Иргэн С: “Тусгай үүргийн онгоц ирсэн ч зардлаа төлж чадахгүй хэмжээнд санхүү нь хүндэрсэн хүмүүс олон бий”

Н.Баярмаа / Нүүр

УОК-ийн өчигдөр хуралдсан өргөтгөсөн хуралдаанд Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар “Коронавирусын цар тахлын энэ үед гадаад улс орнуудад амьдарч байгаа Монголчуудын нөхцөл байдал хүнд байна. Тэр дундаа “Туркт байгаа иргэдийн нөхцөл байдал хамгийн хүнд байгаа. Тэнд иргэдийн зарим нь ямар нэг орлогын эх үүсвэргүй болсон. Гадаадад байгаа иргэддээ туслахаар төрийн бус байгууллагуудаас сан үүсгэж, хөрөнгө босгож туслах санаачилга гаргаж байгаа ч иргэд нутаг руугаа буцахыг хүсэж байгаа учир дараагийн нислэгийг төлөвлөхдөө анхаарах хэрэгтэй байна" гэсэн мэдээллийг өгсөн. Турк дахь Монгол иргэдийн нөхцөл байдлын талаар Мэдээ.мн өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдээллийг хүргэж байсан. Энэ удаа Туркийн Станбул хотын Сисли дүүрэгт байгаа Г, тус хотын Чалаян-нд оршин суугч С нартай цахимаар холбогдож нөхцөл байдлыг тодрууллаа.

МИНИЙ ИРСЭН НИСЛЭГЭЭР НАДТАЙ АДИЛ 30 ХОНОГИЙН ХУГАЦААГААР ОЛОН ЗАЛУУС ИРСЭН. ТЭДНИЙ НӨХЦӨЛ ТУН ХҮНД ТИЙШЭЭ ЭРГЭСЭН БАЙХ ГЭЖ БОДОЖ БАЙНА

-Турк дэх коронавирусын цаг үеийн нөхцөл ямар байгаа вэ?

-Туркэд би гуравдугаар сарын 10-ны хамгийн сүүлийн нислэгээр ээжийгээ эргэх зорилгоор 30 хоногийн визтэй ирсэн. Ингээд маргаашаас нь буюу гуравдугаар сарын 11-ны өдөр коронавирусын хамгийн эхний тохиолдол энд бүртгэгдсэн. Тэрнээс хойш хоёр долоо хоногийн хооронд Турк улс коронавируст тавих хяналтаа алдаж хөл хорио эхэлсэн. Томоохон худалдааны гудамжууд, үйлчилгээний байгууллагууд бүгд хаалгаа барьсан. Төв худалдааны гудамж, салхилж агаарладаг газруудын хөдөлгөөнийг бүрэн хаасан байдал үргэлжилж байна.

-Хөл хорио хэрхэн хэрэгжиж байна. Ямар зохицуулалт хийгдэж байгаа вэ?

-Гадагш гарч болох цаг нь хязгаартай байгаа. Долоо хоногт 2-3 удаа заавал бүрэн хөл хорих маягаар хөдөлгөөн хязгаарладаг. Долоо хоногийн аль нэг өдөрт 9-14 цаг хүртэл гэх ч юм уу? баасан гарагийн 00 цагаас ням гарагийн 00 цаг хүртэл гаргахгүй гэх мэтээр зохицуулагдаж байгаа. Ер нь амралтын өдрүүдэд гаргахгүй журам мөрдөж байна. Журмыг зөрчсөн тохиолдолд нэлээн өндөр торгуулийн системтэй ажиллаж байгаа юм билээ. Хөл хориог зөрчиж гадуур гарсан дүрвэгч буудуулсан ч гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан. Дөрөвдүгээр 23-26 нийг хүртэл гэрээс гарахыг бүрэн хориглосон. Нэг сарын хугацаанд үргэлжилдэг Рамадан сар гэдэг баяр нь саяхан болоод өнгөрсөн. Энэ үеэр бараг ихэнх үйлчилгээний байгууллагууд нь ажлаа бүрэн зогсоогоод амардаг юм билээ.

- уркэд байгаа монголчуудыг нөхцөл байдал ямар байгаа вэ?

-Туркэд байгаа Монголчууд ихэвчлэн оёдлын үйлдвэрт оёдолчин, оёдлын туслах, индүүчин зэрэг ажлыг хийдэг. Энэ төрлийн ажлууд хөл хориотой зэрэгцээд хамгийн эхэнд хаагдсан. Тиймээс ажил ердөө байхгүй болсон байгаа. Ажилгүй орлогогүй хүмүүсийн нөхцөл бүр л хүндрээд байна. Миний хувьд ээжтэйгээ байна. Манай ээжийн байрны эзэн гайгүй хүн байгаа учраас 2-3 сарын түрээсийн төлбөрөө хойшлуулсан. Ажилдаа ороод өгье гээд орхисон байгаа гэсэн. Энд байгаа Монголчуудтай уулзах үед яахаа мэдэхгүй ажилгүй, орлогогүй болсон хүмүүстэй л таарч байна. Би ээж дээрээ байгаа учраас гайгүй байна. Гэтэл миний ирсэн нислэгээр надтай адилхан шугамаар 20-25 хүн ирсэн. Тэр хүмүүсийн нөхцөл байдал ямар байгаа талаар мэдэх юм алга. Хэн нэгэн дээр ирээгүй ганц сар ажиллаад мөнгө олоод явъя гэж ирсэн хүн байсан бол хэцүү байгаа болов уу л гэж бодож байна. Үүнээс гадна шашны үзлээс болоод ялгаварлан гадуурхах байдал газар авч байна.

-Хөл хориогоо хэзээ цуцална гэсэн бэ? Хорионы дэглэм суларвал Монголчуудын маань нөхцөл сайжрах болов уу?

-Төв мэдээллийн сувгууд нь зургаадугаар сарын 1 гэсэн мэдээллийг өгч байгаа. Хоёр талдаа Ази, Европ худалдааны төвүүдээ нээнэ. Тэгээд жижиг дунд худалдаа, үйлдвэрлэл, хувийн хэвшил, үйлдвэрлэл үйлчилгээний газруудыг богино цагийн хуваариар нээнэ гэж мэдээлсэн гэсэн. Тэрийг нь хүлээсэн, ажлаа эхлэх байх гэж найдсан Монголчууд их байна.

-Өвчний тархалт намжиж байгаа шинж байна уу? Байдал ямар байх шиг ажиглагдаж байна вэ?

-Тархалт нэлээд хумигдсан гэсэн. Гэхдээ бодит тоогоо бууруулж мэдээлж байж магадгүй гэсэн хардлага байгаа. Буурсан тоо нь саяхан болсон Рамадан сартай холбоотой байж болох юм. Энэ баяраараа нэг сар амардаг юм билээ. Яагаад гэвэл иргэдийнх нь хүнсээ цуглуулдаг өдөр эргээд халдвар авсан хүний тоо нэмэгдээд байгаагаас тэгж дүгнэсэн.

ЧАРТЕР НИСЛЭГИЙН ЗАРДАЛ БАЙХГҮЙ. ЯАХ АА МЭДЭХГҮЙ БАЙНА

-Та хэзээ Турк улсад очсон бэ?

-Би Турк улсад хоёр жилийн өмнө ирсэн. Одоо хууль бусаар оршин суудаг.

-Хууль бусаар оршин сууж байгаа гэлээ? Таны нөхцөл байдал ямар байна вэ? Коронавирусын эрсдэл үүслээ гэхэд эмнэлэгт хандах боломж байгаа юу?

-Миний хувьд оёдлын үйлдвэрийн туслахын ажил хийж байгаад өнгөрсөн нэгдүгээр сараас ажилгүй болсон. Түүнээс хойш бие өвдсөн байдалтай гэртээ хэвтэж байна. Эмнэлэгт үзүүлэхэд бамбай хүндэрч зүрхэндээ нөлөөлсөн гэж оношлогдсон. Босоод явахад толгой эргэсэн байдалтай байна.

-Та гэр бүлтэйгээ байдаг уу?

Тийм ээ. Хоёр хүүхэдтэйгээ хамт байдаг. Тэд маань 15,16 настай.

-Монгол руу буцах боломж энэ хугацаанд байв уу?

-Дөрөвдүгээр сард бид Оросын дамжин нислэгийн билет авсан байсан. Гэвч Туркийн хил хаагдсанаас явж чадаагүй. Одоо төлбөрөө ч эргүүлж авч чадаагүй байдалтай л байна.

-Монголоос Тусгай үүргийн нислэг хийвэл хамрагдах хүсэлтэй байгаа биздээ?

-Тэгэлгүй яахав. Нутагтаа харихыг хүсч байна. Монголд наймхан настай охин минь 70 хүрсэн эмээтэйгээ хамт хүлээж байгаа. Нэг зүйлийг нэмж хэлэхэд чартер нислэгийн төлбөр ажилгүй, орлогогүй удсан иргэдийн хувьд хүнд тусах нөхцөл бас үүсээд байгаа юм. Тусгай нислэгийн тийз нэг хүний 770 ам.доллар гэсэн. Монголд очоод тусгаарлах байрны зардал нэг сая 50 мянга гэж байгаа. Энэ нь хоёр хүүхдийнхээ бүх зардлыг даах орлогогүй болсон миний хувьд хүнд тусна.