРСАН-

-Саяхан базальт чулуун хөвөнгийн туршилтын дээжээ тормозны наклад дээр амжилттай туршчээ. Та энэ талаар ярихгүй юу?

-Бид нэгэнт энэ чиглэлийн үйлдвэрлэл эрхэлж байгаа учраас Япон, Хятад, Оросод бүх л судалгааны ажлыг хийж байна. Бараг дөрөв дэх жилдээ” Марубени Интекс” гэж Японы компанитай хамтраад, Японд бараа бүтээгдэхүүнээ гаргах судалгааны ажлууд хийж байгаа. Компаниудын тусламжтайгаар Японы судалгаа төслийн төв дээр чулуун хөвөнгийнхөө дээжийг аваачиж, тэнд манай хөвөнг нунтаглаад гурил болгоод, тэр гурилаараа тормозны накладны 35 хувьд холиод элэгдэлгүй, сайн чанарын наклад хийх туршилтууд хийгдэж байгаа. Японд урьд нь хийгдэж байсан ажлууд. Манай чулуун хөвөнгөөс гарсан гурилын техникийн үзүүлэлт маш өндөр гарсан учраас бид лабораторийн түвшинд туршилтын шатны гэрээтэй ажиллаж байгаа. Хэрвээ энэ маань амжилттай болвол бид худалдааны гэрээ хийчих горьдлоготой ажиллаж байна. Аль болохоор л Японы талд сайн үнэ, сайн боломж өгөхийг зорьж байна. Тэгвэл манай Монголын нэг ч гэсэн бүтээгдэхүүн Японы зах зээлд нэмэгдэнэ. Бидэнд чулуу нь, технологи нь байна. Хайлаад хөвөн болгоод, шуудайлаад, прээслээд ачуулчихна. Хүнд ажил байхгүй. Боломж дүүрэн. Тэрэнтэйгээ холбогдуулаад үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх нэлээн томоохон төслийг Италийн компанитай хамтраад хийж байгаа. Ийм ажлууд зүгээр нэг хоёр өдөр, дарга нарын нэг удаагийн айлчлалаар хийгдчихгүй. Маш удаан хугацаанд хийгдэнэ. Зөвхөн саяын туршилтын үр дүн гурван жил ноцолдож байж гарлаа шүү дээ.

-Үйлдвэр технологийн бизнес амар биш байх л даа?

-Амар биш. Манай компаний дээж болчихлоо гэхэд энэ компани ядаж 10 жил тогтвортой нийлүүлж чадах уу, Монгол Улсын улс төрийн тогтолцоо нь юу байна, энэ компанийг үнэлдэг юм уу, компанийх нь захирал өөр ажил хийгээд энэ ажлаа анхаарахгүй байх юм биш биз гэх асуудлыг судална. Гэрээ байгуулсан тохиолдолд бид бүтээгдэхүүнээ найдвартай нийлүүлэхгүй бол бөөн асуудал үүснэ. Дэлхийн хэмжээний арилжаа хийж байгаа компани, дэлхийн хэдэн зуун машин үйлдвэрийн салбарт наклад нийлүүлж байна. Эхлээд түүхий эд материал, техник судалж байсан бол эргээд манай багийг, намайг судалж байгаа. Энэ хүн ямар хүн байна, үйлдвэрийнх нь инженер техникийн ажилчид ямар байна, залгамж чанар нь ямар байна гэж судална. Ийм олон зүйлийг туулж, цаг хугацаа зарж байж технологийн бизнес дээр тэр том худалдааны гэрээ хийгддэг юм байна. Үзэсгэлэнд оролцоод амжилт гаргалаа гээд сайрхаад байдаггүй л ажил байна лээ.

-Төр үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэж олон жил ярилаа. Таны эхлүүлсэн бизнесийг төрөөс дэмжиж ажиллаж байна уу?

-Цаасан дээр бол сайхан дэмжинэ шүү дээ. Тушаал, тогтоолд ямар мөнгө зарах биш. Хоёр гурван хуудсаар нь хэвлээд гаргачихна. Тэр нь амьдралд хэрэгжинэ гэж байхгүй. Тендер нэрийн дор Монголын бүх бүтээн байгуулалтын чанар чансаа алдагдаж байна. Зарим компаниуд бүхэл бүтэн тендерээр амьдраад, бүхэл бүтэн сүлжээ болчихсон байна. Тийм учраас сүртэй дэмжиж шалихгүй. Нэгд, миний мэргэжил, хоёрт би өөрийнхөө бизнесийг сонгохдоо хүний хийж байгаа загварыг давтсангүй. Хүн талх хийж байхад талх хийе гэж бодсонгүй, сүүний үйлдвэр байгуулж сүү хийе гэж бодсонгүй. Миний хийж байгаа томоохон хоёр төслийг урд нь ямар ч монгол компани хийж байгаагүй. Бизнесийн загварыг бизнесийн суурь болгон хөгжүүлж, ямар ч байсан техник технологийн бизнесийг монгол хүн, монгол инженер хийж болдог юм байна гэдгийг, ингэж амьдарч болох ёстой гэдгийг залуу инженерүүдэд харуулахгүй бол бүгдээрээ л нам улс төрөөр дамжиж, мөнгө олохыг хичээж байна. Хэн нэгний ивээлд орж байж таван цаастай болдог, тендер л авахгүй амьдрал байхгүй юм шиг ийм нийгмийн тогтолцоо чинь хүмүүсийн хөгжиж дэвших, өөрсдийгөө хөгжүүлэх боломжийг хааж байна. Тийм учраас бизнесийн салбарт зарим нь өөрсдийнхөө хөгжил дэвшлийг их мөнгө олохоосоо илүү түүх үлдээж, цаг хугацаагаар өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлэх ийм салбарт хүчээ сорьж харуулахгүй бол бие биенээ дуурайж, нэгнийхээ хийснийг 10, 20, 30-уулаа хийж, нэгийгээ чирж унагаагаад. Нэг нь нэг юм оруулаад ирэхээр нөгөөдүүл нь дуурайж оруулж ирээд, нөгөөхөө унагаадаг ийм “чөтгөрийн тойрог” шиг юм хөгжил биш байна гэдгийг бидний хорин хэдэн жил харууллаа. Тийм учраас би энэ салбарт ямар ч байсан түүхэн мөр үлдээх, мэдээжийн хэрэг бусад томоохон төсөл, эдийн засаг зах зээл дээр хэрэглэгчдэд хүлээн зөвшөөрөгдөх чанар, стандартыг давуулан биелүүлж өгч чадах хэрэгтэй. Төр засаг гэхээсээ илүү Монголын ард түмэн, томоохон төслүүд манай компаний бүтээгдэхүүнийг хүлээн зөвшөөрөх нь, хэрэглэх нь л хамгийн том дэмжлэг байхгүй юу.

-Бидний сууж ярилцаж байгаа энэ танхим сургалтынх бололтой. Ямар чиглэлээр сургалт явуулдаг юм бэ?

-Бид мэдээжийн хэрэг өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг чанаржуулах, тэрийгээ хэрэглэгчдэд ойлгуулахын тулд үргэлж сургалт явуулдаг. Би зориуд сургалтын танхим нээж байгаа. Оюутнуудыг авчирч сургалт зохион байгуулна, зургийн архитерторууд, хороодын иргэд, засаг дарга нарыг авчирна. Ийм маягаар хүмүүст мэдлэг олгож байж бизнес цаашаа хөгждөг юм байна гэдгийг бид өнгөрсөн хугацаанд харсан. Дэлхийн ижил төстэй компаниуд ч энэ тал дээр түлхүү анхаардаг. Манай борлуулалтын менежерүүд бүгд багш менежерүүд.

-Нийт хичнээн хүнийг ажлын байраар хангаж байна вэ?

-Манай үйлдвэр 55 хүнтэй. Анхнаасаа бүтээмж, технологийн механизацийг нэлээн өндөр тавьж, зардлыг хамгийн бага түвшинд байлгахын тулд хөдөлмөрийн зарцуулалтын багтаамж багатай, нэгж бүтээмж өндөртэй байх технологийн шийдлүүдийг хийсэн. Цаашид ч бид үйлдвэрийнхээ технологийн шинэчлэлийг хүний тоог өсгөхдөө биш чадварлаг бүтээмжтэй инженерүүд, техникийн ажилчидтай, бүрэн автоматжлагдсан, бүрэн технологижсон чиглэл рүүгээ хөгжүүлнэ. Манай үйлдвэрийн загвар ч тийм. Тэгж байж хөгжих боломжтой учраас би “Ажлын байр уу, бүтээмж үү” гэж хэлдэг юм. Өндөр бүтээмжтэй ажлын байран дээр байгаа хүмүүсийн цалин хөлс өндөр байна. Тэр түвшний мэдлэг чадвараа дээшлүүлнэ. Бид ч сургалтад хамруулна гэх мэтчилэнгээр ажиллуулна.

basaltwool

-МОНГОЛООС ӨӨР ГУДАМЖНААС ШИЛ ЦУГЛУУЛЖ АРИУТГААД, БУЦААГААД УНДАА УС ХИЙЖ ӨГДӨГ УЛС БАЙХГҮЙ-

-“Basalt wool”-ийг үндэсний брэнд гэж ойлгож байгаа. Нууц биш бол өнгөрсөн хугацаанд та энэ брэндийг бий болгохын тулд хичнээн төгрөг зарцуулсан бэ?

-Бид брэнд гэж хэлж чадахгүй. Ямар ч байсан өнөөдрийн зах зээлийн үнэлгээгээр манай компани 25 тэрбум төгрөг зарцуулжээ. Доллар 1800 байсан бол энэнээс үнэтэй. Би зах зээл дээр компаниа 50 орчим тэрбум төгрөгийн үнэ цэнтэй технологийн компани болгож чадсан гэж боддог.

-Та ярианыхаа эхэнд автомашины шилний үйлдвэр эрхэлж байсан тухайгаа ярьсан. Одоо автомашины шил үйлдвэрлэх юм уу?

-Үгүй үгүй. Дэд бүтэц, зам харгуй сайжраад ирэхээр машины шил хагарах магадлал нь багасчихаж байгаа байхгүй юу. Ерээд онд манай зам харгуй ямар байлаа. өндөр эрсдэлтэй үе, зам муу, чулуу хайрга ихтэй байлаа. Одоо машины шилний үйлдвэр тийм том бизнес биш. Наймааны алтан үед би ганзаганд явахгүйгээр үйлдвэртэйгээ ноцолдоод, тодорхой хэмжээний мөнгө олж чадсан.

-Та өөр ямар шинэ инноваци, технологи Монголдоо нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна вэ?

-Би лонхны шилний үйлдвэрийн төсөл дээр маш удаан ажиллаж байгаа. 1998 оноос хойш. Манай “Кока Кола”, АПУ гээд компаниуд 200 сая шилэн сав баглаа боодлыг Хятадаас импортлож байна. Бидний ууж буй ундаа, усны 60 хувиас шилний мөнгөө төлж байгаа. 10 хувь нь шошгонд зарцуулагддаг. Тэгэхээр бид 100 төгрөгийн 60-70 төгрөгийг нь зөвхөн тэр шилэнд өгчихөж байна. Тэр шилийг Хятадаас зөөж авчирна, дундаа хагарна. Хоёрт, Монголоос өөр гудамжнаас шил цуглуулаад, угаагаад танд ундаа хийж өгдөг улс байхгүй болчихсон. Хятадад гэхэд шилнүүдээ өнгөөр нь ялгаж бутлаад элс болгоод дахиж 2000 градуст хайлуулаад, шинээр ундаа, вино хийдэг. Гудамжнаас цуглуулсан шил бензин шатахуунаас эхлээд өөр хичнээн зүйл дамжаад үйлдвэр дээр очиж байгааг хэн мэдэх вэ. Тэгээд уураар жигнээд, дотор талыг нь угаагаад, дахиад л та бид хоёрт кока кола савлаад өгчихөж байна. Одоо соёлт ертөнцөд Монголоос бусад газар өөр болчихсон. Тэгэхээр Монголд лонхны шилний үйлдвэр зайлшгүй хэрэгтэй. 1957 онд Налайхын шилний үйлдвэр гэж байсан шүү дээ. Тэр үед Монголын хөгжил ямар байлаа.

-Өмнө нь манайд лонхны шилний үйлдвэр байсан уу?

-60, 70-аад онд монголчууд өөрсдийнхөө лонхны шилэнд ундаануудаа хийж байлаа. Хөөрхөн хөөрхөн хун, аквариум, цэцгийн сав хийж байлаа. Монгол 70, 80 онд шил шаазангийн салбарыг хөгжүүлж чадсан байхгүй юу. Хичнээн гоё шаазан, шилний үйлдвэртэй байлаа, дампууруулчихсан. Өнөөдөр гадаадад цэвэр усыг шилэн дотроос ууж байна. Бидэн шиг пластмассанд уудаг нь ховор байна. Пластмас чинь өөрөө дэлхийг яаж бохирдуулж байна вэ? Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шилэн савлаа боодол маш чухал. Бид өнөөдөр өчнөөн сайхан даршилсан ногоо хийдэг үйлдвэрүүдтэй болчихлоо. Зөгийн балаа савлаж байна. Хичнээн сайхан гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Бүгд л шилэнд орж байж маш чанартай бүтээгдэхүүн болно. Одоо элэгний нухаш гээд бүх юмыг шилэнд савлаж байна. Ийм гайхамшигтай. Шил өөрөө хамгийн ариун, цэвэр, тунгалаг. Импульсыг хамгийн чанартай хадгалж өгдөг. Ийм юмыг 50, 60 онд хийж чадаж байсан байж XXI зуунд хийж чадахгүй сууж байгаа нь эмгэнэлтэй. Тийм учраас ямар ч байсан үйлдвэрээ хөгжүүлэхээс гадна Монголд лонхны шилний үйлдвэр байгуулчих юмсан гэж бодож явдаг. Мэдээж ганцаараа байгуулчихгүй, лонхны шил хэрэглэдэг АПУ, Кока кола, “Газар шим” гээд шил өчнөөнөөр нь гаднаас авдаг компаниудыг уриад хамтраад, лонхны шилний үйлдвэр хийнэ гэсэн төсөл, ТЭЗҮ хийгээд явж байна. Том төсөл л дөө. 300-гаад хүнийг ажлын байраар хангаж, улс орон даяар хаягдал шилээ цуглуулах юм бол 20, 30 мянган хүний далд ажлын байр бий болгох том төсөл юм.

Д.ЭРДЭНЭТУЯА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.ЭНХТАЙВАН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.