Тавантолгойн төмөр зам 25 жилд 1.9 тэрбум долларын ашиг олно

Д.Тулга / Эдийн засаг

“МТЗ” компаний захирал П. Батсайхан-тай ярилцлаа.

Тавантолгойн ордыг ашиглах хэлэлцээр явагдаж байна. Энэ талаар та байр сууриа хэлнэ үү?

Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 268 дугаар тогтоолын дагуу сонгон шалгаруулалт явуулж үүнд хөрөнгө оруулагчаар Энержи Ресурс, Шэньхуа, худалдааны түншээр Сумитомо гэсэн компаниудын консорциум шалгарсан юм. Шалгарсан Консорциумтай Хөрөнгө оруулалтын, Концессийн , Төслийн гэрээг шилжүүлэх зэрэг гэрээнүүдтэй холбоотой хэлэлцээр хийж уг ажлыг Монгол улсын сайд М. Энхсайханы ахалсан ажлын хэсэг хариуцан явуулж байна. Энэ ажлын төмөр замын дэд хэсэгт манай МТЗ ТӨХК-г оролцуулж байгаа. Тавантолгойн ордыг Монгол улсын үндэсний аюулгүй байдал, ард иргэдийн ашиг сонирхолд нийцсэн хувилбараар, Монгол улсын хуулийн хүрээнд улс орны эдийн засгийн стратегийн орд гэсэн утгаар нь ашиглах ёстой гэж би үздэг.

Тавантолгойн ордоос урагшаа явж байгаа төмөр замын хувьд юу хэлэх вэ? Энэ ордыг ашиглах консорциум төмөр замыг бас авч байгаа бололтой.?

Энэ нь Ухаахудаг-Гашуунсухайтын 267 км төмөр замын асуудал юм. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны 35/32 зөвлөмжийн дагуу Засгийн газрын 2012 оны 121 тогтоолоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам буюу Улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдол бүхий төмөр замын суурь бүтцийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалттайгаар цогцоор нь барьж байгуулах зорилгоор төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгосон байдаг. Мөн 2013 оны ЗГ-ын 22 дугаар тогтоолоор төмөр замын суурь бүтцийг “Барих-Ашиглах-Шилжүүлэх” концессын эрхийг МТЗ-д олгосны дагуу МТЗ нь Төмөр замын тээврийн тухай хуульд заасан Суурь бүтэц эзэмшигчийн эрх үүргээ төрийн өмнөөс хэрэгжүүлэх ёстой байгууллага нь юм.

Үндэсний баялаг болсон уул уурхайн стратегийн ач холбогдол бүхий том ордыг ашиглахдаа хөрөнгө оруулалт, уул уурхайн ашиглалт, тээврийн дэд бүтцийг нь төрийн бодлогоор цогцоор нь шийдэж чадвал улс орны эрх ашигт нийцнэ гэдэгтэй би санал нэг байдаг. Харин энэ бүх цогц асуудлыг нэг л компани буюу консорциумын мэдэлд бүгдийг нь шилжүүлнэ гэдэгтэй санал нийлдэггүй юм. Нэг компанид уурхайн олборлолт, боловсруулалт, борлуулалтыг хариуцуулж болох ч төмөр зам барьж дангаараа ашиглах, оператор хийх, тариф тогтоох, тээврийн үйлчилгээ үзүүлэх зэрэг онцгой эрхийг нэмж олгох нь манай улсын хувьд яаж ч бодсон сайн хувилбар гэж харагдахааргүй байгаа юм.

Та сая төмөр зам аваад дангаараа ашиглах нь гэлээ, үүний үр дагаврыг ярьж өгөөч, МТЗ барьж ашиглана гэдэг бас адилхан монопольдох хэрэг биш үү?

Уурхай авсан компанид дэд бүтцийг эзэмшүүлж ашиглуулах монополь эрх олговол ямар сөрөг үр дүнд хүрч болдгийг хэлэх хол ойрын жишээ олон л байна. Ойроос нь ярья л даа. Тавантолгойгоос боомт руу нүүрс зөөдөг авто замыг Энержи ресурс барьж ашиглаж байсан. Барьж байхад нь бол байгаль орчинд ээлтэй тоос босохооргүй сайхан болно гээд ярьж л байлаа. Гэтэл ашиглалтад ороод зөвхөн өөрийн компаний машинуудыг явуулаад өөр компаний тээвэрлэлтийг хийлгээгүй, бусад нь нөгөө тоос шороогоо манаргасаар өчнөөн хэрүүл уруул болж байж төр мөнгө гаргаж өөртөө авсан. Холын жишээ гэвэл 2010 онд Дэлхийн банкнаас “Тээврийн стратеги” бодлогын баримт бичиг боловсруулах ажлын хүрээнд Монгол улсын уул уурхай, тээвэр болон хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулан 10 гаруй удирдах төвшний, мэргэжлийн хүмүүсийг Австрали улсад урьж уул уурхайн тээвэр, дэд бүтцийг яаж зохион байгуулвал илүү зүйтэй байх талаар сайн муу тодорхой жишээн дээр газар дээр нь танилцуулж байсан. Тэнд уурхайг нь төмөр замтай нь нэг компанид өгчихсөн байж. Гэтэл тэр бүс нутгийн бусад уурхай, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг нөгөө компани чинь өөрийн замаараа явуулахаа болиод Засаг нь аргагүйдэж барьсан замтайгаа 400 гаран км урт зэрэгцээ төмөр зам тавьж байж асуудлыг нь шийдсэн бодох ёстой жишээ байна.

Бид уул уурхайгаа хөгжүүлж байгаа нь энэ гээд бусдаас хараат болчихсон, эсвэл хөгжүүлээд ард олныхоо амьдрал ахуйг сайжруулаад цаашид эдийн засгаа төрөлжүүлээд явж байгаа олон л орны алдаа онооноос сурч байна, үзэж харж байна. Мэдсээр байгаад алдаа хийх юм бол хойч үедээ, үр хүүхэддээ юу хэлэх вэ? Энэ тухай ч саяхан З. Энхболд дарга ярьсан байна лээ дээ.

МТЗ Шинэ төмөр зам төслөө хэрэгжүүлэхдээ Төмөр замын тухай хуулинд заасан Суурь бүтэц эзэмшигчийн үүрэг буюу суурь бүтцийн нэвтрүүлэх хүчин чадлыг харгалзан тээвэрлэгч, түүний дотор өөрийн харъяаллын буюу өөрийн хөрөнгө оруулалттай тээвэрлэгчтэй суурь бүтэц ашиглалтын гэрээг ижил нөхцөлөөр байгуулж, тээвэрлэлт хийх нөхцөлийг бүрдүүлэх гэсэн үүргээ биелүүлээд л явах нь тодорхой.

Одоо хийгдэж байгаа хэлэлцээрүүд хууль зөрчсөн олон асуудал байна гэж ярьж байна. Таны бодлоор тийм зүйл байна уу?

Зөрчсөн бус зөрчилдөж байгаа заалтууд байна гэж хэлэх байна. Төмөр замыг хамтад нь Консорциумд шилжүүлэх нь одоо Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа миний дээр хэлсэн олон хууль тогтоомж, зөвлөмж эрх зүйн актуудтай зөрчилдөж байна шүү гэдгийг бид Ажлын хэсгийн эхний хуралдаанаас эхлээд л хэлж ирсэн.

Аливаа том төслийг гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтарч хэрэгжүүлэх нь ойлгомжтой. Хөрөнгө оруулалтын эрхзүйн орчныг сайжруулах шаардлагатай гэж хүмүүсийн ярьдагтай би зарим талаар санал нэг байдаг. Хоёр тал харилцан ашигтай, эрх тэгш байдлын үндсэн дээр аливаа гэрээ хийгдвэл тэр нь цаашдаа бодитоор хэрэгжих боломжтой болдог. Харин хөрөнгө оруулагчаа сонсож, ойлголцох нь зүйтэй гээд Монгол улсынхаа эрх ашиг, хууль тогтоомжийг цаад талын саналд зохицуулаад явна гэвэл зүйд үл нийцнэ. Төмөр замын тээврээ төр өөрийн мэдэлд байлгах нь хамгийн чухал асуудал.

Тийм ямар нөхцөл байгаа юм бэ ?

Төмөр замаа 30 жилээр өгөөд дараа нь 51 хувийг төр авна гэдэг бол хамгийн муу тохироо. Өмнө нь энэ чиглэлийн замыг төрд нэмэлт дарамт үүсгэхгүй гээд үндэсний компанид өгөх оролдлого хийгдэж байсан. Тэр үед хийж байсанаас дордуулсан нөхцөл болох нь ээ гэж харж байна.

Өмнө нь ямар байсан гэж?

2012 оны 5 сард тухайн үеийн Засгийн газар энэ чиглэлийн төмөр замыг “MCS”-д концессоор өгсөн байсан. Тэр үед 18 жилийн дараа 100 хувь төрд авахаар гэрээлсэн байсан. Одоо болохоор 30 жилийн дараа 51 хувиа төр авна гэхээр чинь ашиггүй нөхцөл байгаа биз дээ. 30 жил ашиглагдсан замын үлдэх хувийг хэзээ бүрэн хэмжээгээр төрийн мэдэлдээ авах юм бэ, хэн оператор байх юм, дараа нь ямар ашиг орлого олох юм бэ гээд олон тодорхойгүй асуудлууд байна л даа.

Энэ төмөр замын эдийн засгийн үр ашиг ямар вэ?

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам бол 10 жилд өртгөө нөхөх тооцоотой хамгийн ашигтай зам. Төмөр замын тээвэрлэлт эхэлсэнээс хойш 25 жилийн дотор хөрөнгө оруулалт зардлаа нөхөн улмаар 1,9 тэрбум долларын ашиг олох тооцоог олон улсын санхүүгийн зөвлөхүүд гаргасан байдаг. Энэ бол зүгээр нэг тооцоо биш олон улсын банк санхүүгийн байгууллагаас санхүүжилт авахад үндэслэл болох тооцоо. Энийг гадны хөрөнгө оруулагчид маш сайн мэдэж байгаа учраас манай хэрэгжүүлж байгаа “Шинэ төмөр зам төслийн” чиглэлүүд дотроос IRR буюу хөрөнгө оруулалтын өөрийн өгөөж нь хамгийн өндөр байгаа энэ чиглэлийг онцгой сонирхож байгаа юм. Тэд олон хувилбарыг санал болгож бидэнд хандаж байгаа. Тэднээс зохих журмын дагуу сонгон шалгаруулалтыг нь хийгээд улс орондоо хамгийн ашигтай хувилбараар нь гэрээ байгуулаад замаа аль болох богино хугацаанд барьж дуусгачих бүрэн боломж байна. Газар шорооны ажлын нь 80 хувь нийт ажлын 50 гаран хувийг нь хийчихээд байгаа шүү дээ. Цаашдаа “МТЗ” компани олсон ашгаараа бусад чиглэлийн төмөр замаа барих боломж нээгдэх юм.

Өнгөрсөн онд БНХАУ-тай байгуулсан транзит тээврийн гэрээгээр Монгол улс төмөр замын тээврийн хөнгөлттэй тариф авахаар тохирсон. Энэ хөнгөлөлтөө Монгол улс ашиглах ёстой. Гэтэл төмөр замаа консорцимд шилжүүлчихвэл Монгол улс энэ боломжоо бүрэн утгаар нь хүртэх нь юу л бол. Хоёр улсын холбогдох яам албаны хүмүүсийн сүүлийн хэдэн жилийн хичээл зүтгэл, хамтын ажиллагааны үр дүнд Монгол улс БНХАУ-тай ийм гэрээ хийснийх үр дүнг нь манай улс хүртвэл нэн сайнсан.

Танай компанийн байранд Шэньхуагийн ажилчид ажиллаж байна, эрхийг нь авах гэж байна гэсэн мэдээ ТВ-үүдээр цацагдаж хэвлэлд гарч байна. Та Шинэ төмөр зам төслийнхөө цаашдын ирээдүйн талаар ямар бодолтой байна вэ?

Тийм мэдээлэл гарсан байсан. Би МТЗ ТӨХК болон Шинэ төмөр зам төслийнхөө цаашдын үйл ажиллагааны талаар өөдрөг үзэл бодолтой явдаг хүн. Монголчууд мега төслийн хэрэгжилтийн хувьд хөрөнгө оруулагчидтайгаа хүчин төгөлдөр байгаа эрх зүйн хүрээнд хэл амаа ололцоод тохиролцоод явах чадвартай гэж итгэдэг.

Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогоо тодорхойлох, хууль тогтоомжийнхоо биелэлтэнд хяналт тавих нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал гэж ойлгодог. МТЗ ТӨХК бол хууль тогтоомжийнхоо хүрээнд олгогдсон эрх хэмжээгээ хэрэгжүүлээд явж байгаа төрийн өмчит компани. Бид Шинэ төмөр зам төслөө хэрэгжүүлээд ирсэн цаашид ч аваад явж чадна гэдэгт итгэж явдаг.

О.ЭНХ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.