Ирэх сарын 1-нээс төрөөс урамшуулал олгох хүнсний ногооны төрлүүд


“Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам”-ын 1.3-т зааснаар хүнсний ногооны урамшууллыг тухайн бүтээгдэхүүний хүнсний хангамжийн зорилтот түвшинд хүрсэн тохиолдолд үргэлжлүүлэн олгохгүй.
Харин төрөөс олгож буй дэмжлэг, урамшууллын үр дүн, үр нөлөөнд үнэлэлт дүгнэлт хийсний үндсэн дээр салбарын дунд болон урт хугацааны бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан, урамшуулал олгох зайлшгүй шаардлагатай хүнсний ногооны нэр төрлийг жил бүр тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоох юм. Үүнтэй холбоотойгоор 2025 оны зургадугаар сарын 1-нээс эхлэн дараах төрлийн хүнсний ногоонд урамшуулал олгохоор шийдвэрлээд буй. Үүнд:
Урамшуулалд хамрагдах хүнсний ногооны төрөл:
1. Байцаа
2. Сонгино
3. Саримс
4. Чинжүү
5. Улаан лооль
6. Өргөст хэмх
7. Навчит ногоо
8. Шар лууван (Боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлсэн тохиолдолд)
9. Хүрэн манжин (Боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлсэн тохиолдолд) тус тус багтжээ.
Журамд заасны дагуу мөнгөн урамшуулалд хамрагдах тариалан эрхлэгч дараах шаардлагыг хангасан байх ёстой. Үүнд:
1. Тариалан эрхлэгч нь өөрийн өмчлөлийн, эзэмшлийн болон түрээсийн газарт тариалалт эрхэлдэг, тухайн газар нь газрын мэдээллийн нэгдсэн системд бүртгэлтэй байх;
2. Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн журмын дагуу тариалалт, талбайн арчилгаа, пестицид болон бордооны зарцуулалт, ургац хураалт, бэлтгэсэн уриншийн мэдээг Тариалангийн үйлдвэрлэлийн мэдээллийн сан (www.plant.mofa.gov.mn)-д тогтмол оруулан хөтөлж бүртгэсэн, гарал үүслийн цахим гэрчилгээг авсан байх;
3. Татварын цахим төлбөрийн баримтын систем (e-barimt.mn)-д өөрийн нэр, регистрийн дугаараар бүртгэгдсэн байх ба бүтээгдэхүүн худалдах тухай бүрт энэ журмын хүснэгт-1-ийн дагуу урамшуулалд хамрагдах бүтээгдэхүүний кодоор и-баримтыг үүсгэж, худалдан авсан, худалдсан хоёр тал төлбөрийн баримтыг баталгаажуулсан байх;
Дээрх журмын шаардлагыг хангаж холбогдох мэдээллийг цаг тухайд нь бүртгүүлж. урамшуулалд хамрагдах хүсэлтээ uramshuulal.gov.mn-д цахимаар илгээж, урамшуулалд хамрагдах юм.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл