Шинэ Зеландад 100 мянга гаруй багш, эмч цалингаа нэмүүлэхээр ажил хаяжээ

Aдмин / Гадаад мэдээ

Шинэ Зеландын түүхэнд хамгийн том ажил хаялт зохион байгуулагдаж байгаа ажээ. Энэхүү ажил хаялтад төрийн эмнэлэг, ерөнхий боловсролын байгууллагуудын ажилтнууд оролцож байгаа талаар “Radio New Zealand” радио станц мэдээлсэн байна.

Тэдний өгүүлснээр, цалин, ажлын нөхцөл байдалдаа сэтгэл хангалуун бус 100 мянга гаруй багш, сувилагч, эмч энэ эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцож буй аж. Шинэ Зеландын холбооны зөвлөлийн төлөөлөгч Ричард Вагстафф “Улсын засаг захиргаа бодит байдлыг авч хэлэлцэхгүй, эмч, багш нарын хөдөлмөрийг үнэлэхгүй байна” гэж мэдэгджээ.

Холбооны зөвлөлд төрийн албан хаагчдын холбоо (PSA), NZNO, Шинэ Зеландын боловсролын институт Te Riu Roa (NZEI), Сургууль, багш нарын холбоо (PPTA Te Wehengarua) болон Эмнэлгийн мэргэжлийн холбоо (ASMS) багтдаг бөгөөд ажил хаягчдын гол шаардлага нь цалингаа нэмэгдүүлэх аж.

Шинэ Зеландын засгийн газраас эмч нарт 16 сарын хугацаанд 5 хувийн цалингийн нэмэгдэл, сувилагч нарт 2025 оны зунаас эхлэн 2 хувь, 2026 оны зунаас дахин 1 хувийн нэмэгдэл олгох амлалт өгсөн ч энэ саналыг тус холбооноос хангалтгүй гэж үзжээ.

Үндэсний эмнэлгийн ажилтны холбооноос “Шинэ Зеландын Эрүүл мэндийн яам ажилтнуудын дуу хоолойг сонсож, эмч сувилагчдын үнэ цэнд тохирсон цалин хөлс олгох саналтайгаар хэлэлцээгээ үргэлжлүүлэх хэрэгтэй. Мөн эмнэлгүүдийг боловсон хүчнээр хангаж, шинэ ажилтнууд авахад саад учруулж буй асуудлыг зогсоох ёстой” гэж онцолсон байна.

Шинэ Зеландын Боловсролын яам багш нарт 12 сарын хугацаанд 4.7 хувиар цалин нэмэх санал хүргүүлсэн ч ажилчдын эвлэл энэ саналыг “Багш, дунд сургуулийн сурагчдын хэрэгцээ, ашиг сонирхолд нийцэхгүй” хэмээн татгалзжээ.

PPTA-ийн ерөнхийлөгч Крис Аберкромби “Энэ санал нь өмнө бидэнд тавьж байсан бүх саналаас бүр дордсон тул бид ажил хаялт зарлахаар шийдсэн” гэж хэлсэн ба багш нар аравдугаар сарын 29 болон арваннэдүгээр сарын 5-ны өдөр дахин хоёр эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулахыг мэдэгдсэн байна.

Шинэ Зеландын Ерөнхий сайдын хариу үйлдэл

Тус улсын Ерөнхий сайд Кристофер Лаксон "Асуудлыг шийдвэрлэхийн тулд ажилчдын эвлэл хэлэлцээний ширээний ард суух ёстой” гэж мэдэгджээ.

Тэр “Шинэ Зеландын иргэд ажилчдын эвлэл хэлэлцээ хийхийн оронд ийм арга хэмжээ авч байгаад санаа зовж байна. Учир нь, тэдний хийх ёстой зүйл бол хэлэлцээ хийх явдал юм” гэж хэлсэн байна.

“Radio New Zealand”-ын мэдээлснээр, Шинэ Зеландын түүхэн дэх хамгийн олон хүн оролцсон эсэргүүцлийн арга хэмжээ 1979 онд зохион байгуулагдсан бүх нийтийн ажил хаялт байжээ.

Тухайн үед 300 мянга орчим хүн цалинтай холбоотой хэлэлцээнд засгийн газрын оролцоог эсэргүүцэн, нэг өдрийн ажил хаялт зохион байгуулсан байна.

Эх сурвалж: TASS, RADIO NEW ZELAND
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.