Дахин санал хураалтаар дэд сайдуудыг цөөлөхөөр болжээ

Д.Тулга / Улстөр

uih

Чуулганы нэгдсэн хуралдаан пүрэв гаригийн үдээс хойш эхэлсэн ч Төсвийн байнгын хороо төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг дахин хэлэлцэхээр болсон учир түр завсарлага аваад байсан юм. Байнгын хорооны хуралдаанаар Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн орлого, зарлага дээр тус бүр 5 тэрбум төгрөг нэмж тусгах, Үндэсний номын сангийн барилга 2015 онд санхүүжих дүн 2 тэрбум 450 сая төгрөг гэснээс 1 тэрбум 400 сая төгрөгийг хасах, Баянхонгор аймгийн Шинэжинст, Баянцагаан, Баян-Өндөр сумыг төвийн эрчим хүчтэй холбох ажлын гүйцэтгэлд 1 тэрбум төгрөг, Замын цагдаад гэмт хэрэг илрүүлэх хэрэгсэл худалдан авахад 450 сая төгрөг тус тус тусгах зэрэг саналуудыг дэмжсэн юм. Төсвийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг танилцуулсны дараа байнгын хорооноос дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулав. Санал хураалтын явцад урсгал зардал нэмэгдүүлэх саналын хүрээнд 2015 онд төрийн зарим албан хаагчийн цалинг нэмэгдүүлэхэд зориулан цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд нийт 90.000.0 сая төгрөгийг Хөдөлмөрийн сайдын багцын урсгал зардалд нэмж тусгах, Алдарт эхийн одонтой эхэд олгох тэтгэмжийг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн дагуу бүх одонтой эхчүүдэд олгохоор тооцон 19,448.9 сая төгрөгөөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын багцын урсгал зардлыг нэмэгдүүлэх, Нийгмийн халамжийн сангаас олгох жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмжийг нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авдаг эсэхээс үл хамааран бүх эхчүүдэд олгохтой холбогдуулан орон нутгийн нийгмийн халамжийн сангийн зардлыг 9,140.2 сая төгрөгөөр нэмэгдүүлэх зэрэг саналууд дэмжигдлээ.

Мөн урсгал зардал бууруулах саналын хүрээнд, улс төрийн албан тушаалтнуудын бичиг хэрэг, тээвэр шатахуун, шуудан холбоо, ном хэвлэл, гадаад албан томилолт, дотоод албан томилолт, тойрогт ажиллах зардал, зочин төлөөлөгч хүлээн авах зардал, мэдээлэл сурталчилгааны болон мөрийн хөтөлбөрт туссан арга хэмжээний зардлыг тус бүр 5 хувиар бууруулж, нийт 467.2 сая төгрөгөөр урсгал зардлыг бууруулах санал дэмжлэг авлаа. Түүнчлэн хуралдаанаар Төсвийн байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулсан. Тухайлбал, С.Ганбаатар гишүүний гаргасан “бүх яамдын дэд сайдын орон тоог хасаж, тэдний ажлын албаны нарийн бичгийн дарга, жолооч, автомашины болон холбогдох зардлыг хасах” санал, С.Оюун гишүүний гаргасан “ 2015 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн яамдын цалин хөлстэй холбоотой урсгал зардлыг 2015 оны төсвийн тухай хуулиар батлагдсан дүнгээс 3.2 тэрбум төгрөгөөр бууруулахгүй хэвээр үлдээж, “улсын чанартай авто замын засвар, арчлалт, шинэчлэлт”-ийн төсөл, арга хэмжээнд шаардагдах 25.0 тэрбумыг 3.2 тэрбум төгрөгөөр бууруулах” санал тус тус дэмжигдлээ.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.