Антониу Гутерриш: НҮБ санхүүгийн хувьд дампуурах бодит эрсдэлд орсон
НҮБ санхүүгийн хувьд дампуурах бодит эрсдэлд орсныг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш гишүүн орнуудад илгээсэн захидалдаа онцлон анхааруулжээ.
Тэрбээр лхагва гарагт илгээсэн уг захидалдаа гишүүн орнууд татварын үүргээ бүрэн биелүүлээгүй, мөн зарцуулагдаагүй хөрөнгийг гишүүн орнуудад буцаан олгохыг шаардсан санхүүгийн дүрэм журмуудаас үүдэн байгууллага ноцтой нөхцөл байдалд орсныг дурдсан байна.
Ялангуяа гол хандивлагч орны нэг болох АНУ олон талт хамтын ажиллагааны зарчмаас ухарч буй энэ үед НҮБ-ын санхүүгийн хямрал улам гүнзгийрч, олон төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт саатахад хүрч, санхүүгийн дампуурлын бодит аюул тулгараад байгааг Гутерриш цохон тэмдэглэжээ.
Тэрбээр ойрын хугацаанд нөхцөл байдал цаашид улам дордох төлөвтэй байгааг НҮБ-ын гишүүн орнуудын байнгын төлөөлөгчдөд илгээсэн захидалдаа тодорхой дурдсан байна.
НҮБ-ын дүрэмд зааснаар гишүүн орнуудын төлөх татварын хэмжээ нь тухайн улсын эдийн засгийн чадавхаас хамаардаг. Тухайлбал, АНУ НҮБ-ын нийт төсвийн 22 хувийг, БНХАУ 20 хувийг тус тус бүрдүүлдэг.
2025 он дуусахаас ердөө таван долоо хоногийн өмнө нийт 48 улс татварын төлбөрөө бүрэн төлөөгүй байжээ. Эдгээрийн тоонд АНУ, ОХУ багтсан бол БНХАУ татварын үүргээ бүрэн биелүүлсэн байна. Харин дараа нь ОХУ татварын үлдэгдэл болох 71 сая ам.долларын өрөө бүрэн барагдуулжээ.
Вашингтоны байр суурь
АНУ НҮБ-ын агентлагуудыг санхүүжүүлэх хөрөнгийн хэмжээгээ танаж, байгууллагын байнгын төсөв болон энхийг сахиулах ажиллагааны төсөвт оруулах ёстой төлбөрөө төлөхөөс татгалзсан байна.
Ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-ыг асар их нөөц боломжтой атлаа түүнийгээ үр ашигтай ашиглаж чаддаггүй хэмээн шүүмжилж, үүний зэрэгцээ “Энхийн зөвлөл” нэртэй шинэ байгууллага байгуулах санаачилга гаргасан билээ.
Гутерриш захидалдаа тодорхой улс орнуудын нэрийг дурдаагүй ч НҮБ-ын албан тушаалтнуудын мэдээлснээр АНУ-ын байнгын төсөвт төлөх өрийн хэмжээ 2 тэрбум 190 сая ам.долларт хүрээд байгаа ажээ.
Үүн дээр нэмж, одоо хэрэгжиж буй энхийг сахиулах ажиллагаанд зориулан 1 тэрбум 880 сая ам.доллар, мөн аль хэдийн дууссан ажиллагаануудыг санхүүжүүлэхэд 528 сая ам.долларыг тус тус төлөх үүрэгтэй хэвээр байна.
“Кафкагийн мөчлөг”
Гишүүн орнууд санхүүгийн үүргээ бүрэн биелүүлэх эсвэл НҮБ-ын санхүүгийн дүрэм журмыг үндсээр нь өөрчлөх шаардлагатайг Антониу Гутерриш анхаарууллаа.
Хэдийгээр 2026 оны төсвийг долоон хувиар танаж, 3 тэрбум 450 сая ам.доллароор баталсан ч долоодугаар сар гэхэд байгууллага мөнгөн хөрөнгөгүй болох бодит эрсдэлтэй тулгараад байна.
Энэ нөхцөл байдалд хүргэсэн гол шалтгаануудын нэг нь зарцуулагдаагүй үлдсэн хэдэн зуун сая ам.долларын хөрөнгийг гишүүн орнуудад буцаан олгох үүргийг НҮБ хүлээдэг санхүүгийн тогтолцоо юм.
Хүнд сурталд автсан, логик зөрчилтэй ийм дүрэм журмыг нэрт зохиолч Франц Кафка бүтээлүүддээ дүрсэлсэнтэй зүйрлэн “Кафкагийн мөчлөг” хэмээн нэрлэдэг болжээ.
Эх сурвалж: DW
































































Сэтгэгдэл
Зочин [59.153.112.94] 2026-02-02 09:52:54
Тэртээ тэргүй олон улсын байгууллагууд ба баян улсууд бусад оронд хэрэгцээтэй хөтөлбөр хэрэгжүүлдэггүйг хүн бүр мэднэ.
Зочин [59.153.112.94] 2026-02-02 09:49:52
НҮБ-ын ажилтнуудын хүүхдүүд НҮБ-аар даалгаад жилийн 40000 ам. долларын үнэтэй International Schools-д явдаг. Дараа нь дахиад НҮБ-аас бүрэн тэтгэлэг аваад АНУ-д их сургуульд 4 жил явдаг. Иймэрхүү зардлаа хасчихад болно шүү дээ.