Украины дроны халдлагад Сочийн нефтийн агуулах өртөж шатжээ

Aдмин / Гадаад мэдээ

ОХУ-ын Сочи хотод байрлах нефтийн агуулах руу украинчууд дроноор халдсаны улмаас томоохон гал гарч, 120 гаруй гал сөнөөгч түймрийг унтраахаар ажиллаж байгаа талаар бүс нутгийн амбан захирагч Вениамин Кондратьев Ням гаргийн өглөө Telegram хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

Оросын РИА Новости агентлаг онцгой байдлын албаны эх сурвалжийн мэдээллээс иш татан "ОХУ-ын Хар тэнгисийн эрэгт орших Краснодарын хязгаар, Сочи хот байрладаг энэ бүс нутагт 2000 шоо метр (ойролцоогоор 70,000 шоо фут) багтаамжтай шатахууны сав шатаж байна" гэж мэдээлсэн байна.

Мөн ОХУ-ын Батлан хамгаалах яам Telegram сувгаараа дамжуулдаг өдөр тутмын мэдэгдэлдээ "Оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн өнгөрсөн шөнө Украины нийт 93 дроныг устгаснаас нэг нь Краснодарын хязгаарт, 60 нь Хар тэнгист унасан" гэж дурджээ.

Сочигийн нефтийн агуулахад халдсаны дараа нислэгүүд түр зогсож, Украины талаас ямар нэг тайлбар хийгээгүй байгаа аж. ОХУ-ын Батлан хамгаалах яам "Нийт хэдэн дрон хөөргөснийг биш, зөвхөн хэдийг нь устгасан талаар л мэдээлдэг" гэж тэмдэглэжээ.

ОХУ-ын Иргэний нисэхийн алба болох “Росавиация” Сочигийн нисэх онгоцны буудлын нислэгүүдийг түр зогсоож, агаарын аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авсны дараа Ням гаргийн 02:00 GMT (Улаанбаатарын цагаар 10:00)-аас эхлэн нислэгүүдийг сэргээсэн талаар Telegram хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

"Reuters" агентлаг уг мэдээллийг баталгаажуулж чадаагүй бөгөөд Украины талаас одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байгаа аж.

Амбан захирагч Вениамин Кондратьевын мэдээлснээр, Сочигийн Адлер дүүрэгт халдлага болсон бөгөөд энэ нь Украинаас ОХУ-ын дотоодын стратегийн дэд бүтцэд чиглэсэн хамгийн сүүлд үйлдэгдсэн халдлага болохыг харуулж байгаа аж. Киев энэ төрлийн байгууламжуудыг Москвагийн дайнтай холбоотой чухал объектууд хэмээн үздэг.

Сочид дроны халдлага ховор тохиолддог ч өмнө нь хүний амь хохирч байжээ. Өнгөрсөн сард Сочигийн Адлер дүүрэгт Украины дроны халдлагын үйлдсэний улмаас нэг эмэгтэй амиа алджээ. 2014 оны Өвлийн Олимпын наадмыг зохион байгуулсан Сочи хотод дайны хугацаанд халдлага тийм ч олон удаа гараагүй аж.

Харин Краснодарын хязгаарын хувьд Украины дроны бай болсон тохиолдол олон юм байна. Тус бүс нутагт орших Ильскийн Газрын тос боловсруулах үйлдвэр Өмнөд Оросын хамгийн том үйлдвэрүүдийн нэг бөгөөд Украины тал дроноор тогтмол онилдог "бай"-гаа болгожээ.

Воронеж мужид дроны халдлагын улмаас дөрвөн хүн шархаджээ Мөн Ням гарагт ОХУ-ын өмнөд хэсгийн Воронеж мужийн амбан захирагч "Украины дроны цохилтын улмаас дөрвөн хүн шархдаж, хэд хэдэн газарт гал гарсан" гэж мэдээлсэн байна.

Үүний зэрэгцээ Киев хотын цэргийн захиргаанаас Оросын зэвсэгт хүчин Украины нийслэл Киев рүү пуужингаар довтолсон тухай мэдээлжээ. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас "Украинтай хил залгаа Воронеж мужийн нутаг дэвсгэр нэвтэрсэн Украины 18 дроныг устгасан" гэж мэдээлжээ.

Эх сурвалж: CNN
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.