С.Эрдэнэбат: Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын хариуцлагатай албан тушаалтнуудыг шалгаж, сольж байж асуудал цэгцэрнэ

Aдмин / Хууль

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбаттай нийгмийн даатгалын шимтгэлийн өсөлт тойрсон сэдвээр ярилцлаа.

-Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлж, 26 хувьд хүргэж байна. Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг нөхөхийн тулд зайлшгүй ийм арга хэмжээ авахаас аргагүй болсон тухай тайлбарладаг. Нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?

-Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхдээ анхнаасаа ул суурьгүй хандсан. Нийгмийн даатгалын санд жил бүр төсвөөс 500-600 тэрбум төгрөгийн татаас өгч байгаа тухай ярьдаг. Гэхдээ өнөөдөр нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа хүмүүсийн хуримтлал тэтгэвэр авч буй хүмүүст хүрэлцэхгүй учир төсвөөс татаас өгөөд байгаа юм биш. Төр нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт үзүүлж, даах ёстой иргэд гэж бий. Цэрэг, цагдаа гэх зэргээр төр даах ёстой бүлэг байдаг. Нэмээд улс төрийн янз бүрийн амлалттай холбоотойгоор нийгмийн даатгалд нөхөж хамруулсан хүмүүс байна. Үүнийхээ мөнгийг төр өгөх ёстой. Гэтэл үүнийг төсвөөс гаргачихъя, даатгуулагч нарт үүрүүлчихье гэсэн байдлаар хандаж байна.

-Улстөрчдийн амлалттай холбоотойгоор нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй боловч түүнийгээ нөхөн төлүүлэх, эсвэл тэдэн жил төлснөөр тооцох гэх зэргээр хуримтлалын хэмжээ өсөөгүй байхад тэтгэвэр авагч нарын бааз суурийг нэмэгдүүлсэн зүйл их орж ирсэн. Энэ ачааллыг даатгал төлж байгаа бүх хүн үүрч байна шүү дээ?

-Тийм. Тэтгэврийг наашлуулах, 1990-2000 оны хооронд ажилгүй байсан хүмүүсийн даатгалыг нөхөн төлөх, малчдаа харж үзэх гэх зэргээр улс төрийн амлалттай холбоотой шийдвэрүүд олон гарсан. Нэг талаас иргэдээ харж үзэх нь зөв. Гэхдээ улс төрийн амлалтаас үүдэлтэй зардлын асуудлыг төр өөр байдлаар санхүүжүүлэх ёстой. Гэтэл мөрөөрөө ажлаа хийгээд даатгалаа төлөөд явж байгаа хүмүүсийн нуруун дээр үүрүүлчихэж байна. Тухайн үед ОУВС-гийн хүмүүстэй уулзаж байхад “Та нар ямар татвар, шимтгэлээ хэрхэн өсгөөд төсвийнхөө алдагдлыг багасгах дотоод хэрэгт бид оролцохгүй” гэж хэлсэн байдаг. Ингээд тухайн үеийн сайд нар үл хөдлөх, тансаг хэрэглээний барааны татварыг нэмэхгүй, харин нийгмийн даатгалыг нэмчихье, тэтгэврийн насыг уртасгачихъя, тэтгэвэр тогтооход тооцдог аргачлалыг нь тав бус долоон жил болгочихъё гэх зэргээр буруу бодлогын сонголт хийсэн. Үүний дараа 2017 онд У.Хүрэлсүхийн шинэ Засгийн газар гарч ирлээ. Сангийн сайд нь Ч.Хүрэлбаатар. Тухайн үед Сангийн сайд “ОУВС-гийн хөтөлбөр дууссаны дараа манай эдийн засаг тогтворжоод ирэх үед бид энэ татварыг эргэн авч үзнэ. Одоо нэгэнт тохирсон гэрээн дээр ямар ч арга алга” гэсэн байдлаар тайлбарлаад өнгөрсөн юм. Анх нийгмийн даатгалын шимтгэлийг өсгөх шийдвэр гаргах үед үйлдвэрчний эвлэл, ажил олгогч, хөдөлмөрчдийн саналыг аваагүй, шууд шийдчихсэн шүү дээ. Үндсэндээ сүүлийн гурван жилийн дотор цалингийн сангаас авах татвар шимтгэлийн хэмжээ таван хувиар нэмэгдээд байна.

-Шимтгэл төлдөг ч түүнийхээ үр өгөөжийг хүртэж чадахгүй байгаа нь иргэдийг бухимдуулдаг. Хэрэв арилжааны банкинд хүүтэй хадгалдаг бол тэтгэвэрт гарахад 400-500 сая төгрөгөөр хэмжигдэх хуримтлал үүсгэх боломжтой байгаа?

-Төр иргэнээсээ яах гэж шимтгэл авдаг юм. Ирээдүйд тэдэнд тэтгэвэр болгож олгох гэж авч байгаа. Гэтэл өнөөдөр нийт тэтгэвэр авагчдын 80 хувь нь 350 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Энэ мөнгөөр дөнгөн данган аргацааж байгаа. Хэрэв нас барчих юм бол улсад төлж ирсэн шимтгэл нь нөхөж олдохгүй. Монгол эрчүүдийн 52, эмэгтэйчүүдийн 24 хувь нь тэтгэвэр тогтоолгохоосоо өмнө нас барж байна.Хавдарт 4000, зүрх судсаар 5000, аваар ослоор 2000, мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өчнөөн мянган хүн нас барж байна. Эргээд ар гэрт нь юу ч олдохгүй. Үнэхээр харамсалтай тоо. Нийгмийн даатгалын тогтолцооны үр өгөөжийг сайжруулаагүй байж шимтгэлийг нэмж байгаа нь логикийн алдаатай. Хэрэв шимтгэл нэмж байгаа бол үр өгөөж тэр хэрээр өсөх учиртай. Иргэндээ өгөөжтэй байвал хүн ирээдүйгээ бодоод харин ч өндөр төлөхийг бодно шүү дээ. Хожим ямар ч өгөөжгүй зүйлд хэн мөнгө өгөх дуртай байх юм бэ. Таван “цаас”-аа ар гэртээ зарцуулсан нь дээр биз дээ. Ядаж л хүнд өвчин туслаа гэхэд өмнө нь шимтгэл болгож хуримтлал үүсгэсэн мөнгөнөөсөө 10 хувийг нь аваад гадаад, дотоодод эмчлүүлж болдоггүй юм бэ. Насаараа шимтгэл төлчихөөд тэтгэврийн насанд хүрэлгүй нас барахад ганц сая төгрөг л ар гэрт нь олдож байна. Гэтэл буяны байгууллагын хамгийн хямд үйлчилгээ нэлээн хэдэн жилийн өмнө 1.5 сая төгрөг байсан. Хөшөөний чулуу зэрэг бүх юмаа урдаас оруулж ирдэг. Юанийн ханш байнга өсөн нэмэгдэж байгаа.

-Олон нийтийн хөрөнгийг ашиглаж эрх мэдэл бүхий хүмүүс ашиг хийсээр ирсэн гэж шүүмжилдэг. Энэ байдал эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн алдагдалд ихээхэн нөлөөлсөн гэж үздэг. Одоо татвар нэмж энэ алдагдлыг бууруулах гэж хичээж байна?

-Шимтгэлийг нэмэхгүй байх боломж бололцоо, зохицуулалт байсан уу, байсан. Тухайлбал, Эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал, үйлдвэрлэлийн ослын даатгалын 230 тэрбум төгрөг “Капитал” банкинд хэвтэж байна. Гэвч дампуурчихсан. Банкны эрх хүлээн авагч нар маш муу ажиллаж байгаа. Ашиг сонирхлын зөрчилтэй байна уу гэж хардаж байна. Ер нь энэ мэт асуудал 2012 оноос эхтэй. Улстөрч нар өөрсдийн хамаарал бүхий этгээд, явцуу сонирхолтой хүмүүсийг нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд шургуулж байгаад энэ сангаас мөнгийг нь хулгай хийдэг. Сангийн хөрөнгийг өсгөж үржүүлэх тал дээр санаачилга гаргадаггүй. Эсвэл өсгөж байна гээд банкинд хийдэг. Хариуд нь зөрүүлээд хүү цохидог. Дээр нь давуу эрхээр тухайн банкнаасаа зээл авдаг ашиг сонирхлын зөрчлүүд илрээд, нотлогдсон тухай УИХ-ын дарга хэлж байна. Ингээд энэ байдалд хяналт тавья, шинэчлэл хийе гээд тухайн зөвлөлд нь үйлдвэрчний эвлэлээс төлөөллөө оруулъя гэхээр “Байж бай, та нар шалгуул” гэж ярьж байна. Бидний орох гээд байгаа шалтгаан гэвэл хулгайг илрүүлэх явдал. Харин улстөрч нар бол нүүдлийн шувуу шүү дээ. Цөөн жил энэ албан тушаал дээр байна. Тиймээс асуудалд явцуу байдлаар ханддаг. Ашиг сонирхлын зөрчил орж ирдэг. Иймээс эрүүл мэнд, нийгмийн даатгалын зөвлөлд байсан бүх хүн шалгуулах учиртай. Маш олон асуудал эндээс гарч ирнэ. Зарим нь сайн дураараа ажлаа өгөх ёстой.

Би эрүүл мэндийн даатгалын зөвлөлд хандаж хэлмээр байна. Өнөөдөр тус сангийн мөнгө гээд 134 тэрбум төгрөг Капитал банкинд байгаа. Дээрээс нь тус сангаас мөнгө авах гэсэн сүлжээ, лобби бүлэглэлүүд бий. Ийм олон ашиг сонирхлыг хэн атгахыг хүсч байна вэ. УИХ-ын дарга байсан Д.Дэмбэрэл уг зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүн. Би энэ хүний ур чадвар, мэдлэгт эргэлзэхгүй байна. Харин энэ хүн үнэхээр даатгуулагчийн төлөө ажиллана гэдэгт эргэлзэж байна. Төрийн өмчийн хорооны даргын зөвлөх хүн. Өмнө нь улс төрд олон жил болсон, сайд хийж байсан. Дээрээс нь 65 хүрчихсэн болов уу. Энгийн ажилтан бол төрийн албанаас 65 хүрээд чөлөөлөгдөнө. Гэтэл энэ хүн байгаад байдаг. Цаад шалтгаан нь юу вэ. Ер нь бүх улс оронд дээрх сангаас улстөрчдийг хол байлгадаг үндсэн зарчим мөрдөгддөг. Улстөрчид нийтийн сангийн мөнгөтэй холбоотой байх нь бүү хэл сангийн эрх бүхий албан тушаалтнуудтай хувийн зорилгоор уулзсан тохиолдолд хариуцлага хүлээж албан тушаалаа өгдөг.

Дээрээс нь Ч.Цолмонгэрэл гээд төслийн ажилтан байна. Яамтай хамааралтай хүн. Тэгэхээр энэ хүн хэний үгэнд орох вэ. Уг нь даатгуулагчийг төлөөлж тэнцвэрийг хангах ёстой шүү дээ. Гэтэл Монголд амьдардаггүй. Хуралдаа нэг ч сууж байгаагүй. Ийм хүмүүс байгаад байдаг. Өөрчилье, засъя гэхээр үйлдвэрчний эвлэлийн төлөөллөөс оруулдаггүй. Биднийг хаалганы цаана байлгаж байгаад хулгай хийх гэж байна. Өнөөдөр нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бүх хариуцлагатай албан тушаалтнуудыг хянаж, шалгаж, бүгдийг нь сольж байж асуудал цэгцэрнэ. Ганц хоёроор нь солиод нэмэргүй.

-Эрүүл мэндийн даатгалын сантай холбоотой маргаан их гардаг. Энэ тухайд?

-Би өөрийнхөө жишээн дээр л ярья. Манай хамаатны хүн хавдартай болсон учир хөдөөнөөс ирээд ХӨСҮТ-д үзүүлж, аппаратаар харуулах гэхэд бараг сар хүлээх хэрэгтэй болж байгаа юм. Гэтэл хажуу талын эмнэлэгт дараалалгүй харуулахад багц дүн нь 500-600 мянган төгрөг болж байсан. Хөдөөний хүнд хуримтлал байхгүй учир ах дүүгээсээ зээлээд болгосон. Улсын эмнэлэг хүлээгээд 20-30 хоног хүлээж байх хооронд хавдар нь үсэрхийлээд аминд нь хүрвэл яах вэ. Хувийн эмнэлгүүд даатгалаар үйлчилдэг болсон л гэнэ. Иргэнээс ч мөнгө аваад, цаагуураа бичилт хийгээд даатгалаас ч мөнгө цохиод байхыг үгүйсгэхгүй. Ер нь хувийн эмнэлгүүд хамгийн хөнгөн хавдрын эмчилгээг аваад, улсын эмнэлэгт хүндийг нь өгчихсөн. Адилхан нийгмийн даатгалаас санхүүжилт авна. Хавдрын бүх мэс заслыг 10 сая төгрөг болгочихсон. Ингээд хөнгөн хагалгаануудыг хувийн эмнэлгүүд нь түүж аваад улсын эмнэлгүүдийн эмч нарыг авчирч хагалгаа хийлгэдэг. Нөгөө хэд нь ажил төрлөө зохицуулаад очдог. Цалин бага учир өөр арга байхгүй. Дарга, эрх мэдэлтнүүдийг ашиг хийлгэмээргүй байна.Хэрэв үнэхээр сайн хагалгаа хийсэн бол зардлын 10 сая төгрөгөөс тодорхой хувийг нь эмчид өгье л дөө. Тэгвэл тэд хувийн эмнэлэг рүү гүйгээд байхгүй. Бизнес, улстөрчдийн нийлсэн олигархиуд сангийн хөрөнгөөс хол байх хэрэгтэй. Ийм дампуурчихсан эрүүл мэндийн нийгмийн даатгалын зөвлөл гэж юу байдаг юм. Эмийн бизнес байна. Бас л бөөн будлиан. Цаашид нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлыг нээлттэй болгохыг шаардаж байна. Нуугаад байх зүйл байхгүй. Олон нийтийн мөнгө шүү дээ.

ӨДРИЙН СОНИН Г.БАТ

image


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:26:06

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:26:06

ЗОЧИН [202.126.90.144] 2021-04-13 01:54:12

ЖОЛООЧИЙН АЛБАН ЖУРМЫН ДААТГАЛ Ч ГЭСЭН УИХ-ЫН ГИШҮҮДИЙН Л БИЗНЕС ГЭЖ ЯРИАД БАЙГАА ДЭЭРЭМ ШҮҮ ТЭД ИЙМ ХУУЛЬ БАТЛААД ӨӨРСДӨӨ ДААТГАЛЫН КОМПАНИ БАЙГУУЛСАН ТУХАЙЛБАЛ ХӨВСГӨЛИЙН Л. ЭНХ-АМГАЛАН ГЭХ МЭТ

иргэн [103.80.210.150] 2021-04-12 01:50:28

зөв л зүйл ярьсан бна яагаад хүмүүс яаруу сандруу дайрч давшилж бна аргагүй нам дагасан төрийн хулгайчдын булхай шарх их л хөндүүрлэж бна. энэ давшлаад байгаа хүмүүс юунд эмзэглэв. энэ залуу хүн харин ч авилгалтай тэмцэх газартай хамтрах хэрэгтэй

Зочин. [192.82.78.226] 2021-04-11 22:24:38

Хүүгээ энэ салбарт шахсан Оюунчимэг гэдэг ИхХурлын гишүүнийг эргүүлэн татахад нэгдэцгээе.

Zochin [66.181.178.48] 2021-04-11 18:11:58

Buu solior!6

Иргэн. [192.82.90.121] 2021-04-11 16:54:44

Аяны шувуудыг эргэн иртэл дуугаа дуулаачээ.

dn [66.181.177.71] 2021-04-11 14:57:25

Ene gazar irgeded mash ih heregtei! Harin tejeever zolibon luivarchid bylduuchilj ami zogoogchid bl hereggui met , gevch tejeevriin hugatsaa duusdag ym teneg malaa!

иргэн [66.181.183.135] 2021-04-11 14:39:41

Энэ хүн дутагдал зөрчил их байгааг илчилж,үүнийг засах талаар бичсэн байна,Энэ юу нь буруу болоод эсэргүүцэгчид зэрэг зэрэг уралдан хашгаралдана вэ?.Даатгалын сангаас мөнгө хулгайлагчдын бүлихайг хөндөөд тэрүү?Энэ засаг, Энэ их олон луйварчид,Тэднээр амьдардаг Ардын нам нэртэй МАНГАСУУДЫН ҮҮР хөдөлмөрчин түмний хүч хөлсийг хувалз мэт сорж байна,Одоо бүүр Үйлдвэрчний эвлэл рүү эд нар өлссөн чоно.,араатан адил дайрч эхлэв,

зочин [124.44.184.129] 2021-04-11 14:06:19

Үйлдвэрчний эвлэл гэж өмнөх социалист нийгмийнх биз дээ? Одоо энэ үйлдвэрчний эвлэл хэрэгтэй шаардлагатай юу? Энэ залуу улсад ажил хөдөлмөр эрхлээсэй, байнга л ийм мэт зүйлс ярьж суудаг нь харамсалтай биш үү? Хэрэгтэй бүтээлч зүйлд оюун ухаан, тархи толгойгоо зарцуулаасай даа, хайран залуу нас.

Зочин [66.181.161.65] 2021-04-11 11:58:58

ОЮУНЧИМЭГ АВГАЙН ХҮҮ ЭМД ГАЗРЫН ДАРГА ХЭВЭЭРЭЭ ЮУ . ЭНЭ МЭТ ШАХААГ АРИЛГАЖ ГЭМЭЭНЭ ЦЭВЭРШИНЭ ШҮҮ ДЭЭ

Zochin [202.126.90.41] 2021-04-11 07:59:30

Uildverchnii rvlel zov yarij bna.demjinee

Jmsb [66.181.177.253] 2021-04-11 11:18:22

ҮЭ одоо хүмүүсийг нийгмийн даатгал,эрүүл мэндийн даатгалыг эрс өөрчлөх ажилд манлайлан хийх нь гол үүрэг зөв ярьж байна ухаад өг хамтдаа тэмцэье

irgen [66.181.191.126] 2021-04-11 06:58:26

yamduudiiig l shalgah heregtei l deeee shiidver haanaas garch bna ter gazruudiig l shalgah heregtei.

иргэн [66.181.161.69] 2021-04-11 05:44:34

Зөв асуудлыг гарган тавьж буй учир дэмжиж байна. Улсын эмнэлэгч ажилладаг эмч нарыг хувийн эмнэлэгт ажиллуулдаггүй баймаар байна. Үдээс өмнө нь хагас хугас үзлэг хийсэн болоод л үдээс хойш хувийн эмнэлэгрүүгээ явчихдаг.

иргэн [103.57.94.30] 2021-04-11 04:38:12

Ийм зөвийн төлөө тэмцдэг байцагаа Залуус минь.Баярлаа шударга байсаны төлөө.Илэрдэгүй нууц байдаггүй.Хэзээд илэрнэ.!!!!!!!!! Энэ цаг нь болсон,!!!!!!

Зочин [192.82.68.148] 2021-04-11 03:48:56

Haa saigui amidral uzeegui, turshlaga dulimag nyalh sengumuud olshirsooor... Ene uls ulam angal ruu unasaar.

Зочин [103.212.119.208] 2021-04-11 04:59:32

баярлалаа эрдэнэбат аа, НДС, ЭМД сангийн 340 тэрбум төгрөг идсэн Ундармаа, Ариунболд нараар энэ мөнгийг төлүүлэх тэмцэл өрнүүлнэ үү дэмжинэ шүү нийтээр

Зочин [66.181.161.32] 2021-04-11 03:43:32

ФБ ээр олон юм яриад байдаг нөхдүүд үүнийг сэвээсэй дээ

Зочин [192.82.78.125] 2021-04-11 03:41:27

Нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын газарт хулгай нүүрлээд олон жил болж б.на ер нь их зантай хараа дээгүүр их хямсгар их зантай үгээр хэлхээд хэцүү нөхөд тэнд б.даг татвар төлөгч нарын мөнгөөр гараа угаагч нар тэр Ундармаа авгай өгсөн хүнийг ил богох цаашлаад энэ байгуулагт ажилдаг нөхдийг нарийн шалгуураар ажиллулах дотор нь адистаачлал явуулах иргэдэд үйлчилгээ үзүүлж б.гаа ажилтан тус бүрт үнэлэлт дүгнэлт өгдөг санал сэтгэгдлийн дэвтэр ил байлгах ажиллуулах тааруу үнэлгээ авсан хүмүүст дор бүр нь хариуцлага тооцдог болглвол арай илүү үр дүнд хүрнэ


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.