“Хөгжлийн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх хэлбэр-хэрэгцээ шаардлага” хэлэлцүүлэг боллоо
Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-д “Монгол Улсын хөгжлийн санхүүжилтийн шийдэл” сэдэвт долоо хоногийн арга хэмжээ өчигдөр эхэлсэн. Эдийн засаг, хөгжлийн яам болон Монгол Улсын Хөгжлийн банк хамтран зохион байгуулж буй уг арга хэмжээ өнөөдөр (2026.05.05) “Хөгжлийн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх хэлбэр-хэрэгцээ шаардлага” сэдвийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлгээр үргэлжиллээ.

Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү арга хэмжээг нээж үг хэллээ. Тэрбээр, бодлогоо тодорхойлсон томоохон төслүүд, хөгжлийн бодлогуудаа хэрэгжүүлэх практик шаардлага, санхүүжилтийн талаар салбарынхантайгаа өнөөдөр нээлттэй хэлэлцэнэ. Хөгжлийн банк өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх Засгийн газрын даалгаврыг амжилттай биелүүлсэн. Цаашид найдваргүй зээлийн хэмжээг бууруулах, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллаж байна. Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм Лизинг” ХХК аль салбарт, ямар тоног төхөөрөмж нийлүүлж, хэрхэн хамтарч ажиллах боломжийн тухай хэлэлцүүлэг өрнөнө. Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд хөдөө аж ахуйн салбар чухал нөлөөтэй. Экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлуулах чанартай найдвартай хүнс, өргөн хэрэглээний бараагаар хангах томоохон хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгааг онцоллоо.
“Хөгжлийн банк”-ны Төслийн санхүүжилтийн хэлтсийн захирал Н.Тогтохбаяр “Хөгжлийн төсөлд, Хөгжлийн банкны оролцоо” илтгэлдээ “Өнгөрсөн 15 жилийн хугацаанд Хөгжлийн банк нийт 7.7 их наядын төгрөгийн зээл олгосон. Зам, эрчим хүч, агаарын тээвэр, боловсруулах үйлдвэр гэхчлэн чиглэлүүдэд хөрөнгө оруулж чадсан. Тухайлбал, цементийн импортын хувь хэмжээг бууруулсан” хэмээн онцлов.
“Ди Би Эм Лизинг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнсодном “Санхүүгийн түрээсийн зах зээл өнөөгийн байдал, олон улсын туршлага” сэдвээр танилцуулга өгөв. “160 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг 40 ААН, 1232 техникт лизингээр олгоод байна. Үйлдвэрлэгч буюу өндөр хөгжилтэй орнуудад санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа хөгжсөн. Герман улс санхүүгийн түрээсийн холбоо байгуулж, техник тоног төхөөрөмжийг бусад улс орнуудад лизингийн үйлчилгээгээ үзүүлдэг” талаар онцлов. Түүнчлэн “Ди Би Эм Лизинг” ХХК хил дамнасан лизингийг өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд татвар, гаалийн орчны талаар дурдлаа.
ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Ч.Болдбаатар “Хөнгөн үйлдвэрийн салбарт тоног төхөөрөмжийг хэрэгцээ шаардлага” сэдвээр илтгэл танилцуулав. Энэ үеэр “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд эл салбарт сэргэлт авч ирсэн. 2025 онд 788.9 тэрбум төгрөг, 2026 онд 450 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдоод байгаа гэв.
“Цагаан алт” ТББ-ын тэргүүн Д.Бадарч ““Цагаан алт” хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр, “250 мянган малчин өрх, салбарын үйлдвэрүүдийн үйл ажиллагааг хангахад энэ хөтөлбөрийн зорилго оршиж байсныг онцлов. Ерөнхийлөгчийн гадаад айлчлалын хүрээнд Казахстан, Киргизстан зэрэг улсууд руу цоо шинэ гарцууд нээгдсэн” гэлээ.
“Монголын ноос ноолуурын холбоо”-ны Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг “Ноолуурын салбарын технологийн түвшин, хөрөнгө оруулалт, зах зээлийн шаардлага” сэдвээр илтгэл тавив. Энэ үеэр Монгол-Италийн хамтарсан ээрэх үйлдвэр байгуулагдах гэж буйг дуулгалаа. Ноолуурын ээрэхийн хөрөнгө оруулалтад 62.1 сая евро буюу 263,5 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Энэхүү саналыг Засгийн газарт хүргүүлсэн. Өнөөдрийн байдлаар ноолуурын салбар 1.5 их наяд төгрөгийн үйлдвэрлэл явуулж байгаа. Үүнийг гурав дахин нэмэгдүүлэх боломж байна. Мөн 2030 он гэхэд 20,000 ажлын байр бий болно” гэлээ.
“Монголын Ноосон бүтээгдэхүүн Үйлдвэрлэгчдийн холбоо” НҮТББ-ын тэргүүн Б.Ганбат “Орон нутагт сүлжих үйлдвэрлэл хөгжүүлэх хэрэгцээ, шаардлага” сэдвээр илтгэл тавилаа.

Хөгжлийн банк нь Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг дэмжих “хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулах ёслолын ажиллагаа болов. “Хөгжлийн банк”-ны Гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн, ХХААХҮЯ-ийн ТНБД Т.Жамбалцэрэн нар үзэглэлээ.
Үргэлжлүүлэн “Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо”-ны Ерөнхийлөгч А.Даваасүрэн “Арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн өнөөгийн технологийн түвшин, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын хэрэгцээ” сэдвээр эл салбарт тулгамдсан асуудлуудыг хөндлөө.
“Ди Би Эм Лизинг” ХХК-ийн Санхүүгийн түрээсийн нэгжийн захирал Н.Будбаяр “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, бүтээмжийг нэмэгдүүлэхэд санхүүгийн түрээсийн ач холбогдол” сэдвээр илтгэл танилцуулав. Тэрбээр, Хөгжлийн банкны охин компани өнгөрсөн хугацаанд 20 сая ам.долларын санхүүжилтийг хөдөө аж ахуйн салбарт олгосон. ХАА-н ААН-үүдэд 3-7 жилийн хугацаатай, 15-30 хувийн урьдчилгаатай, 1-2 хувийн ногоон хөнгөлөлттэй гэхчлэн тоног төхөөрөмжийн лизингийн үйл ажиллагаагаар дэмждэг гэлээ.

Хөдөө аж ахуйн салбар дахь санхүүгийн түрээсийн боломжийн талаарх илтгэлүүдийн дараа уул уурхай, зам тээврийн салбарын санхүүгийн түрээсийн боломжийн талаарх илтгэлүүдээр үргэлжиллээ. Энэ хэсэгт,
- Зам, тээврийн яамны Төмөр замын тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Х.Итгэлт “Төмөр замын салбарын техник, тоног төхөөрөмжийн өнөөгийн байдал, цаашдын хэрэгцээ шаардлага” сэдвээр
- “Эрдэнэс Монгол Нэгдэл”-ийн Үйлдвэрлэл, технолгийн бодлогын газрын дарга Ц.Төгсбуян “Эрдэнэс Монгол Нэгдэлийн уул уурхайн салбарын техник, тоног төхөөрөмжийн өнөөгийн байдал, цаашдын хэрэгцээ шаардлага, тулгамдаж буй асуудлууд” сэдвээр
- “Ди Би Эм Лизинг” ХХК-ийн Санхүүгийн түрээсийн нэгжийн захирал Н.Будбаяр “Уул, уурхайн салбарын экспортыг нэмэгдүүлэхэд санхүүгийн түрээсийн ач холбогдол” сэдвээр илтгэл тавив.
Илтгэлийн дараа хэлэлцүүлэгт оролцогчид заалнаас оролцогчдын асуултад нээлттэй хариулт өгөв.
Энэхүү арга хэмжээ нь
- 2026.05.07-ны өдөр “Төслийн санхүүжилтийн эх үүсвэр, хөрөнгө оруулалтын боломж”
- 2026.05.08-ны өдөр “Активын удирдлага-хамтын ажиллагаа” зэрэг сэдвүүдийн хүрээнд үргэлжлэн зохион байгуулагдана.


































































.jpeg)





Сэтгэгдэл