Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир тэргүүтэй ДӨРВӨН гишүүнийг ЭРГҮҮЛЭН ТАТАХ бичиг “тохироонд” орж, хойшилсоор байна

Д.Тулга / Улстөр

-ЖДҮХС-ГИЙН ЗЭЭЛИЙН АСУУДЛААР ТАВАН ЧИГЛЭЛД ШИНЖЭЭЧИЙН БАГ ТОМИЛЖЭЭ-

ХХААХҮЯ-ны харьяа ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдийг нэн хөнгөлөлттэй зээл авахад нөлөөлсөн гэх үндэслэлээр УИХ, Засгийн газрын хэд хэдэн гишүүд шалгагдаж буй. АТГ-аас өнгөрсөн хугацаанд зээлийн ерөнхий байдалтай холбогдох шалгалтыг хийж, цэгцэлсэн.

Үргэлжлүүлэн зээлдэгчдийн барьцаа хөрөнгө, нийгмийн даатгал, татвар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх чиглэлд өртэй эсэхийг хянахаар шинжээчдийн таван багийг ажиллуулж эхлээд байгаа юм. Шинжээчдийн баг ажиллаж дууссаны дараа тухайлсан зээлүүдэд тодорхой нөлөөлөл орсон эсэх асуудал илүү дэлгэрэнгүй болно гэх хүлээлт үүсээд байна. Уг асуудлаар УИХ-ын нэр бүхий хэд хэдэн гишүүн АТГ дээр дуудагдаж, тайлбар өгсөн билээ.

Үүнээс бүр өмнө У.Хүрэлсүхийн танхимыг унагах эсэх асуудал яригдах үеэр Ц.Нямдорж сайд “Найман гишүүнийг эргүүлэн татах асуудал УИХ-д орж ирнэ” гэж намыхандаа ярьсан байдаг. Үнэхээр засгийн газрын хувь заяа шийдэгдсэний дараа Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарын гурван гишүүнийг АТГ-аас эргүүлэн татах саналаа прокурорт хүргүүлсэн гэдгийг эх сурвалжуудын мэдээлэл баталж байгаа юм.

-ОНЫ ӨМНӨ ЭРГҮҮЛЭН ТАТАХ БИЧИГ ӨРГӨН БАРИГДАНА ГЭГДЭЖ БАЙСАН Ч ...-

Гэвч нэр нь өнөөг хүртэл УИХ-д орж ирсэнгүй. Өнгөрсөн сарын эхээр нэр нь яригдсан гурван гишүүний асуудал Прокурор дээр гацахдаа “Нэмэлт мөрдөн байцаалт” гэх нэрээр буцаагдсан болохыг бид мэдээлж байв. АТГ ч гурван гишүүний эргүүлэн татах саналыг прокурор луу явуулсан гэдгээ сүүлд тодотгосон билээ.

Эх сурвалжууд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон явахаасаа өмнө “Эргүүлэн татах бичгийг түр оруулж ирэхгүй байхыг прокуророос биечлэн гуйсан” гэх мэдээлэл ч өгч байв. Улмаар өнгөрсөн долоо хоногт буюу оны сүүлээр эргүүлэн татагдах гишүүдийн бичиг ирнэ гэж байсан ч мөн л нам жим өнгөрлөө.

Энэ удаа Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир нараас гадна дахин нэг гишүүн нэмэгдэж орж ирэхээр болсон гэх мэдээллийг эх сурвалж өгч буй. Тэр нь, М.Энхболд талын эмэгтэй гишүүн байхаар нэрлэгдсэн гэх.ЖДҮХС-тай холбоотой гишүүдийн асуудал дээр хууль хяналтынхан М.Энхболд, У.Хүрэлсүх гэсэн хоёр талын эрх ашгийг тэнцүү барихгүй бол асуудал явахгүй байгааг онцолж буй.

Эдгээр дөрвөн нэр УИХ-д өргөн баригдсаны дараа прокуророос Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүдийг эргүүлэн татах саналаа оруулахаар зэхэж байгаа аж. Хөшигний ард улс төрийн элдэв тохироо хийгдэж, эргүүлэн татагдах гишүүдийн нэр өргөн баригдахгүй удаж байгаа нь үнэн. Гэвч өргөн барихаас өөр аргагүй, хууль эрхзүйн үндэслэл үүсээд байгааг салбарынхан онцолж байгаа юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.