ОБЕГ: Гал түймрийн 36 хувь нь цахилгаанаас үүдэлтэй гарч байна

Aдмин / Эрүүл мэнд

Сүүлийн 5 жилд гарсан объектын гал түймрийн 8169 удаа буюу 53,4 хувь иргэний санамсаргүй байдлаас, 5538 удаа буюу 36,2 хувь цахилгаанаас, 1591 удаа буюу 10,4 хувь бусад шалтгаанаас үүдэн гарсан байна. Иргэдийн санамсаргүй байдлаас үүдэн гарсан гал түймрийг дотор нь ангилж үзвэл лаа, дэн, тамхи, чүдэнзний галаас 32,5 хувь, ил задгай гал, үнс нурмаас 37,2 хувь, пийшин, зуух, яндангийн цонолтоос 24,6 хувь зэрэг шалтгаанууд ихэнх хувийг эзэлж байна.

Өвлийн улиралд гарч байгаа гал түймрийн ихэнх хувь нь байшин, гэрт тохиолдож байгаа бөгөөд эдгээр объектод гарсан гал түймрийн дийлэнх шалтгаан нь пийшин зуухны яндангийн цонолтоос шалтгаалж байна. Мөн цогтой үнс нурам ил задгай асгах, хөлдсөн автомашин болон бусад эд зүйлсийг халаах, гэсгээх зорилгоор ил гал, газ, бамбар зэргийг ашигласнаас үүдэн гал түймэр гарах тохиолдол өндөр байна.

Цахилгаанаас үүдэн гарсан гал түймрийн 2559 удаа буюу 46,2 хувийг ашиглалтын буруугаас, 2021 удаа буюу 36,5 хувийг угсралтын буруугаас, 958 удаа буюу 17,3 хувийг техникийн гэмтлээс шалтгаалсан байна.

Иргэд цахилгаан хэрэгсэл ашиглахдаа хэт ачаалал үүсгэх, чанаргүй муу уртасгагч хэрэглэх, цахилгаан хэрэгслүүдийн утсыг уртасгаж холбох, холболтыг буруу хийж богино холбоос, шилжилтийн эсэргүүцэл үүсгэх зэрэг шалтгаанууд нь цахилгаан ашиглалтын нийтлэг шалтгаанууд болж байна. Мөн цахилгаан угсралтыг мэргэжлийн байгууллагаар хийлгэхгүйгээр өөрсдөө дур мэдэн хийж, гүйцэтгэж байгаа нь угсралтын буруугаас үүдэн гал түймэр гарах нийтлэг шалтгаан болж байна.

Онцгой байдлын ерөнхий газарт ирсэн аюулт үзэгдэл, ослын дуудлагын талаарх сэрэмжлүүлэг мэдээг хүргэж байна.

Гал түймэр:

  • Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Цагаан эрэгт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Sonata” загварын суудлын автомашины урд хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
  • Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хороонд ханан пийшингээс утаа гараад байна гэсэн дуудлагыг 11:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 8х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 2 дугаар давхрын шалны хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
  • Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 17:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 81 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн 10х6 метрийн хэмжээтэй байшингийн үүдний хэсэг, эд зүйлийн хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 17:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 10х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
  • Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.20-ны өдрийн 01:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-гийн эзэмшлийн байшингийн үүдний хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
  • Нийслэлийн Баянгол дүүргийн 27 дугаар хороонд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 02:10 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход байрны гадна 2х6 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 21:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн 6х7 метрийн хэмжээтэй байшингийн дотор хэсэг, эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан.
  • Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 02.20-ны өдрийн 05:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х3 метрийн хэмжээтэй амбаарын дотор хэсэг, эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан.


Сэтгэгдэл

Зочин [202.9.47.68] 2025-02-20 14:39:16

Нэг шонгийн модноос олон цахилгаан утас холбохгүй, чанартай урт залгуур ашиглаж, нэг урт залгуур дээр олон төхөөрөмжийг холбохгүй байвал гал түймэр гарахгүй.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.