АНУ-ын ЭСЯ: Хөлбөмбөгийн ДАШТ-тэй холбоотойгоор АНУ-ыг зорих бол визээ одооноос мэдүүлэхийг уриалж байна

Хөлбөмбөгийн 26 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2026 оны зургадугаар сарын 11-нээс долдугаар сарын 19-ний өдрүүдэд болно. Хөлбөмбөгийн ДАШТ түүхэндээ анх удаагаа гурван өөр улсын, тухайлбал АНУ, Канад, Мексикийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдахаар болсон билээ.
"2026" ДАШТ АНУ-ын 11, Мексикийн гурав, Канадын хоёр хотноо болно. Үүнд: АНУ-ын Сан Франциско, Лос Анжелес, Сиэтл, Хьюстон, Даллас, Атланта, Бостон, Филадельфи, Майами, Канзас сити, Нью Йорк, Канадын Ванкувер, Торонто, Мексикийн Мехико, Гвадалахара, Монтеррей хотууд багтаж буй юм. Мөн анх удаа хөлбөмбөгийн ДАШТ-д 48 улсын шигшээ баг оролцоно.
Европоос 16, Африкаас 9, Азиас 8, Өмнөд Америкаас 6, Хойд болон Төв Америкаас 6, Далайн орнуудаас 1, мөн тив хоорондын плей-оффоос 2 баг эрхээ авна.
Эх сурвалжид мэдээлснээр, АНУ, Канад, Мексик (зохион байгуулагч орон), Япон, Шинэ Зеланд, Иран, Аргентин гэсэн долоон орон Хойд Америкт тоглох "визээ" аваад буй.
"2026-ДАШТ"-ий нээлтийн тоглолт Мексикийн Мехико хотын домогт "Ацтека" цэнгэлэхэд, харин шигшээ тоглолт АНУ-ын Нью Йоркийн "Метлайф" цэнгэлдэхэд болно.
ДАШТ-ий тоглолт 104 (өмнө нь 64 тоглолт болдог байв) болох бөгөөд 48 баг 12 хэсэгт дөрөв дөрвөөрөө хуваагдан тойргоор тоглох юм. Хэсэг тус бүрээс хоёр хоёр нийт 24 баг, дээр нь хэсэгтээ гуравдугаар байр эзэлсэн багуудаас шилдэг үзүүлэлттэй найм, нийт 32 баг хасагдах шатанд тоглоно.
Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас жил орчим хугацааны дараа болох Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн-2026-г зорихоор төлөвлөж байгаа иргэдэд визээ өнөөдрөөс мэдүүлж эхлэхийг уриалсан байна.
Тус Элчин сайдын яам цахим хуудсаараа дамжуулан "Визийн эрэлт их байгаа тул та Хөлбөмбөгийн ДАШТ-тэй холбоотой зорилгоор АНУ руу зорчихоор төлөвлөж байгаа бол визээ одооноос мэдүүлэхийг Консулын газраас уриалж байна" хэмээн мэдээлэв.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл