Засгийн газарт туршлага үнэтэй, туршлагатай улстөрч бүр илүү үнэтэй

-ТУРШЛАГАГҮЙГЭЭР ТУРШИЖ СУРАХ ТАНСАГ ЦАГ ҮЕ БИШ-
Монгол Улсын нийгэм, эдийн засагт бэрхшээл, сорилтууд төрийн алдаатай бодлого, хариуцлагагүйн хананы завсраар сийгэж байна. Үүнтэй зэрэгцээд улс төрийн байдал ч эгзэгтэй байдал руу гулсан орлоо. Ард иргэдийн амьжиргаа уруудаж, төгрөгийн ханш суларч, өр зээлд баригдсан өрхүүд өдөр хоногийг аргацаан өнгөрөөж байна.
Татварын хатуу бодлого, төсвийн хэт үрэлгэн байдлаас болоод бизнесүүд дампуурлын ирмэгт тулж, ажилгүйдэл газар авсаар. Энэ бүхэн Засгийн газрын бодлогын сул дорой байдал гэхээс илүү бодлогоос урьтаж популизмаар өөрийгөө тодруулах гэсэн туршлагагүй улстөрчдийн үр дагавар гэдгийг хэн ч үгүйсгэхгүй. Ийм үед дахиад “шинэ хүн”, “шинэ нүүр”, “шинэ үеийн залууст боломж олгоё” гэсэн гоё уриа хангалтгүй. Туршлагагүйгээр туршиж сурах тансаг цаг үе биш гэдгийг нийгэм, эдийн засагт үүссэн нөхцөл байдал, үзүүлэлтүүдээс тодорхой, бодитой харж болохоор байна. Ер нь туршлагагүй, хөнгөн гартай, хариуцлагаас зугтсан улстөрчдийн “сургууль”-д Монголын ард түмэн хангалттай зовж дууслаа.
Шинэ Засгийн газар байгуулагдаж байгаа энэ үед Монгол Улсын өмнө тулгамдсан асуудлыг шийдэх бодит хүчин зүйл бол туршлага, хариуцлага, шийдэмгий байдал юм. Энэ бүхнийг нэгтгэж чадах цөөн улстөрч бий. Гэхдээ тэднийг “хуучин хүн”, “улиг болсон нэр” гэж гоочлохоос илүү бодлогын түвшинд үнэлэх цаг нь болсон. Зарим улстөрчдийг “дахиад л энэ хүн” хэмээн шүүмжилж болох ч бодит байдал дээр тэд энэ улс орны хүнд үеийг туулж, шийдвэр гаргаж, хариуцлага үүрч явсан нь үнэний хувьтай. Энэ бол нам харгалзах асуудал биш. Энэ бол төрийн суурь тогтвортой байдал, ард түмний эрх ашгийг дээдэлсэн бодлого хэрэгжүүлэх чадварын асуудал юм. Өнөөдөр Монголын төрд шоу биш, шийдэл хэрэгтэй байна. Популизм биш, бодит эдийн засгийн хөшүүрэг хэрэгтэй байна. Инфляцийн эсрэг ажиллах хөтөлбөр, уул уурхайн бодлогоо дахин харах ухаан, банк санхүүгийн зах зээлд итгэл сэлбэх бодлого хэрэгтэй байна. Энэ бүхнийг хийж чадах хүн нь сошиалд алдартай, камерын өмнө “мундаг” харагддаг залуу улстөрчид биш, харин салбараа мэддэг, сорилт давж явсан туршлагатай улстөрчид юм.
Засгийн газрыг шинэчлэх нэрийдлээр зөвхөн нүүр солих бус, тархи солих хэрэгтэй. Хөнгөн хөөрүү улс төрөөс татгалзаж, хариуцлага, бодлогыг эрхэмлэдэг тогтвортой менежмент л Монгол Улсыг хямралаас гаргана. Тиймээс өнөөдөр туршлагатай, бодлогын түвшинд ажиллаж чадах улстөрчид төрд эргэн ирэх нь улс төрийн тохироо биш, харин улс орны оршин тогтнолын асуудал болж хувирлаа.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
Э.МӨНХТҮВШИН
Сэтгэгдэл
Зочин [14.1.81.54] 2025-06-13 12:07:49
Боловсрол, соел, шинжлэх ухааны яамыг дахин байгуулж, маш туршлагатай хунийг гаднаас тавих хэрэгтэйдээ