ДЭЛХИЙН ДУЛААРАЛ: Цагаан баавгай барьц алдаж байна
-ТОО ТОЛГОЙ НЬ 900 ХҮРТЭЛ БУУРЧЭЭ-
Хойд туйлаар нутагладаг цагаан баавгай дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж буй. Хойд туйлын зун урьд урьдаас илүү дулаан болсон нь цагаан баавгайн орон гэр болсон мөнх цас, мөсийг хайлуулаад зогсохгүй идэш тэжээл нь ч ховордох шалтгаан болжээ. Идэш хоол ховордохын эрхээр цагаан баавгай байгалийн жам ёсоороо ичиж чадахаа больсныг судлаачид мэдээлж байна.
АНУ 2008 оны тавдугаар сарын 14-нд цагаан баавгайг Ховордсон зүйлүүдийн тухай хуулиндаа ховор зүйлээр оруулжээ. Цагаан баавгайн гол идэш нь далайн хав. Хойд мөсөн далайн мөс хайлсны улмаас далайн хавын тоо толгой ч буурчээ.
Судалгаагаар цагаан баавгай нь хоол хүнс ховордож, байгалийн өөрчлөлтөд дасан зохицож чадахгүй, зун цагт идэш тэжээлийн эрэлд гарахдаа биеийнхээ массыг дорхноо алдаж, турж үхэж байгааг тогтоожээ. Учир нь, цагаан баавгайн метаболизм нь бусад баавгайнаас илүүтэй хүнсний хязгаарлагдмал нөхцөлд амьдардаг хөхтөн амьтныхтай төстэй байдаг аж. Тэд далайн хүйтэн усанд сэлэхэд бие организм нь дасан зохицож чаддаг ч идэш тэжээлийн өөрчлөлтийг хүлээн авч чаддаггүй болохыг эрдэмтэд судалгааны явцад илрүүлжээ.
Дэлхийн дулаарлын улмаас Хойд Америкийн цагаан баавгайн тоо толгой сүүлийн арван жилийн хугацаанд хоёр дахин буурчээ. АНУ-ын Газарзүйн нийгэмлэг, Канадын Байгаль орчны яам 2001 оноос эхлэн Ютон, Аляска болон Канадын баруун хойд нутагт хамтарсан судалгаа хийсэн байна. Цагаан баавгайн тоо толгой ойролцоогоор 1600 байснаа 900 хүртэл буурсан аж. Эрдэмтэд 2004-2007 онд цагаан баавгайн хорогдлыг бүрэн тайлбарлаж чадахгүй байжээ. Энэ хугацаанд тусгай шошго зүүсэн цагаан баавгайн 80 бамбаруушаас хоёр нь эсэн мэнд үлджээ. Хэрвээ дэлхийн дулаарал энэ чигээрээ үргэлжилж, Арктикийн мөс энэ хэмжээгээр хайлвал цагаан баавгайн төрөл 60-70 хувиар хорогдоно гэж судлаачид судалгааны тайландаа бичсэн байна.
-100 ЖИЛИЙН ДОТОР УСТАЖ ҮГҮЙ БОЛОХ АЮУЛ ТУЛГАРЧЭЭ-
Цагаан баавгай нь дэлхийн хуурай газрын хамгийн том махан идэштэн. Кодяк баавгай, цагаан баавгай хоёр хуурай газрын хамгийн том махчинд тооцогддог. Бие гүйцсэн маахай 400-680 кг байдаг бол эвш хагастай нь тэнцэнэ. Хүрэн баавгайтай ойр төрөл боловч экологийн явцуу нөхцөлд зохицсон, тухайлбал биеийн олон шинж нь хүйтэн хэм, цас, мөс, задгай усаар явах, сэлүүр хөлтөн барихад зохицжээ. Хэдий дийлэнх цагаан баавгай хуурай газар төрдөг боловч амьдралынхаа ихэнх хугацааг далай тэнгист өнгөрүүлдэг. Тэнгисийн усанд хөвөх мөсөн дээр аялж, идэш хоолоо барьдаг. Жилийн ихэнх хугацааг хөлдсөн тэнгист өнгөрүүлнэ.
Цагаан баавгайн 19 дэд популяциас 5-ынх нь тоо толгой хорогдож байгаа тул эмзэг зүйлд тооцогдох болжээ. Олон арван жилийн турш хязгаар хориггүй агнаж байсны улмаас энэ зүйлийн ирээдүй бүрхэг болж, олон улсын зүгээс анхаарал тавих болсон. Тиймээс цагаан баавгайн анд хяналт тавьж, квот тогтоох болсноор тоо толгой нь эргээд сэргэж байгааг зарим эх сурвалжид мэдээлжээ.
Олон мянган жилийн турш цагаан баавгай хойд туйлын уугуул иргэдийн эд, оюун санаа, соёлын амьдралд гол байр суурь эзэлсээр ирсэн. Эдгээр үндэстэн ястны дунд цагаан баавгай агнах нь чухал явдалд тооцогдсоор буй юм.
Цагаан баавгайн амьдрах орчин болсон далайн мөс хайлснаар хангалттай идэш хоол олох чадвар нь багасчээ. ОУБХХ-ны мэдэгдсэнээр, хэрэв цаг уурын энэ хандлага үргэлжилсээр байвал цагаан баавгай одоо тархсан ихэнх нутгаасаа 100 жилийн дотор устаж үгүй болох аюултай тулгараад буй юм байна.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
Сэтгэгдэл
Вт рр [202.126.89.182] 2020-10-06 14:40:18
Цагаан баавгай эр эмийн нэр
Зочин [103.212.119.201] 2024-09-17 21:03:10
Х