ЯПОН: Эзэн хаан Акихито хаан ширээнээсээ буух ёслол эхлүүллээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Японы эзэн хаан Акихито хаан ширээгээ шилжүүлэх ёслолд шаардлагатай арга хэмжээнүүдийг эхлүүлсэн талаар тус улсын NHK телевиз мэдээллээ.

Тэрбээр ирэх сарын 30-нд өөрийн хүү, 59 настай угсаа залгамжлагч ханхүү Нарухитод хаан ширээгээ залгамжлуулах юм.

Акихитогийн үйлдсэн ёслолын ажиллагаа Токио хот дахь эзэн хааны ордны нутаг дэвсгэрт болжээ. Энд Эзэн хаант гүрний эхлэлийг тавьсан гэгддэг Аматэрасу бурханы бунхан байдаг бөгөөд үүний өмнө хаан Акито эртний ёслолын хувцас өмсөн зогсож, хаан ширээнээсээ буух болсон тухай үг хэлжээ.

Дараа нь тэрбээр эзэн хааны өвөг дээдэс шүтдэг Корэйдэн болон Синдэн бунханд очсон байна. Хаан ширээнээс буух ёслолд өөр хэд хэдэн ёслолын арга хэмжээ багтаж байгаа гэнэ. Энэ төрлийн арга хэмжээ анх удаа болж байгаа бөгөөд учир нь өмнө нь Японы хуульд эзэн хаан суудлаасаа буух талаар тусгагдаагүй байсан юм. Гагцхүү эзэн хаан нас барсны дараа хаан ширээг залгамжлагчид нь шилжүүлдэг байв. Харин Акихито хаан 2016 оны наймдугаар сард ард түмэндээ хандан, нас дээр гарсан тул ажил үүргээ гүйцэтгэхэд улам хүндрэлтэй болсны улмаас хаан титмийг өв залгамжлагчдаа шилжүүлэн, ажил хэргээс холдох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Улмаар эзэн хааны гэр бүлийн хэргийг хариуцдаг тусгай комисс Акихито хааныг дөрөвдүгээр сарын 30-ны өдөр суудлаасаа бууж, харин залгамжлагч нь 2019 оны тавдугаар сарын нэгний өдөр хаан ширээнд сууна гэсэн шийдвэр гаргасан байна.

Эзэн хаан ба түүний залгамжлагч

Японы эзэн хаан нь төр болон үндэстний эв нэгдлийн билэг тэмдэг, төрийн тэргүүний үүргийг хэлбэрийн хувьд гүйцэтгэдэг. Үндсэн хуульт хаант засаглалтай тул гагцхүү билэгдлийн үүрэг гүйцэтгэх бөгөөд Британийн хатан хаанаас ч харьцангуй бага эрх мэдэлтэй гэнэ.

Харин Японы төрийн эрх мэдлийг Японы сайд нарын танхимын тэргүүн буюу Ерөнхий сайд хэрэгжүүлдэг юм. Эзэн хааны титмийг эцгийн талаар дамжуулан залгамжлуулдаг бөгөөд өнөөгийн хаан Акихито 1989 оны нэгдүгээр сарын долоонд хаан ширээнд заларчээ.

Акихито хааны үе хүртэл хаан ширээг гагцхүү эзэн хаан таалал төгссний дараа залгамжлуулдаг жаягтай байв. Харин дээр өгүүлсэнчлэн Акихито хаан мэдэгдэл гаргасны дараа эрхзүй, түүх, соёлын салбарын шинжээчдээс бүрдсэн баг 10 сарын туршид хаан ширээг эзэн хааныг амьд ахуйд залгамжлуулах асуудлыг судлан, холбогдох хуулийн төсөл боловсруулж, улмаа төслийг 2017 оны зургаадугаар сард парламент батлаж байв.

Акихито хааны титмийг түүний хүү, ханхүү Нарухито залгамжилна. Тэрбээр 1960 онд төрсөн, багадаа Хиро ханхүү нэртэй байжээ. 1983-1985 онуудад Английн Мёртон коллежд суралцан, 1988 онд Гакусюин их сургуульд түүхийн ухааны магистрын зэрэг хамгаалсан байна. Түүний эхнэрийг Масако Овадо гэдэг, тэд нэг хүүхэдтэй. Ханхүү Нарухито 21 дүгээр зууны Дэлхийн усны комисс болон Дэлхийн банк, НҮБ, Шведийн хөгжлийн агентлагийн үндэслэсэн Дэлхийн усны нийгэмлэгийн хүндэт гишүүн, Олимпийн хорооны гишүүн бөгөөд улс орондоо болон хилийн чанадад төрөл бүрийн нийгэмд чиглэсэн төлөөлөх үүрэг гүйцэтгэдэг юм байна.

Б.АНАНД


Сэтгэгдэл

Иргэн [66.181.178.76] 2019-03-15 01:50:20

Манай Ерөнхийлөгч л ИЙМ БАЙМААР....элдвийн ЮМАНД оролцоод БАЙХ ЮМ......

Зочин [202.179.31.9] 2019-03-14 08:00:51

Бүх ази бүх дэлхий японы дээвэр доор орно. Банзай

Зочин [64.119.20.253] 2019-03-14 07:11:09

Хунтайжиын нас, түүний хүүхдийн хүйсийг мөн буудваа


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.