“Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил-2025” хурал болов
НҮБ-аас 2025 оныг шинжлэх ухаан технологийн ололтыг залуу үед сурталчлах, олон нийтийг соён гэгээрүүлэх зорилгоор Квантын шинжлэх ухаан технологийн олон улсын жил болгосон.
Эдийн засаг, аж үйлдвэрээс эхлээд бүх салбар квантын технологигүйгээр цаашаа хөгжих боломжгүйг чухалчлан үзэх болжээ.
ШУА-ийн төв байрны их чуулганы танхимд өчигдөр “Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил-2025” хурал болов.
ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн захирал, академич Ж.Даваасамбуу "Квант механик гэдэг физикийн хууль шинжлэх ухааны бүх салбартай холбоотой. Лазерын технологи, хагас дамжуулагчийн электроник, бидний мэдэх компьютерын үндэс болсон микро электроникийг Квантын анхдугаар хувьсгал, түүнчлэн квант компьютер, квант имперматик, квант дүрслэл, квант сенсор 4-ийг квантын 2 дугаар хувьсгалын жишээ гэж үздэг.
Энэ үндсэн ойлголтууд бидний амьдралд нэвтрээд аль хэдийнэ ердийн хэрэглээ болоод байна. Цаашдаа бидний амьдралд улам их хэрэглэгдэх болно. Гэхдээ одоо бүрэн төгс болсон юм биш, хязгаарлагдаж байгаа зүйлс бий. Түүний дараагийн хөгжлийг ирээдүйн залуус хийх юм" хэмээн хэлэв.
Түүнчлэн тэрбээр "Ард түмнээ соён гэгээрүүлэхэд шинжлэх ухааны үндэстэй мэдлэг олгох ажлыг бид хийх ёстой. Ийм учраас бид бүтэн жилд 12 үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байна. Квант технологийн хүрээнд квант хими, квант биологи, квант мэдээлэл зүйг хэлэлцэхээс гадна 14 дүгээр сургууль дээр 12 туршилт хийнэ" гэлээ.
Монгол Улс Азийн физикийн олимпиадыг 2023 онд амжилттай зохион байгуулсан. Энэхүү олимпиадад 27 орон оролцсон бөгөөд тус олимпиадыг зохион байгуулах хүрээнд 21 аймагт физикийн сургалт сайжруулах ажлыг зохион байгуулжээ.
Өдгөө МУИС-ийн физикийн хөтөлбөрт 51 оюутан хамрагдаж байна. Дээр нь ШУТИС, МУБИС-ийн физикийн хөтөлбөрт олон оюутан хамрагдах байдлаар үр дүн гарсан. Эндээс олон нийтэд зөв системтэй мэдээлэл хүргэх сургалт сурталчилгаа хэрэгтэй нь ажиглагдсан тул дээрх хурлыг зохион байгуулж байгаа аж.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл