Монголын үрс маш олон болох болтугай

Д.Тулга / Боловсрол

Зүүний үзүүрт арвай тогтохын адил хувь заяанд хөтлөгдөн ирсэн бяцхан үрс үүрийн таван жингээс, үдшийн бүрийг ч үл ажран дуугаа хадаан аав ээждээ ирсээр.

Эх нялхасын эрдэм шинжилгээний төвийн хүйтэн хөндий хонгилд хэсэг хүмүүс нааш цааш холхин, үе үе цагаа харан, бодолхийлэн алхана. Жижигхэн цонхны цаанаас эхнэр, охин, ээжийнхээ ёолон, тэвчээр заан хөмхий зуун ёолох чимээг хэдий хугацаанд үргэлжлэх бол хэмээн чих тавин хүлээх хүлээлт тэднийг нэгэн зэрэг эзэмджээ. Амьдрал тоолж барашгүй олон өнгөтэйн адил энэ агшинд мөн л тоолж барашгүй ааш авир, дуу хоолой хадах юм. Ээжийгээ дуудан уйлах бүсгүй, “Би тэвчихгүй нь, эмч ээ” гээд зугтах нь гэлтэй нэгэн , ганц ч үг дуугарахгүй хар хөлс нь зутган толгойн боолтоо базлах эмэгтэйн үл ялиг ёолох чимээ. Үе үе намдав ч тэсэхүйеэ бэрх байгааг илтгэн дахин дахин ёолсоор. Бүсгүйчүүдийн зэрэг зэрэг уйлан хайлах нь хором бүрийг тэвчин ядан өнгөрөөж буй ар гэрийнхнийх нь амьсгалын давчдуулах юм билээ. Эцэс төгсгөлгүй мэт үргэлжилж байсан хүлээлтийг хүүхдийн дуу тайлж орхилоо. Би ирлээ гэдгээ ээж, аавдаа мэдэгдэх гэсэн шиг час хийж уйлах тэд хичнээн хөөрхөн. Орь дуу тавин уйлж байсан бүсгүйн дуу нам жим. Өргөс авсан мэт өвдөх нь үгүй болж, бүүвэйн дуугаар хорвоог уярааж эхэллээ. Уул шиг нөмөртэй монголын эрчүүд энэ л мөчид амьдралын хамгийн сайхан аз жаргалын амтыг мэдрэн нулимс дуслуулан, шинэ хүнийнхээ өлгийнд гүйлдэцгээнэ.

image

Хэн ч заагаагүй байхад ангир ургаа хөхөж, хэн ч тоогоогүй байхад үнэгчлэн, дэгдэж дэрвэх бяцхан үрс аз жаргалын эзэд.

Томчууд бидний хийсэн гэмтэй зүйлийг дуурайж яриад, хэлж чадахгүй зүйлээ үйлдлээрээ илэрхийлчихнэ. Өөрт нь хэн яаж хандаж байгааг хэнээс ч илүү ухаарах хүүхдүүд амьдралын утга учрыг ойлгох гэж бодолхийлэх нь өхөөрдөм.

Шинэ зууны хүүхдүүдийн тархи илүү хөгжилтэй байгааг шинжлэх ухаан аль хэдийн тогтоожээ. Тэдэнд юу хийж, ямар байх ёстойг заахын ч хэрэггүй. Тэд өөрсдөө юу хийхээ мэддэг бөгөөд гагцхүү эрүүл, аюулгүй орчинд л өсгөхөд хангалттай. Анзаараад л байгаарай, бидний сайн ойлгож амжаагүй, юусан билээ гэж бодолхийлж байхад тэд хэзээний олж мэдээд, зарим үед учрыг нь ойлгочихоод хариу үйлдлээ үзүүлж байх вий. Хүүхэд адтай байдаг ч шинэ үеийнхэн бүр өөр. Охид нь ямар өнгийн даашинз өмсөхөө мэднэ. Даашинзандаа ямар өнгийн зүүлт зүүхээ, цаашлаад гутлаа ч сонгочихно гээч. Өнгөнөөс гадна стиль загварыг ч бас мэднэ тэд. Шинэ үеийн хүүхдүүдтэйгээ хөл нийлүүлэх гэж аав, ээж нь багагүй хичээх өдөр аль эрт болжээ.

Ардын , рок поп, уянгын, хайрын гээд аялгуу бүрт тохируулаад бүжинэ. Даяаршиж буй дэлхийн мянга мянган мэдээлэлтэй хөл нийлүүлэхийг хүсдэг бололтой тэд. Олны сонорт хамгийн их хүрсэн дууг тэднээс асуухад нэрийг нь биш гэхэд дууг нь дуулж үзүүлэх вий .

“...Зүгээр л байсан зүрх сэтгэлийг минь яаж чи ингэж өөрчилж чадав аа...”, “...Tell me why...”, “...Tsamina mina eh eh waka waka eh eh…” гээд л дуулж орхино доо.

Хүүхдээ харсан хүн бүхэн муу муухай бүхнийг умартан гагцхүү үрээсээ халуун дулаан хайрыг мэдэрдэг. Адтай, азтай, өхөөрдөм, сэргэлэн үрс аз жаргалын ундарга. Монголын үрс маш олон болтугай.


Сэтгэгдэл

Зочин [202.131.227.178] 2019-06-10 03:52:18

энэ хүүхдүүд ирээдүйгээ сонгодог бол лав л одоо монголд ирэхгүй.

Зочин [202.9.42.217] 2019-06-10 02:46:46

Улс орон нь ирээдүйгүй болж байхад монголын үрс олон болоод яах вэ дээ.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.