Хүнсний аюулгүй байдлын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдрийн /2025.09.16/ хуралдааныхаа төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн С.Лүндэг нарын 13 гишүүнээс 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.Лүндэг танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн нэрийг “Хүнсний баталгаат байдлыг хангах тухай” гэж өөрчилж, холбогдох зүйл, заалтад өөрчлөлт оруулах, хүнсний баталгаат байдалд хяналт тавих тогтолцоог оновчтой болгох, мэргэжлийн удирдлагаар хангах, хүнсний хяналтын бодлого болон тогтолцоотой холбогдсон зохицуулалтыг төсөлд нэмж тусгасан гэв.
Мөн хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч бүр өөрт хамаарах үйл ажиллагааны үе шат бүрд зохистой дадлыг мөрдөх, үйлдвэрлэл эрхлэхдээ бүртгэгдээгүй, хугацаа хэтэрсэн хүнсний нэмэлт хэрэглэх, эсхүл хэтрүүлэн хэрэглэх, дур мэдэн хэрэглэх, зориулалтын бусаар хэрэглэх, ургамал хамгааллын бодис, бордоо зэргийг технологийн бус аргаар хэрэглэхийг хориглож, зөрчсөн нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдвол холбогдох этгээдэд хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг тусгасан гэж байлаа.
Түүчнлэн нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ хоолны цэсийн шошго, зар сурталчилгаа, нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, тухайлбал, нийтийн бусад орчинд үйлчилдэг гуанз, хоолны газар, хоол, хөнгөн зууш, түргэн хоолны газар, хуушуурын цэгт хоол үйлдвэрлэл, үйлчилгээний холбогдох стандартыг мөрдүүлэх, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүнсний бүтээгдэхүүнийг татварын бодлогоор дамжуулан хязгаарлах, хүний бие махбодын хэвийн үйл ажиллагаа, өсөлт хөгжилтийг хангах, илч зарцуулалтыг нөхөх агууламжтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг зээлийн бодлогоор дэмжих, хэвлэл мэдээлэл байгууллагуудад хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхүйц хүнсний бүтээгдэхүүнийг дэмжин сурталчлахгүй байх, энэ талаар сэрэмжлүүлэг, анхааруулга өгч байхыг үүрэг болгох зохицуулалт тусгасныг С.Лүндэг гишүүн танилцуулгадаа онцлов.
Хуулийн төсөл батлагдсанаар хүнсний хяналтын бодлогыг засаж залруулж, эргэх холбоо хангагдах, дотоодын, импортын болон экспортын хүнсний хяналт тогтмолжиж, хүнсний баталгаат байдал сайжирч, хэрэглэгч нь эрүүл мэнддээ сөрөг нөлөө үзүүлэх орц, найрлагын агууламжтай бүтээгдэхүүн сонгон авахаас татгалзах, хүнсний үйлдвэрлэлд хугацаа хэтэрсэн хүнсний нэмэлт хэрэглэх, хүнсний нэмэлт хэтрүүлэн хэрэглэх, дур мэдэн хэрэглэх, зориудын бусаар хэрэглэх, пестицидийн болон антибиотикийн үлдэгдэл агуулсан түүхий эд хэрэглэх зөрчил арилна гэж төсөл санаачлагчид үзжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Хууль өөрөө нэг мөр байх ёстой гээд төсөлд хүнсний хяналт, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг бий болгох гэж тусгасан нь салбарын яаманд байгаа чиг үүрэгтэй давхардаж буйг анхааруулж байлаа. Мөн тэрбээр хуулийн ач холбогдол өндөр тул хэлэлцүүлгийн явцад ажлын хэсгийн хүрээнд зарим асуудлыг эргэн харж, нягталж, засаж сайжруулах нь зүйтэй гэсэн санал хэлэв.
Ингээд Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл бүрээр санал хураалт явуулсан бөгөөд төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Сэтгэгдэл