ЧУУЛГАН: Нотариатын байгууллагын удирдлагыг дөрвөн жилээр сонгож, улираан томилохгүй

П.Урнаа / Улстөр
  • 2019-05-10 15:41:03
  • 2019-05-10 15:41:03

    ЧУУЛГАН: Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцлээ

    photo

    УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайланг хэлэлцэж байна. Засгийн газраас Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн чиглэлийн 5 бодлого, 18 зорилт, нийт 136 арга хэмжээний биелэлтийг 2018 оны жилийн эцсийн байдлаар үнэлэхэд биелэлт нь 76.7 хувьтай байна үзсэн байна.

    Харин Эдийн засгийн байнгын хороо энэхүү тайлангийн эхний шатны хэлэлцүүлгийг 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтэд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг 68.4 хувь гэж дүгнээд буй юм.

    Харин Үндэсний аудитын газраас “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн нийт 136 зорилт, арга хэмжээнээс хэрэгжсэн 54, хэрэгжилт дутуу 73, хэрэгжээгүй 9 буюу биелэлтийг 68.4 хувь гэж үнэлж буй юм.

    Хэлэлцүүлгийн явцад Монгол Улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийг хэлэлцэн батлах, дүгнэхдээ С.Бямбацогт нарын боловсруулан батлуулсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” урт хугацааны хөгжлийн бодлоготой нийцүүлж байх хэрэгтэй тухай асуудал ихээхэн яригдаж байна.

    УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл бол Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх нэг жилийн төлөвлөгөө. Энэхүү төлөвлөгөөг Засгийн газрын 4 жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тулгуурлаж гаргадаг. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр нь “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030" урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурладаг. Ингэж бодлогын баримт бичгүүд уялдаж явах ёстой. Иймээс уялдаа холбоо нь хэр байна вэ, төлөвлөгөө хэрхэн яаж биелж үр дүн гарч байна вэ. Үндсэн чиглэл төсвийн хүрээний мэдэгдэлтэй, төсвийн хүрээний мэдэгдэл нь төсөвтэйгээ хэрхэн уялдсан байна гэдгийг дүгнэмээр байна. Гэтэл зорилгууд нь хоорондоо уялдсан эсэх, биелсэн эсэх, урт дунд богино хугацаандаа бодлогын баримт бичгүүд уялдаж, хэрэгжүүлэх байгууллагууд ажлаа уяж чадаж байна уу гэдгийг үнэлж дүгнэсэн үү. ЭЗБХ үндсэн чиглэлийн биелэлтийг 68 хувьтай гэж дүгнэснээс үзвэл улс орны бодлого төлөвлөлт боломжийн, Засгийн газар ажлаа сайн хийж байгаа юм байна гэж УИХ, ЭЗБХ үзэж байгаа юм шиг байна. Гэтэл бидэнд нэг жилийн хугацаа үлдэж байхад Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлт 50 хувьтай байна.

    УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Байнгын хорооноос С.Бямбацогт гишүүний дүгнэж байгаатай ойролцоо дүгнэлт гаргасан. Үндсэн чиглэлд бодлогын гол асуудлыг тусгаж холбогдох зардлыг улсын төсөвт тусгах асуудлыг тодорхой болгох хэрэгтэй байгаа юм. Цаашдаа үндсэн чиглэлийг төсөвтэй уялдуулж батлахгүй бол төсөв мөнгөний дутагдлаас шалтгаалан ажлууд хэрэгжихгүй байгаа асуудал байна. Цаашдаа бид эдийн засгийн дунд болон урт хугацааны бодлоготой уялдуулах асуудалд анхаарах нь маш чухал гэдэгтэй санал нэг байна.

    УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: С.Бямбацогт гишүүн хөгжлийн бодлогын талаар их зөв юм яриад байгаа юм. НҮБ-ын хурлаар хөгжлийн бодлогын асуудалд Монгол Улс ямар чиг шугамтай байна вэ гэдгийг ярьсан юм. Үнэндээ үүнд онцгой анхаарахгүй бол болохгүй болоод байна. Сонгуульд амалсан зүйлсээ хөгжлийн бодлого гэж андууран Засгийн газрын мөрийн хөтөлбөр болгоод яваад байгаа нь туйлын буруу. Үндэсний хөгжлийн бодлогын яам гэж зайлшгүй байх ёстой. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн яамтай бодлого зангиддаг байх ёстой. УИХ-ын дарга, гишүүд анхаарч хөгжлийн бодлого, урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалаа хэлэлцмээр байна.

    УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Үндсэн чиглэлд нийтдээ 136 арга хэмжээ туссан үүнээс 97 ажил буюу 92 хувь нь “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030"-тай, 124 буюу 92 хувь нь Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртэй уялдаж байгаа юм.

    Үндэсний аудитын газрын орлогч дарга н.Оюунбилэг: 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018 2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд 2018 оны нэгдсэн төсвийн зарлагын дээд хэмжээг 9.6 их наяд төгрөгөөр төлөвлөсөн байтал 2017 онд Сангийн яам болон бусад яамнаас 13 их наяд төгрөг төлөвлөж ирүүлсэн. Энэ бол уялдаа холбоо ямар байгааг харуулж байгаа тод жишээ. Уялдаа холбооноос гадна агуулгын хувьд арга хэмжээ дахцдаг, хэрэгжих хугацаа хөрөнгө санхүүгээ тооцоо судалгаанд суурилдаггүй, хяналт шинжилгээ хийхгүй байгаа асуудлууд гарсан.

  • 2019-05-10 12:21:19
  • 2019-05-10 12:21:19

    ЧУУЛГАН: Нотариатын байгууллагын удирдлагыг дөрвөн жилээр сонгож, улираан томилохгүй

    photo

    УИХ-ын чуулганы Баасан гарагийн нэгдсэн хуралдаан 10:23 цагт эхэлсэн. Өнөөдрийн хуралдааны эхэнд Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Тус хуулийн төслүүдийг өчигдөр хэлэлцэж байгаад ажлын цаг дууссан учраас хойшлуулсан юм.

    Хуульд Нотариатын танхимын ерөнхийлөгч нь хоёр жилийн хугацаатай томилогдох бөгөөд улираан томилох гэсэн заалтыг нэмэлтээр оруулах байнгын хорооны санал гишүүдийн дунд багагүй маргаан дагуулсан юм.

    УИХ-ын гишүүн Л.Болд, “Нотариатын холбоо нь өөрөө төрийн бус байгууллага. Иймд өмчлөхийг багасгаж, олон хүнд бололцоо олгох зарчмаар явах нь зөв. Ер нь албыг өгдөг, авдаг зарчим дутагдаад байгаа”

    УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, “Өнгөрсөн 22 жилийн хугацаанд Нотариатын танхим дөрвөн ерөнхийлөгч сольсон. Одоогийн хуулиар дөрвөн жилээр нэг удаа томилогдож, улиран томилогддог. Тиймээс төрийн бус байгууллагын гүйцэтгэх удирдлагын, төрийн гэрчлэх үйлчилгээг үзүүлж байгаа том чиг үүрэгтэй учраас улс төр оруулсан тогтворгүй байдал руу оруулахаас илүү одоогийн заалтаар нь хэвээр үлдээх хэрэгтэй”

    Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, “Төрийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага, дөрвөн жилд нэг удаа их хурлаа хийдэг. Жаахан тогтвортой удирдлагатай байхгүй бол үйлчилгээ нь тогтохгүй”

    УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, “Нэг байгууллагыг нэг хүн олон жил удирдахдаа шинэ зүйл хийгээгүй байгаа юм. Тиймээс залуучуудыг түлхүү гаргаснаар нотариатын байгууллагад шинэчлэл ирнэ”

    УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, “Хуульчид тэтгэвэрт гарахаараа нотариат дээр очдог. Энэ бол төрийн албан хаагч биш. Туршлагатай хүмүүс алдаа гаргах нь ховор. Тиймээс насны зааггүй болгох хэрэгтэй”

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү, “Үл хөдлөх хөрөнгийн хэлцэлтэй холбоотой нотариатыг тухайн үл хөдлөх газрын нотариат батална гэсэн заалт оруулж байгаа юм байна. Олон улсын үл хөдлөхийг хэрхэх вэ. Уг нь мөчлөгч болох гэж байгаа эзний сонголтоор нотариатыг сонгомоор байна. Ингэж зааж өгвөл банкны нотариатчдад асуудал үүснэ. Гэрээтэй нотариат байгаа шүү дээ”

    УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, “Үл хөдлөхийн эрхийг бусдад шилжүүлэх хэлцлийг л тухайн газрын нотариат хийнэ. Харин барьцаа шилжүүлэх зэрэг үйлчилгээг аль ч нотариатаар хийлгэж болно. Тойргоор ингэж харьяалуулахгүй бол хөдөө эрх авчихаад хотод үйлчилгээ үзүүлээд байгаа юм”

    Ингээд Нотариатын удирдлагыг хоёр жилээр сонгох саналаа Л.Болд гишүүн татсан учраас дөрвөн жилээр томилогдож, улиран сонгогддоггүй байх заалтыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн юм. Иймд Нотариатын байгууллагын удирдлагыг дөрвөн жилээр сонгож, улираан томилохгүй байх заалтыг дэмжсэн юм.

    Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн талаар байнгын хорооноос ирсэн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж, дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлэв.

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэж байна.

  • 2019-05-10 10:42:07
  • 2019-05-10 10:42:07

    ЧУУЛГАН: Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэнэ

    photo

    УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар таван асуудал хэлэлцэнэ.

    Хэлэлцэх асуудлын жагсаалтад Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөл болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайлан багтжээ.

    Мөн Улсын Их Хурлын 2014 оны 64 дүгээр тогтоолд нэмэлт оруулах тухай, “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” болон “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

    1.Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.03.20-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    2.Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайлан, үргэлжилнэ;

    3.Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
    4.Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    5.Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай 2014 оны аравдугаар дугаар сарын 24-ний 64 дүгээр тогтоолд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.12.28-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    6.УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандан хүүхэд, эмэгтэйчүүдийг хулгайлах, худалдаалах гэмт хэргийг таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаар тавьсан асуулгын хариуг сонсох.

Сэтгэгдэл

Зочин [103.57.92.132] 2019-05-10 15:54:08

Нэг хэсэг нэг хүн олон жил ноёлон, нотариат болоход маш их мөнгөний авилгал явагддаг жишигтэй болгосон байсан. Одоо ямархуу байгаа юм болдоо

Зочин [103.242.46.62] 2019-05-10 12:28:27

ТЭТГЭВРИЙН БОЛОН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ БАЙСАН ХҮНИЙГ НОТАРИАТЧ ХИЙДЭГ БАЙДЛЫГ ХАЛАХ ЦАГ БОЛЖЭЭ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.