Д.Алтангэрэл: Хийе бүтээе гэсэн сэтгэл хүнийг хөглөдөг

Д.Тулга / Орон нутаг

altangerel

ШУТИС-ын дэд профессор, хүндэт профессор, Техникийн ухааны доктор, Монгол Улсын зөвлөх инженер, Гавъяат барилгачин Дагвын Алтангэрэлтэй ярилцлаа.

-Юуны өмнө танд баяр хүргье. “Багш”, “Эрдэмтэн”, Шинийг санаачлагч”, “Үндэсний үйлдвэрлэгч”, бас “Консул” Алтангэрэл. Одоо үүн дээр “Гавъяат” гэх эрхэм алдар нэмэгджээ. Энэ хүртэл явж ирсэн замналыг тань сонсмоор байна?

-Баярлалаа. Би 1971 онд Политехникийн дээд сургуулийг төгссөнөөс хойш өнөөдрийг хүртэл улсад 46 жил хөдөлмөрлөжээ. Үүнээс 22 жилийг нь барилгын салбарын мэргэжилтэн бэлтгэхэд зориулсан байна. Өнөөгийн ШУТИС-ийг Политехникийн дээд сургууль байхаас нь Техникийн их сургууль болтол нь лаборантаас нь эхлээд сургалт хариуцсан проректор хүртэл нь ажилласан даа.

-Ихээхэн ирээдүйтэй байж болох проректорын ажлаа сайн дураараа өгөхөд тань олон хүн гайхсан гэдэг?

-Тийм ээ, гайхсан. Миний хувьд инженер хүнд байдаг гэгээн хүслээ дагасан. Бид цаасан дээр л юм хийгээд байдаг. Бодит амьдрал дээр түүнийгээ хийж чаддаггүй. Тиймээс нэг л өдөр ажлаа өгөөд үйлдвэрлэл дээр гарсан. 1994 он шүү дээ. Монголчуудын амьдрал сайнгүй байсан үе. “Ийм хүнд нөхцөлд боломжийн ажлаа сайн дураараа орхино гэдэг хэтрүүлж хэлбэл амиа хорлохтой адил” гэж зарим нөхөд маань хэлж байсан. Гэвч би зүрх сэтгэлээ дагасан. Шинэ зүйл хийж бүтээхэд шунасан. Хожимдоогүй дээрээ амьдралаа шинээр эхлэхийг хүссэн. Одоо энэ шийдвэртээ баярладаг. Магадгүй тэр үед би зүрх сэтгэлээ сонсоогүй бол хэрхэхийг таашгүй.

-Магадгүй 1971 онд сургуулиа төгсөөд үйлдвэр дээр гарсан бол гэж боддог уу?

-“Онц сурсан” гэдэг шалтгаанаар намайг үйлдвэр дээр гаргаагүй юм л даа. Түүнээс хүсэл бол байсан. Гэвч цаг үе нь дотооддоо мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхийг шаардаж байсан юм. Тиймээс сургуульдаа багшаар үлдсэн.

-1970-аад он Монгол Улсын хувьд их барилгажилтын он жилүүд байсан юм болов уу. Одоогийн орон сууцнуудын ихэнхи нь тэр үес баригдаж эхэлсэн байх?

-Тийм ээ. Барилга, аж үйлдвэр гээд бүхий л салбарт ид бүтээн байгуулалт өрнөж байсан үе. Тэр дундаа барилгын салбар мэргэжилтэй боловсон хүчин, инженерүүдээр цангаж байлаа. Тиймээс анх Политехникийн дээд сургуулийг Их сургуулийн харъяанд байгуулж, дотооддоо мэргэжилтэн бэлдэж эхэлсэн. Хожим ЮНЕСКО-гийн тусламжаар сургалтын баазыг нь бэхжүүлээд тусад нь гаргасан түүхтэй.

-Та дотооддоо мэргэжилтэн бэлтгэхэд гар бие оролцоод зогсохгүй Ленинградад консулаар ажиллаж байсан гэсэн. Энэ тухайгаа ярихгүй юу?

-Тухайн үеийн ЗХУ-ын Ленинград хотод Ерөнхий консулын газар оюутан хариуцсан дэд консул гэдэг албанд таван жил ажилласан. Энэ хугацаанд Ленинградад олон зуун инженер, мэргэжилтэн бэлтгэгдсэн. Хүний газар тэр олон хүүхдийг хөл алдуулчихгүй юмсан, аль болох төгсгөчих юмсан гэж хичээдэг байлаа. Хаа очиж орос багш нар монголчуудад элэгтэй. Очоод уулзахад нааштай хүлээж авна уу, гэхээс цаашаа гэх нь үгүй.

-Монгол оюутнууд хэл ам татлах нь гайгүй байсан уу. Эсвэл эсрэгээрээ юу?

-Гайгүй дээ. Гэхдээ цусанд нь нэг зан байдаг юм шиг. Одоо ч ажиглагдаж л байдаг юм. Түргэн зантай. Жаахан ууж идэхээрээ омогтойдуу. Энэ зангаа л дарчихвал хэн ч байсан болно доо.

-20-иод жил улсдаа мэргэжилтэн бэлтгэхэд гар бие оролцжээ. Шавь нарынхаа тоог гаргаж үзсэн үү?

-Одоо хэцүү шүү дээ. Энд тэнд явж байхад “Багш аа” гэж дуудвал их сургуулийнх юм байна. “Консул аа” гэж дуудвал Ленинградынх юм байна л гэж боддог болоод байна шүү /инээв/.

-Эцэст нь та багшийн ажлаа орхиод үндэсний үйлдвэрлэгч, бизнесмэн болжээ. Өөрөөр хэлбэл, зааж сургахаа болиод үйлдвэрлэл, бизнест суралцаж эхэлжээ гэх гээд байна л даа. Таны анхны бүтээл юу байв?

-Би энд тэнд барилга баригдахаар дээврийг нь эхэлж хардаг. Архитектурын хувьд онцгой шийдэлтэй дээвэр миний сонирхлыг татдаг. 1994 он бол монголчуудын хувьд зүтгүүртэй цаг үе байсан. Ид шилжилтийн үеэ туулж байлаа шүү дээ. Энэ үед “Монгол дээвэр” компаниа байгуулсан. Анх Германы техникийн туслалцааны төслүүдэд оролцоод явж байхдаа энэ санаагаа бодож олсон юм. Бид дотооддоо дээвэр үйлдвэрлэдэггүй. Импортоор өндөр өртөгтэй дээвэр авна, эсвэл хятадаас чанаргүй хямд дээвэр оруулж ирнэ. Хүн амын дийлэнхи нь хар цаас гэх мэт “түр дээвэр” хэрэглэнэ. Гэх мэтчилэн орхигдсон салбар байсан. Тиймээс төсөл бичсэн хэрэг. Миний төсөл ч германуудад таалагдсан. Ингэж л олон жил хүсч мөрөөдсөн ажлаа эхлүүлэх боломжтой болсон.

-Одоо “Монгол дээвэр”-ийг мэдэхгүй хүн ховор болжээ. Үүнээс гадна танайх түүхий эдээ дотоодоосоо авдаг онцлогтой гэж сонссон. Энэ талаараа сонирхуулахгүй юу?

-Тийм ээ, түүхий эд нь манайд байдаг юм. Сайн чанарын, угаасан элс Дарханд байдаг шүү дээ. Мөн цементээ ч дотооддоо үйлдвэрлэдэг боллоо. Өмнө нь бид замаскаа хүртэл Эрээнээс зөөдөг байлаа шүү дээ. Одоо ихэнхийг нь дотооддоо үйлдвэрлэж байна. Барьж байгаа барилгын 80 хувьд дотоодын бүтээгдэхүүн ашиглаж байна. Энэ бол 2012-2016 онд Ардчилсан намын хэрэгжүүлсэн оновчтой бодлогын үр дүн гэж харж байгаа.

-Вааран дээвэр гэхээр үнэ өртгийн хувьд өндөр байдаг уу. Мөн технологийн хувьд давуу байж чадах уу. Эрэлт ер нь хэр байдаг вэ?

-Хятадаас оруулж ирж байгаа дээврүүдтэй л ижил үнэтэй. Онцлог нь 100 хувь эх орны үйлдвэрийнх. Бид анх вааран дээврээ хийгээд гаргаад иртэл стандарт байгаагүй. Өөрсдөө стандартаа гаргах хэрэгтэй болж байлаа. Одоо манай дээврүүд 100 жилийн баталгаатай. Чанарын хувьд импортынхоос хэд дахин илүү гэсэн үг. Дараа нь Польшоос техник хэрэгсэл оруулж ирээд бетонон хашаа үйлдвэрлэлээ. Тухайн үед мөн л манай компани ганцаараа үйлдвэрлэдэг байв. “Эрдэнэт” үйлдвэр манай хашааг сонгож худалдан авч байлаа. Одоо бол Дархан, Эрдэнэт, Баруун Хараа зэрэгт 10-аад компани энэ хашааг үйлдвэрлэж байна. Эрэлт ихтэй байна гэсэн үг.

-Та энэ бүхнийг товчхон ярьж байгаа ч туулсан зам нь урт байсан гэдэгт итгэлтэй байна?

-18 жил өнгөрчээ. Залуу ч байж, эрч хүчтэй ч байж. Гэхдээ хүнийг хийж, бүтээе гэсэн сэтгэл л хөгөлдөг юм байна. Мэдээж халширмаар үе зөндөө л байсан. Гол нь “энэ ажлын ард заавал гарна даа” гэсэн сэтгэлээр зүтгэсэн. Дээвэр хийлээ. Хашаа ч гарлаа. Эко хавтанг нэвтрүүллээ. Анхандаа шинэ юм сэдээд хийж бүтээхээр эрх зүйн баримтууд нь гарч өгөхгүй их зовлонтой санагддаг байсан. Ойлгохоосоо ойлгохгүй талдаа. Гээд тэр бүхнийг давж туулсаар өдийг хүрлээ.

-Танай бүтээгдэхүүн олон улсад өрсөлдөх чадвартай юу?

-Бид хөгжиж байна. Анх Герман машинаар хийдэг байсан бол одоо Японы хамгийн сүүлийн үеийн технологи, машинаар хийж байна. Өөрөөр хэлбэл, манай бүтээгдэхүүн дэлхийн аль ч улсад худалдаалагдсан гологдохгүй гэсэн үг.

-Таныг барилгын салбарт таван шинэ бүтээгдэхүүн нэтрүүлсэн гэж сонссон. Сая гурвыг нь ярих шиг боллоо. Нөгөө хоёр нь юу вэ?

- Дөрөв дэх нь ханан дээр наадаг төвгөр шилэн, чулуун наалтууд юм. Байгалийн чулуунаас эхлүүлээд янз бүрийн зүйлийг нунтаглаж гаргаж авдаг. Европт явж байхдаа санааг нь олсон юм. Тав дахь нь өргөстэй төмөр утас. Хувь хүн, компанийн захиалгаар хийж өгдөг юм.

-Энэ бүхнийг хийж бүтээхэд зарцуулсан цаг хугацаа, хүч хөдөлмөр зүгээр нэг олдоогүй байх. Хамгийн хэцүү байсан үе нь хэзээ вэ?

-Хамгийн хэцүү үе бол дээврээ хийчихээд борлуулж чадахгүй байсан үе. Хэрэглэгчид мэдэхгүй, барилгын хяналтынхан ойлгохгүй. Яахаа мэдэхгүй үе байсан. Тэр үед би бараг гурван жил нэг л костюмтайгаа явсан байх шүү. Шинэ бүхэн хэцүү зүйлтэй тулгардаг. Тэр бүхнийг л туулсан хэрэг. Хүний амьдрал дандаа сайхан явахгүй шүү дээ. Сайхан зүйл хийчихсэн байхад түүнийг нь “бараантуулах” үе бас бий. Тийм үед бас амаргүй байдаг юм билээ. Гэхдээ ямар ч зүйл тохиолдсон түүнийг давж гарах л хэрэгтэй.

-Тэгвэл хамгийн сайхан үе хэзээ байв?

-Хамгийн сайхан үе бол зорилгодоо хүрэх тэр мөч. Ач, зээ нар маань “Өвөө, өвөө энэ танай хийдэг хашаа, дээвэр байна шүү дээ” гэж шулганах тэр мөчийг юутай ч зүйрлэшгүй. Бас ханьдаа, хүүхдүүддээ маш их баярлаж явдгаа хэлмээр байна. Намайг зовоосонгүй дээ. Бүгд л сайн сайхан явна. Энэ бүхэн миний сайн сайхан мөчийн нэг хэсэг нь. Найз нөхөд маань ч гэсэн цалингаа тавих мөнгөгүй байхад мэдсэн юм шиг хүрч ирээд “Алтангэрэлээ чи чадна. Найз нь чамд итгэж байна” гэж хэлээд цалингаа тавих мөнгө өгч л байсан. Энэ бүхэн намайг хурцалж, аз жаргалтай амьдруулсан. Мөн төрийн энэ их хүндэтгэлийг хүртээд хүн аав, ээждээ эхлээд баярладаг юм байна. Ээж намайг хүн болгосон. Аав минь дотор хүнийг минь бий болгосон. Аав “Чи ямар ч ажлыг голж болохгүй” гэж дандаа хэлдэг байлаа. Энгийн ч гэсэн чухал зүйлүүд. “Хоол голж болдоггүй юм шүү. Ямар ч зүйл хүнд хоол болдог юм. Чи голох л юм бол чамд хоол болохгүй” гэж захина. Үүнийг би саяхан хүртэл хүүхдүүддээ хэлж байлаа. Аав минь маш хөдөлмөрч хүн байсан даа.

-Аав тань аль нутгийн хүн бэ?

-Аав маань Сэлэнгийн Баруунбүрэнгийнх. Харин би бол Сэлэнгийн Хушаатад төрсөн. Нутаг ус минь ч сайхан даа. Манай нутгаас гурван том зохиолч төрсөн байдаг юм. Сэнгээ гуай, Мягмар, Баттулга гэж нэг голийн гурав. Саяхан Сэнгээ гуайн 100 жилийн ой болоод тэндээсээ Эрдэнэтэд ирээд байж байтал Ерөнхийлөгчийн Тамгын газраас утасдаж “Гавьяат” цолоор шагнасан тухай мэдэгдсэн. Үүнийг би нутгийн минь уул, ус намайг түшжээ гэж билэгшээсэн. Анх үйлдвэрээ байгуулахдаа ч Дархан хотоос эхэлж байлаа. Дараа нь хотод ирэхдээ нутгийн арваад залуусаа дагуулаад ирсэн. Одоо ч тэд маань надтай хамт хөдөлмөрлөсөөр байна. Зарим нь бүр тэтгэвэртээ гарсан ч компанидаа ажилласаар л байгаа. Өдийг хүртэл надтай хамт явсан энэ хамт олондоо би баярлаж явдаг. Тиймээс хамт олондоо энэ шагнал “Та бидний хамтын хөдөлмөрийг үнэлсэн шагнал юм шүү. Тэр нь миний энгэр дээр иржээ” гэж хэлсэн. Ах дүү шиг болчихсон сайхан хамт олон бий дээ. Ертөнцөд бурхан хүнийг бүтээсэн, бусдыг нь барилгачид бүтээсэн гэж үг байдаг шүү дээ.

-Харамсах үе байв уу?

-Байгаагүй. Би өөрийнхөө дуртай зүйлийг хийж, зорилгодоо хүрэх гэсэн зарчимтай. Хүн нэг л удаа амьдарна шүү дээ.

Н.БАЯР


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.