Олимпын замд мөрөө гаргасан эмэгтэй цаначдыг буухиалагч Э.Ариунтунгалаг

Aдмин / Спорт

Хүн төрөлхтний эв найрамдалын бэлгэ тэмдэг болсон өвлийн XXV олимпын наадамд оролцох гурван тамирчнаа цувралаар танилцуулж байна. Энэ удаа олимпын цасан замд мөрөө гаргасан эмэгтэй цаначдынхаа залгамж болсон олон улсын хэмжээний мастер Э.Ариунтунгалагийг товч танилцуулъя. Монгол Улсын үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний 011 дүгээр анги, “Алдар” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Э.Ариунтунгалагийн Төв аймгаас их спортын гараагаа эхэлсэн тамирчин юм. Гүйлтийн цана, биатлон, хөнгөн атлетикийн төрлөөр хичээллэж эх орныхоо нэрийг олон улсын тавцанд мандуулж явсан тэрбээр өвлийн олимпод анх удаа оролцох гэж байгаа нь энэ.

Өвөл нь цана углаж, зун нь хөнгөн атлетикаар хичээллэдэг байсан Э.Ариунтунгалаг Азийн кросс гүйлтийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Түүнчлэн Нанжины Азийн хүүхдийн спортын II наадмаас халхалттай гүйлтийн төрлөөр хүрэл медаль авч Монголын багийнхныг баярлуулж байлаа. 110 гаруй тамирчны өргөн бүрэлдэхүүнтэй энэхүү наадамд оролцсон Монголын багаас жүдо бөхөөр хоёр тамирчин хүрэл медаль авсан байв. Медалийн найдвар тасарлаа гэж бодтол Э.Ариунтунгалаг 110 метрийн халхалттай гүйлтийн төрөлд хүрэл медаль энгэртээ зүүж, монголчуудыг баярлуулсан түүхтэй. 2009 оноос цанын спортод хөл тавьсан тэрбээр 2014 оноос биатлоноор хичээллэсэн ч Монголд тэмцээн уралдаан болдоггүй, энэ төрлөөр шигшээ баггүй учраас цана руу буцаад хөрвөсөн. Ингээд гүйлтийн цанын улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэнээр шигшээ багт данстай болж, амжилтынхаа гарааг эхлүүлэв.

Гэвч 2019 онд Монголын биатлоны холбооноос түүнд санал тавьснаар дахин биатлоноор хичээллэх болсон юм. Ингэхдээ биатлоны насанд хүрэгчдийн УАШТ-д Монгол Улсаас оролцсон анхны тамирчин болж, тухайн үед гаднын хэвлэлүүдэд “Монголоос эмэгтэй тамирчин ганцаараа ирж ДАШТ-д оролцож байна” хэмээн мэдээлж байсан бол Олон улсын биатлоны холбооны удирдлагууд “Монголчууд нэг ч болтугай тамирчнаа бэлтгээд ДАШТ-д оролцуулж байгаад маш их баяртай байна. Цаашид нэг биш бүтэн багаараа оролцох боломжтой” гэж байв.

Гурван жил “буутай цаначин” болсон тэрбээр 2022 оны дөрөвдүгээр сараас гүйлтийн цанадаа эргэн ирснээр өнөөдөр олимпын наадамд оролцох эрхээ авч Миланд бэлтгэлээ базааж байна. Зэвсэгт хүчнийн тамирчин гэгдэх Э.Ариунтунгалаг дэслэгч цолтой бөгөөд Монгол Улсын гүйлтийн цанын 26 удаагийн аварга, Цэргийн мэргэжлийн 2022 оны аварга, марш, тактикийн тусгай бэлтгэлийн 4 удаагийн аварга, Азийн цомын тэмцээний мөнгө, хүрэл медальт, гүйлтийн цанын дэлхийн аваргын “А” ангиллын тамирчин билээ. Хамгийн сүүлд өнгөрсөн сард БНСУ-д болсон Азийн цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн юм.

Түүний хувьд 31 насандаа анхны олимпдоо оролцохоор Италийн Тесеро хотын цанын баазад бэлтгэлээ хангаж байна. Гүйлтийн цанын тэмцээн Валь де Фьемме дахь “Tesero cross country skiing centre”-д хоёрдугаар сарын 7-22-нд болох юм. Манай тамирчны хувьд маргааш скиатлон (10 км чөлөөт + 10 км сонгодог), 10-нд спринт, 12-нд сонгодог тэшилтээр уралдана.

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.