А.Гэрэлзаяа: ЖДҮ санд улсын төсвөөс мөнгө суулгаагүй учраас аж ахуйн нэгжүүдэд зээл өгөх боломжгүй байдал үүсч болзошгүй

Aдмин / Хууль

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Жижиг, дунд үйлдвэрийн газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяаас тодрууллаа.

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд энэ жил улсын төсвөөс мөнгө суулгаагүй учраас аж ахуйн нэгжид зээл өгөх боломжгүй байдал үүссэн гэсэн. Ямар нөхцөл байдал бий болоод байна вэ?

-Энэ жилийн хувьд ЖДҮ-ийг хөгжүүлэх санд улсын төсвөөс хөрөнгө төсөвлөөгүй, зээлийн эргэн төлөлтөөр энэ онд хүлээн авсан төслүүдийг санхүүжүүлэхээр болсон хэдий ч “Ковид- 19” цар тахлын нөлөөгөөр эргэн төлөлт тасарсан байдалтай байна. Тодруулбал, оны эцэс гэхэд 50,4 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг ЖДҮ хөгжүүлэх санд төвлөрүүлэхээр төлөвлөсөн боловч, одоогийн байдлаар 18 орчим тэрбум төгрөгийн эргэн төлөлтийн гүйцэтгэлтэй явж байна. Тэгэхээр яг одоогоор 30 гаруй тэрбум төгрөг дутсан байдалтай байна.

Тиймээс манайхаас Сангийн яаманд ЖДҮХ санд дутаад байгаа мөнгийг шийдүүлэх талаар хүсэлтээ хүргүүлсэн боловч, төсвийн тодотголоор шийдэж өгсөнгүй. 2021 оны төсөвт 90 тэрбум төгрөгийг жижиг, дунд үйлдвэрийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрт тусгах саналыг хүргүүлсэн. Цаашдаа ямар шийд гарахыг мэдэхгүй, хүлээлтийн байдалтай байна.

-Одоогоор хичнээн аж ахуйн нэгж зээл авах хүсэлт өгөөд байгаа вэ?

-Энэ оны хувьд аж ахуйн нэгжүүдээс 1573 төсөл хүлээж авсан. Энэ нь нийтдээ 239,0 тэрбум төгрөгийн төслүүд байгаа. Бид сонгон шалгаруулалтыын үр дүнд 50,4 тэрбум төгрөгийн төслийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн.

-Хэрвээ Сангийн яамнаас нааштай хариу өгөхгүй бол зээл хүсч материалаа өгсөн аж ахуй нэгжүүдэд ямар хариу өгөх вэ?

-Төсөв мөнгө хүрэлцэхгүй болсон талаар аж ахуй нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлнэ.

-Ковид-19” цар тахлын нөлөөгөөр эдийн засгийн хямралтай энэ үед ЖДҮ хөгжүүлэх санд улсын төсвөөс мөнгө суулгахгүй байгаа нь хэр оновчтой шийдвэр вэ?

-Мэдээж оновчгүй шийдвэр. Дэлхийн бусад улс орнуудад ковидын үед гаргаж байгаа шийдвэрүүдийг харахад харин ч жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжиж, санхүүгийн эх үүсвэрүүдийг нь нэмэгдүүлж байхад манайх эсрэгээрээ хасч байгааг зөв шийдвэр гэж хэлэхэд хэцүү байна. Ажлын байрыг бий болгохоосоо илүү хадгалах зарчмыг олон улсад баримталж байна. Байгаа ажлын байрыг устгалгүй тэнд нь тодорхой боломж нөхцөлийг нь хангаад хадгалж үлдэх нь чухал гэдэг чиглэлийг дэлхий дахин барьж ажиллаж байна. Үүнийгээ жижиг, дунд үйлдвэрлэлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх арга замаар хэрэгжүүлж байна.

-Ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор ЖДҮ сангаас зээл авсан аж ахуйн нэгжүүд эргэн төлөлтийг нэмэгдүүлэх боломж байхгүй байгаа юу?

-Борлуулалт зогссон, экспорт нь зогссон, эсвэл түүхий эдийнх нь нийлүүлэлт тасалдсан, хэрэгцээ шаардлага хумигдсан, үйлчилгээг тодорхой нөхцлөөр хязгаарласан ийм байдалтай байгаа аж ахуйн нэгжүүд олон байна. Тийм учраас эргэн төлөлтөө хийх бололцоогүй болчихоод байна л даа. Дээр нь ХХААХҮ-ийн сайд, болон Засгийн газраас “үндсэн зээлийн төлбөрөөс тодорхой хугацаагаар чөлөөлөх” талаар гаргасан шийдвэр бий. Үүнтэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүдийн эргэн төлөлтөд тасалдал үүсчихээд байна. Иргэдийн дунд ЖДҮ сангийн зээлийн эх үүсвэрийг жил бүр улсын төсвөөс төсөвлөж иргэдэд зээл олгодог гэдэг ойлголт түгээмэл байдаг. Ер нь бол 2018 оноос хойш манай сан улсын төсвөөс санхүүжээгүй. Энэ хугацаанд эргэн төлөлтөөр санхүүжилтээ хийж байсан.

-Зээлээ авч чадахгүй байдалд орсон аж ахуйн нэгжүүдээс гомдол санал ирж байна уу?

-Эхнээсээ гомдол санал ирж байна. Хэрвээ зээлээ авч чадахгүй бол үйлдвэрээ татан буулгахаас өөр аргагүй боллоо, ажилчдаа цөөлж халах, гэрээ цуцлах арга хэмжээ авч байна гэсэн гомдоль санал ирж байна. Эдийн засагт нэлээд хохирол учрахаар ийм байдал үүсч болзошгүй байна.

- Одоо танайд 18 тэрбум төгрөгийн эргэн төлөлт төвлөрсөн гэсэн. Энэ нөөцөө ашиглаад ямар арга хэмжээ авах вэ?

-Одоо яах вэ гэхээр, хэрвээ Сангийн яамнаас нааштай хариу өгөхөөргүй бол байгаа нөөцөө ашиглаад одоогоор төвлөрсөн эргэн төлөлтөөрөө бичил хэмжээний зээлээ санхүүжүүлэхээр байна. Харин жижиг, дунд шатлалын төслүүдийг Жайка олон улсын байгууллагын төслийн санхүүжилтийн эх үүсвэрээр санхүүжүүлэхээр тохиролцоод эхний ээлжийн санхүүжилт буюу 12 төслийн 6,8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдүүлсэн. Харин бичил хэмжээний зээлэндээ нарийвчилсан шатлалын судалгаа хийгдээд энэ долоо хоногт дуусна. Энэ судалгааны дараа үнэлгээ хийгдээд зээлийн хорооны шийдвэр гарахаар төслүүдээ санхүүжүүлэх боломжтой болно. Эхний ээлжинд орон нутгийн буюу Өмнөговь аймгийн 1,0 тэрбум төгрөгийн эх үүсвэрээр тус аймгийн бичил хэмжээний төслүүдийг санхүүжүүлэхээр зээлдэгчидтэй гэрээ байгуулсан. Архангай аймгийн 5 төсөлд 500 сая төгрөгийн зээл олгох гэрээ хийгдэж байна.

-ЖДҮ -ийг хөгжүүлэх сангийн зээлээс УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компаниудын авсан зээлийг бүрэн төлүүлж хаалгаж дууссан уу?

-Энэ асуудал мөн маргаан дагуулаад байна. 2018 онд авсан зээлийг төлүүлэх арга хэмжээ авсанаар 2019 оны эргэн төлөлт өндөр дүнтэй гарсан л даа. Сангийн яам тэр үеэс хойш ерөөсөө ЖДҮ-ийг хөгжүүлэх санд жилдээ 50 тэрбум төгрөг төвлөрөхийн байна гэж дүгнэж харсан. Уг нь тэр компаниудыг шахаагүй, хуваарийнхаа дагуу төлсөн бол жилдээ 20-30 тэрбум төгрөг төвлөрөх байсан. ЖДҮ санд жилдээ 50 тэрбум төгрөгийн эргэн төлөлтөөр төвлөрөхөөс гадна нийтдээ энэ санд 260 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэр байдаг юм байна гэсэн буруу ойлголт төрсөн. Үнэндээ энэ мөнгө зээлэнд гараад эргэлтэнд явж буй мөнгө. Дээр нь Сангийн яамнаас ирэх онд Засгийн газрын бондын төлбөр болох 41.3 тэрбум төгрөгийг манайхыг гэрээний дагуу төлөх ёстой гэж байна. Хэрвээ төсвөөс манай санд мөнгө өгөхгүй бол эргэн төлөлтөөр орж ирсэн мөнгийг бондын төлбөрт өгөх болж байна. Тэгэхээр бүр их хэцүү байдал бий болно гэсэн үг.

-УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компаниудад мөнгө өгөхийг хориглосон ийм шийдвэр гарангуут ЖДҮ санд улсаас мөнгө төвлөрүүлэхээ больчихлоо. Өөрөөр хэлбэл, ард иргэдэд энэ зээлийг авах нөхцөл бүрдэнгүүт улс нүүрээ бууруулж эх үүсвэрээ өгөхгүй болж байна гэж ярьж байна. Энэ тухайд юу хэлэх вэ?

-Нөхцөл байдлыг хараад иргэд ингэж харж байхыг үгүйсгэхгүй. Арай ч бас тийм биш байлгүй дээ. Яг ийм зүйл болж байна гэдгийг тогтоогоогүй учраас би энд үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй.

-Ер нь ЖДҮ сангийн зээл зорилтот бүлэгтээ очдоггүй, танил талаараа дээгүүрээ хувааж иддэг энэ байдалд ямар хяналт шалгалт хийж байна вэ?

-УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компаниуд олноороо жижиг, дунд үйлдвэрийн зээл авсан энэ асуудалтай холбоотойгоор УИХ, ЗГ-аас Засгийн газрын сангуудыг нээлттэй ил тод болгох, авилга ашиг сонирхлоос ангид байлгах талаар өгсөн үүрэг чиглэл, Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хууль 2019 онд шинэчлэгдсэн батлагдсаны дагуу зээлийн журамдаа өөрчлөлт оруулж, 2020 онд шинэ журмын дагуу төслүүдээ хүлээж авсан. Журам шинэчлэгдснээр ЖДҮ зээл ил тод нээлттэй болсон. Үнэлэх процессоо тодорхой болгож, дээр нь сонгон шалгаруулалт, тавигдах шаардлагаа мөн тодорхой болголоо. Эцэст нь та төслөө олон нийтэд нээлттэйгээр танилцуулахыг зөвшөөрвөл төслийг хүлээж авна. 3 шатны үнэлгээний дараа сонгон шалгаруулах хороо шалгаруулалт хийгээд зээл олгодог. Дээр нь хуулийн дагуу нэг зээлдэгчдэд олгох зээлийн хэмжээг бичил зээлд 300 сая төгрөг хүртэл, жижиг байвал 300,0 сая-с 1 тэрбум хүртэл, дунд байвал 1,0- 2.5 тэрбум төгрөгийн зээл олгохоор хуулиндаа заасан байгаа. Хэрвээ таны жилийн борлуулалтын орлого 300 сая төгрөг байвал 300 саядаа багтааж зээлийн төсөл ирүүлэх ёстой гэсэн шаардлага тависан. Сангийн зээлийг цөөн том төсөлд өгөлгүйгээр зорилтот бүлэгт өгөх ийм шинэ нөхцөл бүрдээд байна. Хэрвээ төсөв мөнгө хүрэлцээтэй байсан бол ийм боломж бүрэн бүрдсэн.