Алтны үнэ түүхэнд анх удаа унц нь 4000 доллар давж, олборлогчдын хувьцаа "тэнгэрт хадав"
АНУ-ын эдийн засгийн төлөв тодорхойгүй, Засгийн газар нь санхүүжилтгүй болох эрсдэлтэй байгаа нь дэлхийн хөрөнгө оруулагчдыг аюулгүй хөрөнгө оруулалт руу хошуурахад хүргэж, алтны үнийн түүхэн өсөлтөд хүчтэй түлхэц болов. Үүний үр дүнд алтны спот ханш анх удаа унц нь 4000 ам.долларын босгыг давж, дэлхийн зах зээлд “алтан үе” нээв.
Ердөө хоёр жилийн өмнө 2000 ам.доллароос доогуур үнээр арилжаалагдаж байсан шар металл энэ он гарсаар 50 гаруй хувиар өсөж, XXI зууны хөрөнгө оруулагчдад хувьцаанаас ч илүү өгөөж өгч буй нь анхаарал татаж байна.
Геополитикийн хурцадмал байдал, дэлхийн худалдааны тодорхойгүй байдал, мөн АНУ-ын Холбооны Нөөцийн банкны хараат бус байдал, төсвийн тогтвортой байдалд үүссэн эргэлзээ нь алтны үнийн өсөлтийн гол шалтгаан болжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, 1970-аад оноос хойш алтны үнэ ийм хүчтэй өсөж байгаагүй. Тухайн үед дэлхий даяар инфляц огцом өсөж, АНУ ам.долларын ханшийг алтаар баталгаажуулах системээ халснаар алтны үнэ 15 дахин өсөж байсан билээ. Харин өнөөдөр ижил түүх дахин давтагдаж байна.
Bridgewater Associates-ийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Рэй Далио “Алт бол өдгөө яалт ч үгүй ам.доллароос илүү найдвартай хөрөнгө оруулалт” хэмээн мэдэгдэж, өнөөгийн нөхцөл байдал нь 1970-аад оны үнийн өсөлтийг санагдуулж буйг Гринвичийн эдийн засгийн форум дээр онцолжээ.
Алтны ханш уламжлалт ёсоор эдийн засаг болон улс төрийн тогтворгүй байдлыг даган хөдөлдөг. Тухайлбал, дэлхийн санхүүгийн хямралын дараа 1000 ам.долларын босгыг сэтэлж байсан бол цар тахлын жилүүдэд 2000 ам.доллар давж, энэ оны гуравдугаар сард АНУ-ын Трампын засаг захиргаа тарифын шинэ бодлогоо зарласны дараа 3000 ам.долларт хүрсэн юм.
Харин 2025 оны аравдугаар сард алтны үнэ 4000 ам.долларын дээд түвшинд хүрч, өмнө байгаагүй түүхэн амжилт тогтоолоо. Энэхүү өсөлт зөвхөн алтны үнэд бус, алт олборлогч компанийн хувьцаанд ч хүчтэй нөлөөлж байна.
Дэлхий даяар олборлогчдын хувьцаа огцом өсөж байгаа бөгөөд тэдгээрийн дундаас Монгол болон Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Erdene Resource Development (ERD) компанийн гүйцэтгэл онцгой анхаарал татаж буй.
Өнгөрсөн сард “Баян Хөндий” төслийн алт олборлолтоо эхлүүлсэн тус компанийн хувьцааны ханш анх удаа 10 канад доллароос дээш үнээр хаагдаж, энэ түвшнээ дараалан зургаан өдрийн турш хадгалжээ.
Энэ онд л гэхэд ERD-ийн хувьцаа 200 гаруй хувиар өссөн бөгөөд хэрэв одоогийн ханшнаасаа дахин 20 орчим хувиар нэмэгдвэл 2007 онд тогтоож байсан бүх цаг үеийн дээд амжилтаа даван гарах төлөвтэй байна. Тус жилд компанийн хувьцаа өдрийн арилжаанд 12.3 канад доллар хүрч байсан ч арилжааны төгсгөлд 9 орчим долларт хаагдаж байв.
Ийнхүү дэлхийн эдийн засгийн савалгаан дунд алт дахин “аюулгүй боомт” гэдгээ нотолж, “алтан бух хөлөглөсөн жил” хэмээх нэрэндээ тохирсон шинэ эрин эхлэв. Алтны үнэ 4000 ам.долларын дээд амжилтад хүрсэн энэ мөч дэлхийн санхүүгийн түүхэнд тод мөр үлдээж байна.
Б.ЖАРГАЛ













































.jpg)




















Сэтгэгдэл