Зэвсэгт хүчний 167 дугаар ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагналаа

П.Урнаа / Орон нутаг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний 98 жилийн ой-Монгол цэргийн өдрийг тохиолдуулан 2019 оны гуравдугаар сарын 12-ны өдөр Зэвсэгт хүчний 167 дугаар ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнах тухай зарлиг гаргажээ.

Тус зарлигийн дагуу Зэвсэгт хүчний 167 дугаар ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Өмнөговь аймагт ажиллаж, Цэргийн гавьяаны одонг тус ангийн туганд ёслол хүндэтгэлтэйгээр зүүж өгсөн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт:

“…Монгол Улсын халдашгүй дархан байдлыг батлан хамгаалж, эх орон, төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, зэвсэгт хүчний тасралтгүй үйл ажиллагааг хангахад оруулсан тус ангийн үе үеийн ажилтан албан хаагч, цэрэг, офицерүүдийн гавьяа зүтгэлийг үнэлж, Зэвсэгт хүчний 167 дугаар ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнасугай” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэлэхдээ, “Түүхэн замналынхаа хугацаанд Мотобуудлагын тусгай батальон, Мотобуудлагын тусгай хороо, Мотобуудлагын бригад, 2002 оноос Мотобуудлагын тусгай хороо зэрэг бүтэц, орон тоотойгоор Монгол Улсын стратегийн өмнөд чиглэлийг батлан хамгаалж, эх орныхоо тусгаар тогтнол бүрэн бүтэн байдлыг хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн.

Танай ангийн хамт олон Батлан хамгаалахын сайдын болон ЗХЖШ-ын даргын нэрэмжит цогцолбор шалгалтуудад тогтмол амжилттай дүн үзүүлж цэргийн сургалт бэлтгэлээр “Тэргүүний анги”-ийн болзлыг удаа дараа биелүүлж, байлдааны болон дайчилгааны бэлэн байдлыг хангаж, НҮБ-ын энхийг дэмжих болон Олон улсын бусад ажиллагаанд оролцож үүргээ амжилттай биелүүлж ирсэн билээ.

Дээрх үйл хэргийг бүтээхэд гар бие оролцож ирсэн үе үеийн удирдлага, ахмад үеийнхний үйл хэргийн залгамжлал, өнөөдөр эх орондоо тангараг өргөн эр цэргийн албанд мөр зэрэгцэн албаа хааж байгаа байлдагчаас эхлээд ажил албандаа бүтээлчээр хандаж, ирээдүй өөд итгэлтэй тэмүүлсэн цэргийн алба хаагчдын хүч хөдөлмөр, нэгэн үзүүрт сэтгэл, зүтгэлийг Монгол Улсын төр, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч өндрөөр үнэлж, “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнасныг гардуулж байгаадаа баяртай байна.

Зэвсэгт хүчний хөгжлийн чиг хандлага, “Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчин”-ийг бэхжүүлэхэд цэргийн сургалт бэлтгэл, албаны бэлэн байдал, цэргийн алба, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, Батлан хамгаалах салбарын эрх зүйн өөрчлөлтийг амьдрал, үйл ажиллагаанд нэвтрүүлэх зэрэг зорилтууд та нөхдийн өмнө тавигдаж байна.

Энэ зорилго зорилтуудыг ханган биелүүлэхэд шинээр одон авсан, баялаг түүхтэй танай ангийн хамт олон манлайлж, Зэвсэгт хүчний тэргүүн эгнээнд байж Монгол Улсынхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэдэгт итгэж байна” гэлээ.


Сэтгэгдэл

davaadorj [64.119.17.165] 2019-03-15 01:04:13

Bayr hurgie 167 r angid 1987-1989 ond tsergiin alba haasan

Л.Бор [112.72.12.7] 2019-03-15 01:07:25

баяр хүргэе

Баттөр [202.9.44.152] 2019-03-14 09:53:36

Цэргийн гавьяаны одонгоор шагнуулсан Ангийн хамт олон үе үеийн ахмадууддаа Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярын мэнд хүргэж сайн сайхныг хүсье

Л.Бор [112.72.12.7] 2019-03-15 01:24:38

Би 1977-1980 онд 2-р мото буудлагын тусгай батальон буюу ардын армийн 167-р ангийн 1-р мото буудлагын ротын 1-р салааны орлогч байсан Л.Бор байна. Өөрийэ алба хаасан ангиа ЦЭРГИЙН ГАВЪЯАНЫ одонгоор шагнагдсан явдалд өөрийн энгэртээ зүүсэн мэт баярлаж байнаа. Эх орноо батлан хамгаалах ариун үүрэгтээ улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе. Хурандаа Бат-Очир, Загдаа, Хүрэлтогоо, Гаваа, ротын захирагч Гончигсүрэн, салаан захирагч Лхагвасүрэн нарын цэрэг байлаа. 1975,1976,1977, 1978, 1979 онд алба хааж бүрээн дуугаар зэрэг жагсаж, бөмбөрийн нүргээн мэт жигд алхалж , эх орны эрэлхэг дайчин цэрэг явсан та нартаа эрүүл энх урт удаан наслахыг ерөөе. Та нартаагаа эргэн уулзаж цэрэг амьдарлынхаа бахдам амжилт, хөгжилтээ явдлын тухай эргэн дурсахыг хүсдэг юм. ХҮНДЭТГЭСЭН Л.БОР. Утас 99195677, Email: Bor_Ochir@yahoo.com Төв шуудан 15160 хайрцаг №15.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.