Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ: Монгол Улс нэг сайхан Спортын ордонтой болчихмоор байна

Aдмин / Спорт

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Паралимпын тив, дэлхийн аварга, Дэлхийн пара пауэрлифтингийн Гиннесийн амжилтыг эзэмшигч Э.Содномпилжээтэй ярилцлаа.

-Equipped пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээн анх удаа орон нутагт боллоо. Энэ тэмцээнийг сонирхож хичээллэгсдийн хүрээ тэлж, чадвар чансаа нь дээшилж байна уу гэдгээс хоёулаа ярилцаж эхэлье?

-Equipped пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ жил анх удаа Дорноговь аймгийн Сайншанд суманд зохион байгуулагдсанаараа онцлог боллоо. Нийт 18 аймаг, есөн дүүргийн баг тамирчид оролцлоо. Сүүлийн үед залуучууд маш их эрчимтэй хичээллэж, энэ спорт маань хурдацтай хөгжиж байна. Хөгжихийнхөө хэрээр залуучуудын техник, бүгд ахиад явж байгаа юм л даа.

-Таныг анх энэ спортоор хичээллэж эхлэхэд Монгол Улсад техник хэрэгсэл, бэлтгэл базаах газар хангалттай байв уу?

-Би 2008 оноос пауэрлифтингийн тэмцээнүүдэд оролцож эхэлсэн. Тэр үеийг бодоход тэмцээн өргөн дэлгэр болж, цаг хугацааны хувьд ч гэсэн хоёр өдөрт багтахгүй шахам үргэлжиллээ. Анх энэ спортоор хичээллэж эхэлж байхад бэлтгэлээ ихэвчлэн клубүүдэд хийдэг байсан. Зарим тохиолдолд ихэвчлэн гар аргаар хийсэн тоног төхөөрөмжүүд хэрэглэдэг байлаа. Өнөөдөр Монгол пауэрлифтингийн нэгдсэн холбоо зориулалтын, стандартын штанг, тоног төхөөрөмжүүдтэй болсон.

-Пауэрлифтингийн спорт хүндийг өргөлттэй төстэй санагддаг. Ялгарах гол онцлогийнх нь талаар ярихгүй юу?

-Пауэрлифтингийн спорт нь ерөнхийдөө үндсэн гурван хүч буюу цээж, нуруу, хөлний хүчийг шалгасан спорт л доо. Энэ хүчин дээр л суурилж явдаг.

-Турьхан, жаахан охид энэ спортоор хичээллэж, улс тив дэлхийн тэмцээнд чамгүй амжилт гаргадаг юм байна. Бодох нь ээ, эмэгтэй хүүхдүүдэд бас хэтэрхий хүнд спорт юм болов уу. Та энэ талаар өөрийн бодлоосоо хуваалцахгүй юу?

-Яах вэ, тухайн тамирчид маань өөрсдийн хүсэл сонирхол дээр тулгуурлан энэ спортоор хичээллэж байна. Түүнээс гадна байгалиасаа унаган бяртай эмэгтэйчүүд бас байна. Түүн дээрээ тулгуурлан хичээллээд, амжилтад хүрч байна шүү дээ.

-Та улс, тив, дэлхийн тэмцээнүүдээс хүртсэн амжилтуудаасаа хуваалцахгүй юу?

-Паралимпийн наадмын алт, мөнгө, хүрэл буюу багц медальттай Монголын анхны тамирчин болсон. Дэлхийн аваргын гурван алт, дөрвөн мөнгө, Азийн наадмын мөн багц медаль, Азийн аваргын найман алтан медаль, хоёр хүрэл, Дэлхийн цомын найман алт авсан. Улсын 14 удаагийн аварга болсон.

-Дараагийн тэмцээн ямар тэмцээн хүлээж байна вэ? Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?

-Одоо Лос Анжелесийн тэмцээн бий. 2028 онд болно. Бэлтгэлээ Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны зааландаа базаана даа.

-Олон улсад хэдэн удаа дээд амжилт эвдээд байна вэ?

-Яг олон улсад нийтдээ 30-аад рекорд эвдлээ.

-Дэлхийн томоохон амжилтуудын эзэн таныг гаднын улс орнууд хэрхэн хүлээж авдаг вэ?

-Гадаадын улс орнуудад пауэрлифтингийн спортоор хичээллэдэг, сонирхдог, тухайн спортыг үздэг хүмүүс хаана ч явсан таниад л байдаг юм.

-Боксчин боксоо тоглохгүй бол зодолдморр санагддаг гэдэг. Төмрөө өргөхгүй бол танд бас өргөмөөр санагдах уу?

-Тэгэлгүй яах вэ. Заал руу яваад, штангаа өргөмөөр л санагддаг.

-Пауэрлифтингийн спорт залуучуудад ямар хүмүүжил олгодог вэ?

-Аливаад тууштай, тэсвэр тэвчээртэй, хүлээцтэй байхад сургадаг.

-Таны ижий хүүгээрээ маш их бахархдагаа байнга ярьдаг. Хүүхдүүдээсээ та өөрийн замналаар явуулах бодолтой байна уу?

-Тийм ээ, миний ээж, бас гэр бүл бүх талаар дэмждэг. Би заавал өөрийн замналаар явуулна гэхгүй. Өөрсдийнх нь сонирхож буйг дэмжинэ дээ. Миний хүү чинь 2023 онд Кикбоксын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн шүү дээ. Ер нь тулааны хүн бий. Сүүлийн үед эрдэм номдоо мэрийгээд, бэлтгэл хийгээгүй байгаа юм.

-Та гадаадын тэмцээн, уралдаанд оролцохдоо Монгол Улсынхаа юуг харьцуулж үзэж, юу нь өөрчлөгдөж сайжраасай гэж боддог вэ?

-Бүхий л юмыг бодно доо.

-Тухайлбал?

-Ядаж нэг сайхан Спортын ордонтой болчихмоор байна шүү дээ. Төрөл бүрийн спортын, үндэсний шигшээ багийн, энгийн ч бай, хөгжлийн бэрхшээлтэй тамирчид ч бай бүгд ороод бэлтгэл, сургуулилтаа хийдэг нөхцөл нь хангагдсан том, шинэ, сайхан Спортын ордонтой л болох хэрэгтэй. Одоо манай Спортын төв ордон маань бас л хуучирчихлаа. Тэгэхээр нэн түрүүнд Спортын төв ордноо л шинэчлэх хэрэгтэй.

-Дэлхийн асуудлууд Монголд багагүй нөлөөлж, амьдралын чанар өдрөөс өдөрт муудаж байна. Та нийгмийн амьдралд юунд илүү их санаа зовж байна вэ?

-Нийгмийн амьдрал ард иргэдийн амьжиргаанаас хамаарна шүү дээ. Ард иргэдийн амьжиргаа доройтоод, мөнгөний ханш унаад, юмны үнэ нэмэгдээд байвал бид ч ялгаа байхгүй дагаад хямарна. Тэгэхээр ард иргэдэд маань ямар хүнд тусч байгаа билээ, бас хэцүү шүү дээ. Тийм учраас улс эх орон тайван, дээр нь тогтвортой хөгжөөсэй гэж боддог.

-Таны сонирхож, хичээллэж, амжилт үзүүлж буй спортын төрлүүдийн хувьд төр засгаас бодлогын түвшинд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлээсэй гэж та бодож явдаг вэ?

-Бодлогын түвшинд Үндэсний шигшээ баг болон Биеийн тамир спортын улсын хорооны бодлого чиглэлээр явж байгаа л даа, мэдээж. Шигшээ багийн тамирчдын зардал мөнгө улсаас гарахаас эхлээд бодлогын хувьд болж байна. Бодлогын хүрээнд бодлогыг хэрэгжүүлж буй тамирчид бид улс эх орон, ард иргэдийнхээ итгэл сэтгэлийг алдахгүй үр дүнтэй, тууштай сайн бэлтгэл сургуулилтаа хийж, амжилт гаргаж, улс эх орон, ард түмнээ баярлуулах үүрэгтэй улс шүү дээ.

Тэрийгээ бодож, бэлтгэл сургуулилтаа сайн хийж, олон улсын тэмцээн уралдаанд оролцож, медаль аваад Монгол Улсынхаа нэрийг дэлхийд өндөрт өргөөд явах л бидний гол үүрэг.

Нэг тэмцээнийг доод тал нь хоёр, гурван сая хүн үзчихэж байна. Тэр хүмүүсийн зарим нь Монгол Улс гэж мэдэхгүй, зарим нь мэднэ. Тиймээс бид сайн хичээн зүтгэж, Монгол Улсынхаа нэрийг тунхаглаж, медаль байнга авч сурталчлахгүй бол болохгүй шүү дээ (инээв.сурв).

-Таны амжилтуудыг дагасан бэлэг тоолошгүй олон байх. Тэр дотор таны хувьд хамгийн үнэ цэнтэй ямар бэлэг байдаг вэ?

-Ажил хийвэл ам тосдоно гэдэг. Ажил хийвэл дуустал ч гэж үг байдаг. Ямар ч байсан санасандаа хүрээд, ажлаа 100 хувь гүйцэтгээд ирэхэд төр засаг маань тамирчин биднээ шагнаж урамшуулж байна, бүгд л бас үнэ цэнтэй юм даа.

Жишээ нь, Монгол Улсын гавьяат тамирчин цол авлаа. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар боллоо. Сүхбаатар хошой одонтой боллоо. Энэ бүгд миний хувьд төрөөс минь өгсөн нандин, эрхэм шагнал.

-Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртэхэд танд ямар бодол төрж байсан бэ?

-2021 оны 11 дүгээр сарын 11-нд Хөдөлмөрийн баатар болж байсан. Их л гоё санагдаж байсан шүү. Үнэхээр сэтгэл хөдлөөд, тухайн үедээ “Би чадлаа” л гэж бодож байсан. Одоо эргээд бодоход миний хувьд мартагдашгүй сайхан мөч байсан.

-Спорт, тэр дундаа пауэрлифтингийн, хүчний спорт ойлгохгүй хүнд “Ийм төмөр өргөж биеэ зовоогоод яах вэ дээ” гэсэн бодол төрж болох юм. Та тамирчны хувьд хамгийн сайхан мэдрэмжийг хэдийд авдаг вэ?

-Мянган өдөр хөлсөө урсгаж, нэг өдөр тэмцээнд оролцож, медаль авах шүү дээ. Яагаад вэ гэвэл, медаль аваад эх орондоо буцаж очно гэдэг чинь хамгийн сайхан зүйл. Медальгүй буцаж байгаа тамирчид бас байна. Тэгэхээр Монгол руугаа медаль аваад буцаж байгаадаа л их баярладаг даа. Эх орондоо буцаж ирэх нүүртэй болж байна аа гэсэн үг шүү дээ (инээв. сурв).

-Танд баярлалаа. Спортын өндөр амжилт хүсье.

Д.ЭРДЭНЭТУЯА


Сэтгэгдэл

чх [202.9.40.158] 2025-05-12 16:38:11

Нисэх д байгаа ордонг Хятадууд тусламжаар барьж өгсөн????? Газарыг нь тойруулаад танайхан зараад дууссан одоо зогсоолгүй дугуй ордон үлдсэээн тэнд их зай байгаа бүрэн ашиглаж чадуул

Дорж [192.82.65.175] 2025-05-12 13:01:23

Буянт-Ухаад нэг том дугуй юм байгаа биз дээ. Тэр яасан бэ нураачихсан уу?

Зочин [202.126.89.44] 2025-05-12 11:01:41

Спортын том заалттай шүүдээ мэддэггүй юм уу

Зочин [203.91.115.53] 2025-05-12 09:52:56

Тансалалаа боль! Олимпоос медаль авч чаддаггүй хэдхэн тамирчинд хэдэн зуун тэрбумын ордонгоор яахав. Дэмий.

Зочин [203.91.115.53] 2025-05-12 09:51:29

Зөндөө л байгаашдээ. Одоо болно. Нисдэг таваг ордонг гэхэд л дөнгөж 30%-тай ашиглаж байна.

Zochin [66.181.189.29] 2025-05-12 08:57:14

Huuchin ordniig buulgaad tasarhai goe zogsooltoi deeree tamirchid buuh buusaldaltai zoogiin gazartai orchin ueiin goe ordon bariasai


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000