С.Төгс: Дэлхийд анх удаа үхрийн шөрмөсөөр мэс заслын утас хийсэн

Д.Тулга / Орон нутаг

togs

Дэлхийн Оюуны өмчийн байгууллага, Солонгосын Оюуны өмчийн байгууллага, Монголын Оюуны өмчийн байгууллагаас хамтран зохион байгуулсан “Инновацийн шийдэл бидний амьдралд-2015” уралдаанд ШУТИС-ийн профессор С.Төгс тэргүүн байр эзэлсэн. Түүний “Мэс заслын зориулалттай шөрмөсөн утас-экологийн бүтээгдэхүүн” бүтээлийг Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын “Алтан медаль”, мөнгөн шагналаар шагнасан юм. Доктор, профессор, Монгол улсын зөвлөх эдийн засагч, Технологийн менежментийн салбарын профессор, “Мэргэшсэн инженерүүдийн нийгэмлэг” ТББ-ын тэргүүн С.Төгстэй шинэ бүтээлийнх нь талаар цөөн хором ярилцлаа.

-БУСАД ОРОНД ҮХРИЙН ШӨРМӨСИЙГ МЭС ЗАСЛЫН УТАС БОЛГОЖ АШИГЛААГҮЙ-

-Юуны өмнө танд баяр хүргэе. Малын шөрмөс ашиглаж хийсэн мэс заслын утас тань одоо Монгол улсад хэрэглэгдэж байгаа мэс заслын утаснаас юугаараа давуу вэ?

-Баярлалаа. Өнөөдөр дэлхийд натурал гаралтай утасны үйлдвэрлэл бараг үгүй болжээ. 2010 он орчим хүртэл өлөнгөөр хийсэн мэс заслын утас ашиглаж байсан ч өлөнгийн нано бүтэц үрэвсэх шинж чанартай байсан тул дэлхий дахин энэ утаснаас татгалзсан байна. Өнөөдөр Монголд мэс засалд дандаа химийн аргаар гаргаж авсан ширхэгтэй мяндсан утсууд хэрэглэж байна. Миний гаргаж авсан утас бол малын гаралтай, үхрийн шөрмөсөөр хийснээрээ онцлог. Үхрийн шөрмөс бол цэвэр натурал бүтээгдэхүүн. Хоёрдугаарт, боловсруулах явцдаа ямар нэгэн химийн найрлагатай хольц бага боловч оруулдаггүй учир эко бүтээгдэхүүн. Иймд хүний биед нийлэмжтэй байх тал дээр маш өндөр үр дүнтэй.

togs-Хэр хугацаанд туршилт судалгаа хийв?

-Энэ утсыг гаргаж аваад, АШУҮИС-ийн Мэс заслын тэнхимийнхэнтэй хамтарч нохой дээр туршилт, судалгаа хийсэн. Нохойн 3-4 газарт мэс засал хийгээд, долоо хоногийн дараа туршилтынхаа үр дүнг харсан. Нийлэмж, хайлсан байдал зэргийг өндөр үзүүлэлттэй микроскофоор харахад ямар ч үрэвсэх шинж чанаргүй, маш сайн хайлсан, нохойн махнаас буюу биеэс ялгарахааргүй маш нийлэмжтэй гарсан. Сая Дэлхийн оюуны өмчийн байгууллагын алтан медаль, Солонгосын оюуны өмчийн байгууллага, Монголын оюуны өмчийн байгууллага өндрөөр үнэлсэн. Цаад агуулга нь үхрийн шөрмөсийг мэс засалд ашиглах шинэ санаа минь л үнэлэгдсэн гэж ойлгож байгаа. Хүний биед гаднаас ямар нэгэн химийн аргаар боловсруулагдсан материал орох шаардлагагүй, байгалийн гаралтай органик материал ашиглах боломж байна.

-Малын шөрмөсийг ашигладаг монгол уламжлал бидэнд байсан уу?

-Гол нь энэ аргыг монголчуудын уламжлалаас сэдэвлэсэн. Монголчууд эртнээсээ л малын шөрмөсийг авч боловсруулаад, эрчлээд гутлаа, ширдгээ оёх гэх мэтээр амьдрал ахуйдаа өргөнөөр ашиглаж байсан байдаг. Энэ л уламжлалт технологийг цааш нь хөгжүүлж байгаа хэрэг юм. Уламжлалт технологийг судлах, технологийн процессийн судалгаа, онолчлол, стандартын судалгаа зэргийг хийгээд патентаа авчихсан байгаа. Ер нь дэлхийн шөрмөсний ашиглалтын судалгаа хийхэд зөвхөн үхрийн шөрмөс гэлтгүй адууны, цаа бугын, гөрөөсний гээд шөрмөс хэрэглэдэг л юм билээ. Үүнийг дэлхийд ганц юмаа гээд ярихад хэцүү. Гэхдээ монголчуудын, миний гаргаж байгаа шөрмөс бусад орнуудынх шиг эрчгүй шууд цуулбараар нь биш, эрчилж ашиглаж байгаа учраас утасны бат бөх чанар, даац өндөр байхын зэрэгцээ, урт болгох гэх мэт янз бүрийн давуу талууд их бий.

-Тэгэхээр мэс заслын утасны зориулалтаар ашиглаж байгаа анхны газар монгол гэж ойлгож болох уу?

-Өөр бусад аль ч оронд шөрмөсийг мэс заслын зориулалтаар ашиглаагүй. Ер нь мэс заслын зориулалтаар ашиглая гэж ярьж байгаа нь бид л байна. Бусад оронд бол үддэг, оёдог, ширдэг ажиллагаанд ашигладаг. Монголчууд шөрмөсийг мөн нум суманд их ашигладаг байсан шүү дээ. Үүн шиг Киргиз, Армейн гэх мэт улс орнууд шөрмөсний бат бөх чанарыг ашиглан боож баглах, үдэж зангидах, тогтоох гэх мэт зүйлсэд л ашиглаж байгаа.

utas

Зураг: Мэс заслын шөрмөсөн утас

-ЭНЭ ТЕХНОЛОГИЙГ ҮЙЛДВЭРЛЭЛ БОЛГОВОЛ ЖИЛДЭЭ 3.4-3.6 ТЭРБУМ 
ТӨГРӨГИЙН ЦЭВЭР ОРЛОГОТОЙ АЖИЛЛАНА-

-Таны бүтээсэн малын шөрмөсөөр хийсэн мэс заслын утсыг Монгол улсын хэрэгцээнд 100 хувь ашиглах боломж бий юу? Боломжто бол эдийн засгийн хувьд үнэтэй тусах уу?

-Би өөрөө аж үйлдвэрийн инженер, эдийн засагч хүн. Үхрийн шөрмөсөөр хийсэн утасныхаа шинж чанарын судалгааг хийсэн, дэлхийн стандартын шаардлагыг хангахуйц эрч, даац, бат бөх байгаа. Үнийн хувьд ч бүрэн тооцоо хийсэн. Монгол улс жилд дунджаар 400 орчим мянган үхэр нядладгийн 10 хувийнх нь шөрмөсийг стандартын дагуу үйлдвэрийн аргаар бэлтгэж, боловсруулна гэж тооцъё. Монголд жилдээ 160-180 орчим мэс засал хийгддэг. Үүнд гараа эсгэх, толгой хагарах гэх мэт гэнэтийн өвчлөлүүдийн оёдлын хагалгааг оруулаагүй. Ингэж тооцвол жилд нядлаж байгаа үхрийн дөнгөж 10 хувийнх нь шөрмөсөөр хийж байгаа утасны дөнгөж 10 хувийг Монголдоо ашиглаад, үлдсэн 90 хувийг экспортлох бүрэн боломжтой юм. Монголд орж ирж байгаа утсууд аль улсаас орж ирж байгаагаасаа шалтгаалаад янз бүрийн үнэтэй байдаг. Эдгээр утасны үнийг судлаж, дундажлан харьцуулахад бид дөрөв дахин хямдхан утас үйлдвэрлэнэ гэж үзэж байна. Энэ үнээрээ дэлхийн зах зээлд гаргавал жилд 3.4-3.6 тэрбум төгрөгийн цэвэр орлоготой ажиллах үйлдвэр байгуулагдах боломж бий.

-Үйлдвэр байгуулахад гол төвөгтэй зүйл нь юу байна вэ?

-Шөрмөсөн утсаа боловсруулах нь одоогоор жаахан болхи гэж хэлж болохуйц гар ажиллагаатай. Үүнийг бид механикжуулахаар янз бүрийн туршилт хийж байна. Гар аргаар биш механикаар боловсруулахад шөрмөсний үндсэн шинж чанар алдагдах тул, эрчилж байгаа аргаа механикжуулах тал дээр ажиллаж байна. Технологийн асуудал нь шийдэгдчихсэн байхад техникийн асуудал бүрэн шийдэгдчихэж чадахгүй байгаа нь асуудал юм. Нэг ёсондоо бүтээмж, гарцыг нэмэгдүүлэх, болхидуу ажиллагааг гарцтай болгож техникжүүлэх л шаардлагатай байна. Харин ажиллах нөхцлийн хувьд төвөгтэй байдал огт байхгүй, монгол технологи, уламжлалт арга ажиллагаа гэдэг гайхалтай зүйл. Яагаад малын шөрмөсийг аваад, задрах хэмжээний болгож чадаж байна гэдэг гайхалтай. Үүнийг л бид цааш нь хөгжүүлээд явж байна.

utas

Зураг: Задалсан шөрмөс

-Задрах гэж та сая хэллээ. Энэ шөрмөсөөр хийсэн утас хүний биед ороод, шингэж уусч алга болох уу?

-Ерөөсөө хайлдаг утас гэж ойлгож болно. Зүссэн арьсыг оёлоо гэж бодоход өөрийнх нь махнаас огт ялгарахгүй, гадны биет болохгүй, тийм л органик утас даа.

-Монгол төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрчихлөө. Гэвч хүний эрүүл мэндтэй холбоотой асуудал учраас иргэд үүнд нилээд болгоомжтой хандах болов уу. Мэс засал хийлгэж байгаа хүмүүс энэ утсанд итгэх боломж 100 хувь бий юу?

-Эрүүл мэндтэй холбоотой, ялангуяа мэс засалтай холбоотой, цаад үр дагавар нь хүний бие дээр гарч ирэх учраас иргэд болгоомжлох нь аргагүй. Гаргасан шөрмөсөө би нэг удаагийн зүү тариурын үйлдвэрт ариутгалын газарт ариутгуулж, судалгаа шинжилгээгээ хийж байсан. 2013 онд үүний дагуу Шанхайг зорьж өндөр темпратурт хайлчихдаг учраас хайлуулахгүйгээр ариутгал хийх боломжтой тоног төхөөрөмж судалсан. Ингээд ийм боломжтой газрыг олж, холбоо тогтоож, гэрээ контрактаа хийн техник худалдан авах бүрэн боломжтой болсон. Иймээс энэ утсыг ариутгал багатай, үрэвсэл үүсгэх магадлалтай, малын гаралтай, түүхий эд гэх мэтээр айх хэрэггүй. Хоёрдугаарт, мэс заслын утасны сав баглаа боодлыг мөн судлаж, хаанаас яаж авах вэ гэдгээ шийдчихсэн. Одоо гар ажиллагааг механик болгох техникийн асуудлаа шийдчихвэл бусад бүх зүйлсийн тооцоо гарчихсан бэлэн болсон байна. Дэлхийн түвшинд мэс заслын утсанд тавигдах стандарт шаардлагад бүрэн нийцэх утас үйлдвэрлэх боломжтой юм. Тиймээс 100 хувь итгэх боломжтой.

utas

Зураг: Бэлтгэсэн шөрмөс

-ҮХРИЙН ГҮЗЭЭНИЙ ХУУЛТСЫГ АШИГЛАН ГҮЗЭЭН САВХИ 
МАТЕРИАЛ ГАРГАЖ БАЙЛАА-

-Ийм төрлийн бүтээгдэхүүнийг дэлхий дахин хэрхэн хүлээн авдаг вэ?

-Тун удахгүй би Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын шугамаар өөрийн бүтээгдэхүүнийг танилцуулах чуулга уулзалтад явна. Дэлхийд Монгол бренд гаргах талаар бид маш их ярьж байна. Нано технологи, электрон технологиор бид Япон, Америкийг гүйцэх боломж одоогоор алга байна. Хөрөнгө мөнгө, хөгжлийн түвшин, лабораторийн нөхцөл, үйлдвэрлэлийн орчин гээд ядуу орны зовлон их. Гүйцэж чадахгүй байж тоосонд нь дарагдаад явах нь зөв үү? Монголчууд бид бардам, сайхан ард түмэн. Урдаас нь тосоод, нэг ч гэсэн бүтээгдэхүүн гаргаад ирэх боломж бидэнд байна, тэр нь уламжлалт технологи юм гэдгийг л харуулахыг зорьсон. Бид 2003-2005 онд малын гаралтай дайвар бүтээгдэхүүнийг үйлдвэрийн аргаар боловсруулж, шинэ материал гаргаж авахаар төсөл хэрэгжүүлж байсан. Би төслийн удирдагчаар нь ажиллаж байсан юм. Энэ хүрээнд нохойнд хаяж өгдөг хаягдлыг ашигласан. Тодруулбал, үхрийн гүзээний хуултсыг хуулаад, үйлдвэрийн аргаар технологийг нь боловсруулаад, гүзээн савхи гэдэг материал гаргаж байлаа. Энэ мэтээр гүзээ, сархинаг, давсаг, шөрмөс гээд малын амьсгалаас бусдыг нь ашиглах боломжтой. Бид энэ бүхнийг л олж харж чадвал улс орнуудын аж үйлдвэрийн стратегид яригддаг “Амжиж хөгжих стратеги”, “Хөөж гүйцэх стратеги”-ийн онолуудаас “Амжиж хөгжих стратеги”-ээр хөгжих боломж байна шүү гэдгийг харуулахыг зорьсон. Үүний нэг жишээ нь үхрийн шөрмөсөөр хийсэн мэс заслын утас юм.

-Эрдэмтэд уламжлалт технологио хөгжүүлж нээлтүүд хийсээр байна. Үйлдвэрлэл болгох тал дээр дэмжих, туслах нь хэр байна вэ?

-Төр засгаас холбогдсон зүйл алга. Харин энэ ажлыг ойлгож хамтран ажиллах санал тавьсан хүмүүс бий. Мэдээж аливаа зүйлийг хийхэд хөрөнгө мөнгө шаардагдах нь тодорхой. Бид бол энгийн нэг судлаач, багш хүмүүс. Бусдын адил цалингаас цалингийн хооронд амьдарч байна. Тэгээд л нэг туршилт хийхээр болоод 80 сая төгрөг хэрэг болвол бидэнд тэр нь байхгүй шүү дээ. Иймэрхүү зүйлс дээр хамтарч ажиллах санал хүмүүс тавьж эхэлж байна. Нэвтрүүлэх тал дээр Аж үйлдвэрийн яамнаас эхлээд хамтран ажиллавал болох болов уу гэж бодож байгаа. Үүнийг БСШУЯ-наас ч юм уу, эрдэм шинжилгээ судалгааны бүтээл, эрдэмтдийн бүтээл гэдгээр нь дэмжиж, инновацийн төсөл гэх мэтээр оруулах ёстой байсан болов уу гэж би боддог. Би инновацийн төсөлд хоёр жил дараалан ороод авч чадаагүй. Учир нь мэс заслын утасны үйлдвэрлэл гэдгийг ойлгохгүй байна. Шинжлэх ухаан технологийн газрын дарга н.Даваасамбуу, Шинжлэх ухаан технологийн сангийн дарга Х.Дондог нар цоо шинэ утасны үйлдвэрлэлийн талаар яриад байхад анагаахын талын юм гээд ойлгохгүй, хүлээж авахгүй, инновацийн төсөлд оруулахгүй өдийг хүрсэн. Яг үнэнийг хэлэхэд би үүнд гомдолтой байдаг. Юмыг ойлгож хүлээж авах хэмжээний хүмүүс албан тушаал дээр байх ёстой гэж бодож байна. Гэхдээ мэдээж бидний хийж буйг дэмжиж, хамтарч ажиллах гэсэн хүмүүс ч байгаа нь сайхан. Энэ тал дээр цаашид анхаараасай гэж хүсч байна.

Б.ГЭРЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.