Кит Келлог: Бид Минскийн гэрээг давтахгүй

Aдмин / Гадаад мэдээ

Мюнхений Олон улсын аюулгүй байдлын бага хурал өндөрлөв. АНУ-ын бүрэн эрхт төлөөлөгчид энэ бага хурал дээр ерөнхийлөгч Трампын Орос, Украины дайныг зохицуулах бодлогын талаар албан ёсны байр сууриа илэрхийлсний дараа барууны улстөрчид болон хэвлэлүүд “Энэ бол Путины хувьд том ялалт, тэр бүр тулалдах шаардлагагүй ялалт байгуулахаар болов” хэмээн шуугилдав. Тухайлбал, Шведийн ерөнхий сайд асан, Европын Гадаад харилцааны зөвлөлийн нэг тэргүүн Карл Билдт “АНУ-ын байр суурь бол мэдээжийн хэрэг хэлэлцээр эхлэхээс өмнөх шинэлэг арга болж байна. Мюнхенд 1938 онд Гитлертэй хийсэн хэлэлцээний үеэр Чемберлен ч ингэтлээ доошоо орж байгаагүй. Мюнхений энэ хэлэлцээр муугаар төгссөн” гэж өөрийн онлайн хуудсанд бичжээ. Мөн Трампын дотоод улс төрийн өрсөлдөгч, Ардчилсан намаас сонгогдсон сенатч Адам Шифф өөрийн твиттер хуудсандаа “Асуудалд ний нуугүй хандъя. Энэ бол хэлэлцээр эхлэхээс өмнө Украины ашиг сонирхол, бидний ашиг сонирхлоос урваж буй явдал. Мэдээж Трамп бол Кремльд ашиг тусаа өгөх гэрээ хэлэлцээрийн маш сайн мэргэжилтэн” гэж бичжээ. Үгүй шүү,”найзууд”-аа! Герман, Франц, Оросын удирдагчдын гаргасан санаачилга болох Украины Донецк, Луганск мужуудын нутаг дэвсгэрт гал зогсоох тухай заасан, бүрэн нэр нь “Украины ерөнхийлөгч Петро Порошенкогийн Энх тайвны төлөвлөгөө, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины санаачилгыг хэрэгжүүлэх хамтарсан алхмууд хийх тухай гурван талын холбоо барих бүлгийн зөвлөлдөх уулзалтын 2014 оны есдүгээр сарын 5-ны Минскийн протокол” чинь л жинхэнэ 1938 онд Гитлертэй хийсэн Мюнхений хэлэлцээр болсон билээ. Учир нь энэ хоёр хэлэлцээр хоёулаа дайныг цааш нь өргөжүүлэх боломж бий болгосон юм. Мөн Оросууд Украинд бүрэн хэмжээний дайн эхлүүлсний дараа барууны аль улсын хэн хэн гэдэг тэргүүнүүд онгоц хөлөглөн Кремльд очиж Путинтэй уулзацгааж байлаа!

Кремлийн суртал ухуулагчид Украины дайн зогсоох хэлэлцээр эхлэх болсныг “Путины ялалт” хэмээн баруун зүүнгүй сурталдав. Тухайлбал, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нарын ярианы тоймыг илүү дэлгэрэнгүй нийтэлсэн боловч Украины дайны асуудлыг “Украины эргэн тойрон дахь зохицуулалт, Палестины эргэн тойрон дахь нөхцөл байдал, ерөнхийдөө Ойрхи Дорнодын нөхцөл байдал зэрэг олон улсын асуудлаар хамтран ажиллах үүрэг амлалт өгөв” гэж ганц өгүүлбэрт оруулж мэдээлэв. Харин АНУ-ын Төрийн департамент “Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой утсаар ярилцлаа. Төрийн нарийн бичгийн дарга ерөнхийлөгч Трамп Украины мөргөлдөөнийг зогсоох арга замыг эрэлхийлнэ гэдгээ дахин нотлов. Мөн хоёр талын бусад хэд хэдэн асуудлаар хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа” гэж мэдээлэв. Өөрөөр хэлбэл “Украины дайныг зогсоох хэлэлцээр баталгаатай эхлэхээр болж байна” гэж мэдээлжээ.

Энэ бага хурлын нэгэн чухал хэсэг нь Украины ерөнхийлөгч, АНУ-ын дэд ерөнхийлөгч нарын уулзалт байв. Уг уулзалтад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Дональд Трампын Украины асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Кит Келлог нар оролцжээ. Зеленский “Америкийн ерөнхийлөгч Трампын дэмжлэгт бид маш их талархаж байна. Өнөөдөр бид сайхан ярилцлаа. Энэ бол бидний анхны уулзалт. Энэ бас сүүлчийнх биш гэдэгт би итгэлтэй байна. Бидэнд үнэхээр хэрэгтэй байгаа зүйл бол илүү их ярьж, бүр илүү ажиллаж, Путиныг болон дайныг зогсоох төлөвлөгөөг нягт бэлтгэх явдал юм. Бид энх тайвныг үнэхээр хүсч байна. Гэхдээ бидэнд аюулгүй байдлын бодит баталгаа хэрэгтэй, бид уулзалтуудаа үргэлжлүүлэх болно” гэж мэдэгдэв. АНУ-ын дэд ерөнхийлөгч Вэнс мөн Украины төлөөлөгчидтэй хийсэн яриа хэлэлцээг үр дүнтэй болсон гээд “Бидэнд цаашид хийх ёстой хэд хэдэн зүйл байгаа бөгөөд үндсэндээ ерөнхийлөгч Трампын хэлсэнчлэн бидний зорилго бол дайныг бүрэн дуусгахыг хүсч байгаа явдал. Бид хүмүүсийн амь насыг хөнөөхөө болихыг хүсч байна. Гэхдээ бид Зүүн Европт хоёр жилийн дараа дахин мөргөлдөөн гарах энх тайвны оронд мөнхийн, бат бөх энх тайванд хүрэхийг хүсч байна” гэж хэлжээ. Энэхүү мэдээллийн дараа Украины мөргөлдөөнийг зохицуулах асуудал эрхэлсэн АНУ-ын тусгай элч Кит Келлог Оростой хэлэлцээ хийхдээ “нутаг дэвсгэрийн буулт” хийхийг шаардаж магадгүй гэж мэдэгдээд “Миний бодлоор энэ нь Оросууд өөрийн эзэлсэн нутаг дэвсгэрийг чөлөөлөх тухай асуудал байх болно. Мөн Оросын буултад ирээдүйд цэргийн хүч хэрэглэхгүй байх амлалт, цэргийн хүчээ цөөлөх, Хойд Солонгос зэрэг улстай эвсэхээ зогсоох зэрэг асуудал багтаж магадгүй” гэв. Оросын арми Украины зарим газар нутгийг өөртөө нэгтгээд байгаа бөгөөд тэднийг буцаан олгох талаар хэлэлцээ хийх бодолгүй байгаагаа илэрхийлж, харин ч эсрэгээрээ Украины дөрвөн бүс нутгийн эзлэгдээгүй хэсгийг өгөхийг шаардаж байгаа билээ. Харин барууны орнууд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Мөн Украин ОХУ-ын Курскийн бүс нутгийн нэгээхэн хэсгийг эзэлсэн бөгөөд тус газар нутгийг өөрийн нутгаар солилцох боломжтой гэж үзэж байгаагаа мэдэгдсэн. Иймээс дайн зогсоох хэлэлцээр тухайн үеийн фронтын шугамаар гал зогсоох өндөр магадлалтай байгаа учир үүнийг олон сар хүлээж, Оросын армийн хүчийг сулруулсан Украины арми энэхүү хэлэлцээний үеэр сөрөг довтолгоон эхлүүлэх болно гэдэг нь тодорхой болоод байна.

АНУ-ын тусгай элч Кит Келлог мөн “Талууд хэлэлцээний тохиролцоонд хүрэхэд 180 хоногийн хугацаа зарцуулагдана гэж би үзэж байна. Украины дайн жилийн дотор дуусах ёстой. Украины асуудлаарх хэлэлцээрийн ширээний ард Европыг суулгана гэж би бодохгүй байна. Би асуудлыг та бүхэнд шударгаар хэлж байна. Бид “Минск-2” гэрээ байгуулах гэж оролдсон асуудлыг авч үзсэн. Ширээний ард маш олон төлөөлөгч байсан ч тэд энхийн үйл явц бий болгох асуудлаар ямар ч амжилтад хүрээгүй. Иймээс бид эдгээр Минскийн гэрээг давтахгүй” гэж мэдэгдэв. Мөн “Po­litico” Бүгд найрамдах намын конгрессмен Майк Маккаул болон АНУ-ын засгийн газар дахь нэрээ нууцалсан хоёр эх сурвалжаас эш татан “АНУ-ын ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майкл Уолтц, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Ойрхи Дорнодын асуудал эрхэлсэн тусгай элч Стив Виткофф нар ойрын өдрүүдэд Саудын Арабыг зорьж, Орос, Украины төлөөлөгчидтэй энхийн хэлэлцээ эхлүүлэх гэж байна. Ерөнхийлөгч Трампын Украины мөргөлдөөнийг хариуцсан тусгай төлөөлөгч Кит Келлог ийшээ очихгүй бөгөөд Европын орнуудын төлөөлөгчдийг ч уриагүй байна” гэж мэдээлэв. Энэ нь Европ болон АНУ тусдаа бодлого явуулдаг болж байна гэсэн үг юм. Мөн Оросын төлөөлөгчдийн байр сууринаас Украинд өгөх зэвсгийн асуудал шийдэгдэх учир АНУ, Украины хооронд байгуулагдах газрын ховор металл ашиглах тухай гэрээ зэрэг жижиг, сажиг асуудлууд түр хойшлогдов.

Маш товчоор Украины дайныг зогсоох хэлэлцээр эхлэхээр болов. Өнөөдөр Европын улсууд “ОХУ энэ бүтцээрээ байвал бидэнд ирэх аюул арилахгүй” гэдгийг маш сайн ойлгодог болсон. Мөн АНУ “Украины дайныг хүчээр зогсооно” гэж ил тод мэдэгдэж байна. Энэ нь “АНУ, Украин улс Путины дэглэмийг үг дуугүй буулгаж авна”, эсвэл “АНУ Путины тойрон хүрээлэгчидтэй түүнийг суудлаас нь хэрхэн буулгах тухай нууц хэлэлцээр хийнэ” гэсэн үг юм. Учир нь АНУ-ын Украины мөргөлдөөнийг зохицуулах асуудал эрхэлсэн тусгай элч Кит Келлог дэлхий нийтэд “Бид Минскийн гэрээг давтахгүй” гэж мэдэгдсэн нь Украины дайныг зогсоох хэлэлцээр эхэлснийг албан ёсоор зарлаж буй явдал болов. Мэдээж энэ нь дэлхий нийтийн хувьд маш чухал үйл явдал билээ.

Г.АМАРСАНАА


Сэтгэгдэл

Зочин [112.72.9.122] 2025-02-18 08:09:15

их гүрнүүд бага буурай орныг хувааж иддэг түүх давтагдаж байх шиг дараа нь үхэр монгол орох байхдаа

Ирээдүйг төсөөлвөл … [103.57.92.240] 2025-02-18 13:27:33

Ар Монгол гээч. 50 жилийн дараа эдийн засгийн хамааралтай байдлаас болж Ар болон Өвөр Монголын “Нээлттэй эдийн засгийн бүс байгуулья” гэсэн санаа “санаачлага” Хятад, Орос 2-оос гарна. Тэр үед арми ч орон нутгийн цагдаа болчихно, санхүүгийн масс ч хятад орос япон солонгосынх болчихсон байна. Иймд монголчууд бид ч нээлттэй хилгүй бүсийг нэг их эсэргүйцэхгүйдээ, бүгд л бизнесээ өөдлүүлэхийг бодно.

Зочин [139.5.217.115] 2025-02-18 03:50:21

Яриа хэлэлцээ украйн улсад л хэрэгтэй. Хаанаас ч юм дэмжлэг аваад тулалдаад байж болно.Эцсийн эцэст украйн хохирч баруун европчууд украйнд гай л болно . Ялангуяа англи , франц , герман польшууд !!!!!¡

K [73.78.138.245] 2025-02-18 01:08:16

Yeah jijig gunuud tom gurnuudiin huvid zugeer l togloom

Бид нөлөөлж барахгүй. [103.57.92.240] 2025-02-17 22:12:10

Дэлхийн хамгийн том, хүчтэй орнууд 25 саяхан хүн амтай Украйны асуудлыг шийдэх гэж байна. 3.5 сая монголчууд бид хөндлөнгөөс бухимдах хэрэггүй. Биднээс ЮҮ Ч хамаарахгүй.

Нэг их сзржигнэчих юм аа. [103.57.92.240] 2025-02-18 19:11:26

30 сая орчимд л байгаа биздээ. 10 биш 7 сая нь дөрвөчихсөн, Европоор шингээд л. Сая орчим нь дайнд үрэгдчихсэн. 55 саяас одоо 30 сая орчим нь Украйндаа байж байгаа. 5 саяар алдахад юүн сүртэй юмб? Жоол панаал л нэмсэн байгаа биз

Зочин [66.181.185.46] 2025-02-18 16:35:05

Уучлаарай, өнөөдрийн байдлаар /эх сурвалж: www.worldometers.info/ Украйн улс 38,6 сая хүн амтай, 7 сая орчим хүн дүрвэсэн гэжээ. Та бичсэн тоогоо нягталж хараарай. 1 сая Украйн хүн дайнд үрэгдсэн гэдэг албан ёсны тоо мөн үү? Ийм тоо хаана ч яригдаж бичигдээгүй биз дээ?

Тооцоо бий. [103.57.92.240] 2025-02-18 10:32:25

10 гаруй сая нь бусад улсруу дөрвөчихсөн, нутагтаа бараг л буцаж ирэхгүй байдалтай байгаа. Сая орчим нь дайнд "чад" болсон. Юүн 37 сая.

J [73.78.138.245] 2025-02-18 01:07:39

37 saya

Зочин [202.126.90.109] 2025-02-17 22:03:00

Трампд амжилт зөв шүү

ЗАГДАА [202.9.40.188] 2025-02-17 17:42:31

Хошного Трамп

Зочин [66.181.191.232] 2025-02-17 16:32:27

Buzar

Зочин [66.181.191.232] 2025-02-17 16:32:18

Tramp putin khoer khuivaldaj


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.