Эмэгтэйчүүд энх тайван, аюулгүй байдлын төлөө дуу хоолойгоо нэгтгэж байна
Монгол Улс дахь НҮБ-ын Нийгэмлэг нь НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын дэмжлэгтэйгээр, Японы засгийн газрын санхүүжилттэй “Энхийн төлөөх түншлэл” олон улсын хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад “Empowering Voices” буюу "Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхэд Иргэний Нийгмийн Байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх" хөтөлбөрийг хэрэгжүүллээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1325 дугаар тогтоолоор баталсан Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал (WPS) хөтөлбөр нь эмэгтэйчүүдийн зөрчил мөргөлдөөний үеийн болон дараах онцгой нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрснөөрөө онцлог бөгөөд энх тайвныг бэхжүүлэх, шийдвэр гаргах бүхий л түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог бататгасан юм.

25 жилийн ойгоо угтах гэж буй WPS хөтөлбөрийн тухай иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болон олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх, WPS-ийг Монгол Улсад хэрэгжүүлэх Үндэсний Үйл Ажиллагааны Төлөвлөгөөнд олон нийтийн дуу хоолойг хүргэх зорилгоор хэрэгжсэн Empowering Voices хөтөлбөрт энх тайван, тогтвортой хөгжил, жендэрийн тэгш байдлын төлөө үйл ажиллагаа явуулж буй иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл болон хувь хүн бүхий 80 оролцогч нийслэл, орон нутгаас хамрагдлаа.

2025 оны есдүгээр сарын 17-нд эхлэн нэг сарын турш үргэлжилсэн энэхүү хөтөлбөрийн хүрээнд энх тайван, хүний эрх, кибер аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг сэдвээр сургалтыг дотоодын болон Канад, Солонгос, Япон зэрэг улсуудын экспертүүд орж, олон улсын туршлагаас хуваалцав.
Сурч мэдсэн зүйлсээ олон нийтэд түгээх зорилгоор оролцогчид өөрсдийн орон нутагт сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Тэд Сэлэнгэ, Баян-Өлгий, Орхон, Баянхонгор, Архангай, Хөвсгөл аймаг болон Улаанбаатар хотод нийт 1000 гаруй хүнд хүрч, WPS хөтөлбөрийн талаар мэдлэг олгохоос гадна охид, эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсох гүүр болж ажиллалаа.

Empowering Voices хөтөлбөрийн хүрээнд оролцогчдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, Үндэсний Үйл Ажиллагааны Төлөвлөгөөнд олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудын дуу хоолойг тусгах зөвлөмжийг боловсруулж холбогдох байгууллагуудад хүргэхээр бэлдэж байна.
Төслийн дараагийн чухал үр дүн бол Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын төлөөх иргэний нийгмийн байгууллагуудын эвслийг байгуулах санаачилга юм. Эвсэл нь иргэний нийгмийн байгууллагуудыг нэгтгэн, Монгол Улсад WPS хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах зорилготой. Эвсэл үүсгэн байгуулагдаж байгааг Empowering Voices хөтөлбөрийн хаалтын арга хэмжээний үеэр зарлалаа.
Эх сурвалж “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клуб





















































.jpeg)










Сэтгэгдэл