Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж, мэргэжил, арга зүйгээр зөвлөн тусалж ажиллахыг үүрэг болгов
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны нэгдүгээр сарын 07-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 114 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Энэ хүрээнд иргэн, аж ахуйн нэгжид зөвлөн туслах, урьдчилан сэргийлэх, үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, төрийн хяналтын хүрээг оновчилж, хүнс, эрүүл ахуй, эм, эмчилгээний чанар, уул уурхай, газрын тос, байгаль орчин, дэд бүтэц, боловсрол зэрэг нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хөндөгдөх,
эсхүл зөрчигдөх эрсдэлтэй үйл ажиллагаанд хяналт тавих төрийн хяналт шалгалтын зарчмыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх хүрээнд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Монгол УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдах хүртэлх хугацаанд хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгах, Засгийн газрын салбарын хяналт шалгалтын үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллахыг Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Олон нийтийн хяналтын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцууллаа
Ерөнхий сайд Г.Занданшатарын өгсөн үүргийн дагуу Олон нийтийн хяналтын тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Төрийн байгууллага, нийтийн албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтын тогтолцоог бий болгох зорилгоор Олон нийтийн хяналтын тухай хуулийн төсөл боловсруулах хууль зүйн шаардлагатай байна. Төрийн байгууллага, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, нийтийн албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх хөндлөнгийн зөвлөлийн хүрээ, хязгаарын талаар тусгаж байна.
Хуулийн төсөл батлагдсанаар төрд итгэх иргэдийн итгэл дээшилж, төрийн байгууллага, нийтийн албан тушаалтны үйл ажиллагаан дахь төсвийн зарцуулалтад тавих олон нийтийн хяналт сайжрах, төсвийн үргүй зардал багасах, түүнчлэн, Авлигын төсөөллийн индекс сайжрах нөхцөл бүрдэнэ.
"Улаанбаатар Арена" төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ
Төслийг хэрэгжүүлэхдээ холбогдох хууль, журмыг баримтлан ажиллахыг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нарт даалгалаа.
Хувийн хэвшлээс Улаанбаатар арена төслийг санаачлан, хамтран ажиллах санал ирүүлжээ. Энэ спорт цогцолбор нь 3000-5000 хүний суудалтай, 20.000-35.000 ам.метр талбайтай, жилд 150-200 арга хэмжээ зохион байгуулж, 200.000-300.000 үзэгч татна, эдийн засгийн хувьд жил бүр 15-26 сая ам.долларын орлого олно тооцоолжээ. Нийт 74 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хувийн хэвшил бүрэн хариуцах нөхцөлтэй.
Төсөл хэрэгжсэнээр иргэдийн хөдөлгөөний дутагдал, стрессийг бууруулж эрүүл мэндийг дэмжих, гэмт хэрэг, хорт зуршил зэрэг нийгмийн сөрөг нөлөөллийг бууруулж, улмаар урьдчилан сэргийлэх, залуусын эерэг соёлыг дэмжих ач холбогдолтой. Түүнчлэн эдийн засгийн хувьд шинэ ажлын байр бий болгох, спортын аялал жуулчлалыг хөгжүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ гэж үзэж байна.
Улаанбаатар хотын хүн амын 65 хувийг 35-аас доош насны залуучууд эзэлдэг ч спортын ордон, заалны хүрэлцээ хангалтгүй, ихэнх нь хуучирсан тул залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж хязгаарлагдмал, хүүхдийн сургууль, цэцэрлэгийн хүртээмж дутмаг байна.



































































Сэтгэгдэл
Иргэн [66.181.191.42] 2026-01-08 08:27:19
Энэ хавтгайрсан халамжийг зогсоож ажлын байрыг нэмэгдүүлж хүн бүрийг ажилтай болгохгүй бол хүн амын амжиргаа дээшилж улм орон хөгжихгүй
Зочин [59.153.115.124] 2026-01-07 20:28:21
Ядуус халамжийн мөнгөөр хотын кофе шопуудаар ба ресторануудаар орж, хоол унд идэн тансаглаж байна. Улаанбаатарын ресторануудаар ба кофе шопуудаар голдуу ядуус үйлчлүүлж байна.