Х.Пүрэвсүрэн: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг халамж хардаг нэгэн биш чадварлаг иргэн болгохыг хичээдэг

М.Амаржаргал / Боловсрол

Энэ хүнийг Хайдавын Пүрэвсүрэн гэдэг. Тэрбээр боловсролын байгууллагад 32 жил ажиллаж сүүлийн 20 жилд нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сурч боловсрох хөгжиж дэвшихэд нь тусалж яваа нэгэн. Х.Пүрэвсүрэн багш ярилцлагын эхэнд "Би хүүхдүүдээ хөгжлийн бэрхшээлтэй гэдэг талаас нь хардаггүй, хүүхдүүд маань ямар нэгэн байдлаараа заавал давуу чадвартай байдаг. Энэ давуу чанарыг нь олж хараад түүгээрээ дамжуулан хөгжүүлэхийг эрмэлздэг, мэрийдэг. Миний шавь нар дотроос чөлөөт бөхийн дэлхийн хошой аварга, жудогийн дэлхийн тусгай олимпийн мөнгөн медальт, Дэд олимпийн мөнгөн медаль, зүүн Азийн болон олон улсын, аймаг, бүсийн аварга гэсэн олон сурагчдыг төрөн гарчээ. Хүүхдүүдээ нийгэмд хэрэгцээтэй, зөвхөн халамж хараад суудаггүй, өөрийгөө зөв аваад явчих чадвартай иргэн болгож хөгжүүлэхийг хичээдэг" хэмээн ярьж байсан юм.

Ингээд бид Х.Пүрэвсүрэн багштай хэсэгхэн хором ярилцаж сургалтын арга барил, шавь нарынх нь талаар цөөхөн хором ярилцлаа.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөө нийгмийн зүтгэлтнээр шалгарсанд баяр хүргэе. Та сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Би Өвөрхангай аймгийн Ерөнхий боловсролын II сургуулийн дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ангид багшаар ажилладаг. ХНХЯ, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар хамтран анх удаа зохион байгуулагдаж буй ёслолын арга хэмжээнд уригдаж "Хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөө нийгмийн зүтгэлтнээр" шалгарсандаа маш их баяртай байна.

-Та сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сурч боловсроход нь тусалсан юм байна. Яагаад эдгээр хүүхдүүдэд туслах болов?

-2001 онд манай аймаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн анги бүлгийг нээж ажиллуулсан. 2001 онд аймгийн боловсролын газраас дуудаад “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургадаг анги нээх шаардлагатай байна. Танд ажиллах сонирхол хүсэл байна уу” гэсэн санал тавихад нь хүлээж аваад өнөөдрийг хүртэл хүүхдүүдтэйгээ ажилласаар байна. Өнгөрсөн хугацаанд сургалт хүмүүжлийнхээ ажлыг тасралтгүй явуулсны үр дүнд 45 сурагчтай хоёр бүлэгтэй болсон.

-Хамгийн анх дөрвөн сурагчтайгаар хичээлээ эхлүүлж байсан гэл үү?

-Тийм ээ, хамгийн анх хичээлээ сургуулийнхаа складыг янзлаад сонсголын бэрхшээлтэй дөрвөн хүүхдийг ангидаа элсүүлэн авч хичээлээ эхлүүлж байлаа. Түүнээс хойш анги маань хоёр бүлэг болтлоо өргөжин тэлжээ.

image

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилладаг багшаас ур чадвар, тэсвэр тэвчээр, арга ухааныг чамгүй шаарддаг болов уу?

-“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллахад хэцүү байдаг уу, шантардаг уу” гэсэн асуултыг надаас маш олон хүн асуудаг. Миний хувьд өнөөдрийн энэ хэмжээнд хүрчихээд ямар нэгэн бэрхшээлийг хэлэх дургүй байдаг. Яагаад гэхээр би хүүхдүүддээ сэтгэл зүрхээ гарган ажиллаж чадсан учраас шавь нар маань маш сайхан амжилтад хүрсэн. Энэ хугацаанд хүүхдүүд маань нийгэмдээ хэрэгтэй иргэн хүн болон хөгжиж байгаад туйлын их баяртай байдаг. Шавь нараас маань МУБИС-ийн тусгай хэрэгцээт боловсролын ангийг төгсөх гэж буй хоёр хүүхэд байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг спортоор дамжуулан хөгжүүлэхэд маш сайхан эерэг өөрчлөлтүүд гардаг. Тиймээс тусгай олимпийн хороотойгоо хамтраад хүүхдүүдээ сонирхолтой спортын төрлөөр нь хичээллүүлдэг. Өнгөрсөн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хөгжиж чаддаг юм шүү гэсэн ойлголтыг нийгэмд хүргэхийг хичээсэн. Үр дүнгээ ч өгч байна. Дуртай, сонирхдог спортын төрлөөрөө хичээллэсэн шавь нар маань тив, дэлхий, олон улс, аймаг бүсийн медальтай тамирчид болсон.

-Та хүүхдүүдтэйгээ ямар арга барилаар ажилладаг вэ. Та туршлагаасаа хуваалцахгүй юу?

-Хүүхдүүдийнхээ чаддаг зүйл дээр нь тулгуурлаж сургалтаа явуулахаар цаашид сурч мэдэх гэсэн хүсэл эрмэлзлэл нь нэмэгддэг. Ингэхээр хүүхдүүд маань “Би чадаж байна” гэсэн өөртөө итгэх итгэлтэй болдог. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэлтгүй том хүнд ч гэсэн давуу тал байдаг. Үүнийг нь хөгжүүлбэл цаашид нийгэмд хөлөө олоход нь маш их дэмжлэг болдог. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд цүнх үүрээд сургууль руу орно гэдэг үгээр зүйрлэхийн аргагүй баяр баясал шүү дээ. Хүн бүр хүүхдээ сургуульд орохоор нь уншиж, бичээд, тоо бодож сургахыг хүсдэг. Харин миний хувьд хүүхдүүдээ заавал дуржигнатал уншиж, тоо бодож сургахыг урьтал болгодоггүй. Хүүхдүүдээ аяар нь тааваар нь сургахыг хүсдэг. Жишээлбэл, шавь нар дотроос маань дөрвөн жилийн дараа үзэг бариад бичиж сурсан хүүхэд байна. Өнгөрсөн хугацаанд хүүхэд маань өөрийнхөө чаддаг бүх зүйлийг хийгээд л явж байсан. Хүүхэд орчиндоо дасна гэдэг хамгийн чухал. Манай ангид олон төрлийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд суралцдаг учраас онцлог тус бүрт нь тохирсон сургалтын арга барилаар хичээлээ заадаг.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг энгийн хүүхдүүдтэй нь хамт нэг сургуульд явуулахаар ямар өөрчлөлт ажиглагдаж байна вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн маань бүлэг энгийн сургууль дотор үйл ажиллагаагаа явуулдаг учраас маш олон өөрчлөлтүүд ажиглагддаг. Хүүхдүүд маань энгийн хүүхдүүдээс даган суралцаж чадваржиж байна. Тусгай ангиасаа энгийн хүүхдүүдийн анги руу шилжүүлэн суралцуулдаг. Шавь нар маань сургуулийнхаа уралдаан тэмцээн, урлагийн наадамд оролцож өөрсдийгөө хөгжүүлдэг. Зарим шавь нар маань энгийн хүүхдүүдээс ч илүү хөгжиж чаддаг. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тусгай сургуульд явуулалгүй нийгэм, хамт олон дунд нь хөгжүүлэх хамгийн үр дүнтэй. Нөгөө талаараа энгийн хүүхдүүд маань хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ гадуурхаж шоололгүй тэднийг байгаагаар нь хүлээн зөвшөөрч найзалж нөхөрлөж суралцахад нь тусалж дэмждэг. Энд нэг зүйлийг онцлон хэлмээр байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүд хүүхдээ нуудаг. Нийгэм, хамт олон дунд нь оруулдаггүй. Энэ хамгийн буруу хүүхдээ хөтөлж яваад аль болох олон хүн дотор оруул, нийгэмшүүл, Ийм хүүхэд хөгжиж чаддаг.

-Сонсголгүй, хараагүй, оюуны гээд олон хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нэг ангид суралцахаар бие биетэйгээ ойлголцох чадвар ямар байдаг вэ?

-Хүүхдүүд маань бие биедээ дэм болоод явчихдаг учраас ойлголцоход ямар нэгэн асуудал үүсдэггүй. Жишээлбэл, МУБИС-ийн тусгай хэрэгцээт боловсролын ангид суралцдаг хоёр шавийн маань нэг нь сонсголгүй, нөгөө нь харааны бэрхшээлтэй. Тэгэхэд харааны бэрхшээлтэй нь сонсголын бэрхшээлтэй найзынхаа чих нь болдог. Сонсголын бэрхшээлтэй нь харааны бэрхшээлтэй найзынхаа нүд нь болж дэм дэмэндээ суралцаж байна. Олон төрлийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нэг дор байхаар бие биенийхээ дутааг нөхөж сайн ойлголцдог. Дэм дэмэндээ хөгжөөд явчихдаг учраас ойлголцохгүй байх вий гэсэн болгоомжлол байдаггүй.


Сэтгэгдэл

эцэг эх [64.119.26.41] 2019-07-11 12:06:17

Яг ангид нь очоод үзээрэй дээ. Энэ бол шоуны багш шүү

Зочин [66.181.161.20] 2019-07-12 01:25:33

Энэ багш мундаг багш шүү ийм багш хаана ч байхгүи шүү

Багш [64.119.26.41] 2019-07-11 12:04:15

ЭНЭ БАГШААС ӨӨР САЙН БАГШ ӨВӨРХАНГАЙД БАЙДАГГҮЙ ЮМ УУ?

Зочин [64.119.26.41] 2019-07-11 12:00:07

ЭНЭ ХЭДЭН ХҮҮХДЭЭР ШОУ ХИЙЖ ДУУСАХ БОЛООГҮЙ ЮУ ДҮҮ АЙМГИЙН БСГ АЖИЛЛАДАГ.

zochin [66.181.168.131] 2019-06-30 10:30:19

nur ih hudulmur hicheel zutgel gargadagt chin setgeliin ugaas bayarlalaa

Зочин [91.20.63.70] 2019-06-28 05:25:59

мундаг багш байна. холбоо яаж барих вэ?

Зочин [202.5.194.28] 2019-06-28 03:14:54

Зүүнбаян-Улааны Хайдав багшийн охин Пүрэвсүрэн байна шүү дээ. Залуугаасаа л Пүрэвсүрэн их дайчин багш байсан .

Зочин [202.9.43.161] 2019-06-28 02:22:39

Халамж хардаггуй болгоход хамгийн 1 р т хогжлийн бэрхшээлтэй хунд явах замыг нь аятайхан болгомоор байна хотын даргаа

Зочин [202.126.89.67] 2019-06-28 02:22:29

"хэцүү"гэсэн тодотголтой хүүхдүүд бас байдаг уу. хотын тусгай сургуулиуд хүүхдийн тоо гүйцээх анги дүүргэх гэж хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, хэцүү тодотголтой хүүхдийг хамт сургаж байна


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.