УИХ чуулган: 2020 оны төсвийн хуулийг баталлаа

Н.Алтанцэцэг / Хууль

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа

Төсвийн байнгын хороо хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг талаар УИХ-ын гишүүн О.Батнасан танилцууллаа. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээг 2020-2022 онд 6.0 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 2020 онд 11 их наяд 797.8 тэрбум төгрөг, 2021 онд 12 их наяд 826.7 тэрбум төгрөг, 2022 онд 13 их наяд 773.6 тэрбум төгрөг, нийт зарлагын дээд хэмжээг 2020 онд 13 их наяд 872.6 тэрбум төгрөг, 2021 онд 14 их наяд 89.7 тэрбум төгрөг, 2022 онд 14 их наяд 502.4 тэрбум төгрөг байхаар тооцож, нэгдсэн төсвийн алдагдал 2020 онд 2 их наяд 74.7 тэрбум төгрөг, 2021 онд 1 их наяд 262.9 тэрбум төгрөг, 2022 онд 728.9 тэрбум төгрөг байхаар төлөвлөжээ.

УИХ-ын чуулганы хэлэлцүүлгийн явцад нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээг 2020 онд 127.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 3 их наяд 806.1 тэрбум төгрөг, 2021 онд 3 их наяд 93.4 тэрбум төгрөг, 2022 онд 2 их наяд 975.5 тэрбум төгрөг, Засгийн газрын өрийн нийт хэмжээг 2020 онд 22 их наяд 89.1 тэрбум төгрөг, 2021 онд 22 их наяд 910.5 тэрбум төгрөг, 2022 онд 23 их наяд 869.2 тэрбум төгрөг байхаар хуулийн төсөлд тусгажээ.

Төсвийн байнгын хороо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган хуулийн төслийн эцсийн хувилбарыг бэлтгэсэн хэмээн танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, О.Баасанхүү нар асуулт асууж, хариулт авлаа.

image

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Жилд тэтгэврийг 10000-20000 төгрөгөөр нэмэгдүүлж байхаар ахиухан нэмэгдүүлэх бололцоо байна уу. Ядаж тэтгэврийн доод хэмжээ 320 мянган төгрөгийг ахиулах хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2020 оны улсын төсөв, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөл, Засгийн газрын тусгай сангийн хууль дээр ажилласан. Бага тэтгэвэртэй хүмүүсийн тэтгэврийг нэмэгдүүлэх талаар ажиллаагүй. Зөвхөн зарим иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх талаар ажилласан.

image

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Тэтгэвэр нэмэгдсэнээр амьдрал өмнөхөөсөө дээшлэх үү. Төрийн албан хаагчдын цалин хэзээнээс нэмэгдэж байна.Тэр нь амьдрал ахуйд нь дэм болж байна уу. Зургаан сарын төсөөллөөр хийсэн үү, жилийн төсөөллөөр хийсэн үү. Сангийн сайд нь 1.3 их наяд төгрөгөөр төсвийн орлого тасарлаа гээд байдаг. Төсвийн байнгын хорооны дарга нь НДШ болохоо байлаа гэж байна.Амьдрал дээр бууж өгөхгүй байна.

image

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Тэтгэвэр, цалинг улсын төсөвт 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс инфляцын түвшинтэй уялдуулж 8 хувиар нэмнэ. Төрийн үйлчилгээний албан хаагчдад удаан жилийн нэмэгдэл олгоно.Хувийн хэвшлийг дэмжих чиглэлээр олон чухал арга хэмжээ авахаар тусгасан.ЖДҮХС-г хэвээр байлгахаар дэмжсэн.2020 оны хувьд ЖДҮХС-гийн эргэн төлөлтөөс 69 тэрбум төгрөг эргэж төвлөрнө гэж тооцсон.

Гишүүдийн олонх дэмжсэнээр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа.

ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА БОЛООД ХАМТ ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХУУЛИУДЫГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА

Төсвийн байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын чуулганы хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж, тусган эцсийн хувилбарын төслүүдийг бэлтгэжээ.Мөн хуулийн төслүүдийн үг хэллэг, найруулга, хууль зүйн техникийн хувьд хянан үзэж, зохих засвар өөрчлөлтийг тусгасан байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Архангай аймгийн Хашаат сумыг шилэн кабельд холбох, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Их-Уулын сумын Цэцүүх багийг өндөр хурдны интернетэд холбох, гар утасны үүрэн телефоны сүлжээ бий болгох талаар санал гаргасан ба энэ асуудлаар Байнгын хорооноос холбогдох байгууллагад хуралдааны тэмдэглэлээр чиглэл өгөх нь зүйтэй гэж үзжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Н.Учрал, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, хариулт авсан.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь: Нийгмийн даатгалын сангийн орлого 2.2 их наяд төгрөг зарлага нь 2.5 их наяд буюу 300 тэрбум гаруй төгрөгийг хаанаас нөхөх вэ гэдэг асуудал байгаа юм.ялангуяа халамжид 756 тэрбум төгрөгийг зарцуулж хэт хавтгайруулсан халамж үзүүлж байна. Тиймээс бодлогынхоо өөрчлөлтийг хийхгүй бол 83 төрлийн халамжид 756 тэрбум төгрөгийг өгөх үү эсвэл хөгжлийнхөө бодлого руу чиглүүлэх үү гэдгийг бодох хэрэгтэй. Нийгмийн даатгалын шимтгэл нь ажил олгогч болон ажилтан нийлээд 24 хувийг төлөхөөр болж байгаа нь нөгөө талдаа өнөөдөр ажиллах хүчний оролцоо хангалтгүй байгаа. 889 мянган ажиллаж байгаа иргэдээс нийгмийн даатгалын шимтгэлийг бүрдүүлэх нь. Үүнээс 200 мянга нь төрийн албан хаагчид. Үндсэндээ 700 гаруй тэрбум төгрөгийг хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүс бүрдүүлж өгч байна гэсэн үг. Гэтэл нийгэм даатгал төлж байгаа иргэдийн мөнгө эргээд нийгмийн хөгжилдөө зарцуулагдахгүйгээр халамжид зориулагдаж байгаа нь гажуудал бий болгож байна. Энэ асуудлыг эргэж харах хэрэгтэй. Өнөөдөр ААН, ажилтан ангиудыг дарамталсан тогтолцоо үйлчлээд байна. ОУВС-ийн хөтөлбөрөөс үл хамаарч бодлогынхоо өөрчлөлтийг хийхгүй юм уу.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийгмийн даатгалын тогтолцоонд бий болгосон дүр төрх ийм л байдалтай байна. Н.Оюундарь гишүүн чухал асуудал хөндлөө. Өнөөдөр Монгол Улс 2.3 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж буцааж зарлага нь 2.5 их наяд төгрөг. Үндсэндээ төсвөөс 400 орчим тэрбум төгрөгийн татаас авч байгаа. Мөн улсын төсвөөс 756 тэрбум төгрөгийг авч байгаа. Ажил хийх насны 10 хүний тав нь ажил хийдэг. Гэтэл манай урд хөршид ажил хийх хүний 8.5 нь, ОХУ-д 10 хүний зургаа нь ажил хийдэг. Манай ийм доогуур байгаа нь ажлын байрны олдоц мөн ажиллах хүчний оролцоо маш бага байгаагийнх.Цаашид ажлын байр олноор бий болгож тэр хэрээр даатгалын сангууд нь өргөжнө.ОУВС-д өгсөн амлалтаараа НДШ-ийг ингэж төлөвлөхөөс өөр аргагүй.

image

УИХ-ын гишүүн Н.Учрал: Манай улс бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийгээ орхигдуулаад байгаа. Харилцаа холбооны том салбар бий.Энэ салбар сүүлийн таван жилийн хөрөнгө оруулалтыг нь аваад үзвэл 1.5 их наяд төгрөг, 700 тэрбум гаруй төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн ийм том салбар. Гэтэл Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн заалтад татварын дараах цэвэр ашгийн гурван хувьтай тэнцэх хэмжээний орлого бүрдүүлнэ гэсэн ийм заалт орсон. Харилцаа холбооны салбарт дижитал шилжилтийг явуулахад хувийн байгууллагуудынхаа сүлжээг ашигладаг. Төрд хамгийн их хувь нэмэр оруулж байгаа хувийн байгууллагууд 25 хувийнхаа татварыг төлчхөөд одоо дахиад цэвэр ашгаас нь гурван хувийн татвар авах нь зүйд нийцэх үү. Энэ дарамтыг хувийнхан маань дааж чадахгүй. Цэвэр ашгаас татвар авна гэдэг нь хувийн өмчид нь халдаж байгаа хэрэг болно шүү. Төр хувийн хэвшлийн том салбаруудаа хайрлах хэрэгтэй.

Гишүүд асуулт асууж, хариулт авсаны дараа санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болоод хамт өргөн мэдүүлсэн хуулиудыг эцэслэн баталлаа.

ХҮҮХДИЙН МӨНГӨН ТЭТГЭМЖИЙГ ИРЭХ НЭГДҮГЭЭР САРЫН 0-НИЙ ӨДРӨӨС ЭХЛЭН ХҮСЭЛТ ГАРГАСАН ХҮҮХЭД БҮРТ ОЛГОХ САНАЛ ДЭМЖИГДЛЭЭ

Дараа нь “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Төсвийн байнгын хороо 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр хууль санаачлагчдын зүгээс хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох, цаашид жил бүрийн төсөвт холбогдох санхүүжилтийг тусгаж шийдвэрлүүлэх, энэ тогтоол гарсантай холбогдуулан нийт хүүхдийн 80 хувийг хамруулан хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгох зохицуулалт бүхий УИХ-ын 2018 оны 40 дүгээр тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат танилцууллаа. Байнгын хороогоор дэмжигдсэн дээрх санал хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авсан бөгөөд тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

МОНГОЛ УЛСЫН 2020 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬ БАТАЛСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ УИХ-ЫН ТОГТООЛЫГ БАТЛАВ

Нэгдсэн хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.19 дэх хэсгийг үндэслэн “Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг Төсвийн байнгын хорооноос боловсруулан, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан хэмээн УИХ-ын гишүүн Д.Оюунхорол танилцуулсан юм.

Тогтоолын төсөлд Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх түвшинд чангатгаж ажиллах, Засгийн газрын тусгай сангийн зээлдэгчийг сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэхтэй холбогдсон журмыг баталж мөрдүүлэх, ипотекийн зээлийн эх үүсвэрийг 2018 оны түвшинд хүргэх, газрын бүртгэлийг цахимжуулж, төлбөрийг хуулийн дагуу ногдуулан, хураах ажлыг эрчимжүүлэх талаар тусгажээ.

Тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед хуралдаанд оролцсон гишүүдээс тогтоолын төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин, тогтоолыг баталснаар энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө.


Сэтгэгдэл

IRGEN [103.14.38.134] 2019-11-14 01:46:21

AVAAGVI HUGATSAANII MUNGIIG YAGAAD OLGOHGVI BGA YUM BE. ENE SHUDARGA ES UU . ODOO IDEJ UUSAN NUHDVVD VNENDEE DAVARCH BNA. UNDARMAA BALAI AVGAIG ORDNOOS ZAILUULAAD HURUNGIIG NI HURAAGAACHEE HEN CH YAGAAD HUDLUHGVI BNA VE. ULSAARAA IDVVLCHEED SUUJ BNA SH DEE. ENE BALAI AVGAIGIIN IDSEN MUNGIIG ARD TVMEN / NDSH / NEMEGDVVLJ TULUH YUM GENEE. ESTOI VGVI SHV.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.