Ц.Шаравдорж: С.Баяр, Сү.БатболД, Ц.Нямдорж нараас бусад МАН-ын удирдлагууд Н.Энхбаяр даргатай ирж уулзсан

Д.Тулга / Улстөр

МАХН-ын даргын ажлын алба хариуцсан нарийн бичгийн дарга Ц.Шарав-доржтой ярилцлаа.

-МАХН-ын дарга Н.Энхбаяр эх орондоо цагаан сарын өмнө ирээд төд удалгүй БНСУ руу буцлаа. Дахин хэрэг үүрүүлэх гэж байсан тул шахаанд ороод явсан гэдэг яриа гараад байна?

-МАХН-ын дарга Н.Энхбаяр БНСУ-д эмчилгээтэй байгаа. Цагаан сарын битүүний орой эх орондоо ирж шууд Бөхийн өргөөнд очиж бөх үзсэн. Уг нь насан өндөр аав, ээждээ золгох гэж, намынхантайгаа, ард түмэнтэйгээ уулзах гэж ирсэн юм. Цагаан сар бол өтгөс буурлуудтайгаа золгодог баяр болохоор Н.Энхбаяр даргыг ирсэнд гайхаад байх зүйл байхгүй. Энэ хүн аав, ээжээсээ хангалттай л хол байж, эцэг, эх хоёрынхоо сэтгэлийг хамгийн ихээр л зовоолоо. Өөрөө ч маш их зовсон. Тиймээс энэ хүнийг монголчууд хүнийх нь хувьд ойлгох ёстой. Түүнийг ирсэн хэдхэн хоногт маш олон зүйл болж өнгөрлөө. Ирсэн өдрөөс нь эхлээд төрийн дээд түвшний хүмүүс гайхаж, даруйхан буцааж явуулах ёетой гэдэг мессежийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр өгч, төлөөлөгч болох хүмүүсээрээ дамжуулан намд болон өөрт нь хүртэл ирүүлсэн. Энэ бол нууц биш.

Яг үнэнийг хэлэхэд түүнээс маш олон хүн айж байна. Н.Энхбаяр үргэлж ард түмний талд байж, тэднийхээ тусын тулд сайн сайхны төлөв олон зүйлийг хөндөж ярьдаг. Оюу толгой, Таван толгой гээд томоохон уул уурхайи компанийн тал дээр өөрийн байр суурь болон хүмүүс хэрхэн хандаж байсан талаар маш тодорхой хэлсэн.

Гэхдээ Н.Энхбаяр даргын хэлсэн үгнүүд итгэл үнэмшил муутай байсан юм биш үү?

-Түмэн олныхоо төлөө гээд хэлсэн үг нь цөөн хэдэн хүниЙ санаа сэтгэлд таалагддаггүй учир түүнийг аль болох Монголоос хол байлгах үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Тэр ч байтугай түрүүчийн зохиомол хэргээр хилсдүүлэн хорьсондоо ханаагүй юмуу дахин зохиомол хэрэг үүсгэхийг оролдож түүгээр нь нийгэмд сөрөг уур амьсгалыг бүрдүүлэх зүйл явагдаад байгаа юм. “Цензургүй яриа” нэвтрүүлгийг харсан байх.

“Н.Энхбаяр гэдэг хүн уучлал хүсэх тухай хоёр ч өргөдлийг өгсөн” гэж байна лээ. Гэтэл бидний баттай мэдэж байгаагаар Н.Энхбаяр болон түүний гэр бүл, хамаатан садан уучлал хүсэх тухай нэг ч өргөдлийг өгөөгүй. Үүнийг түмэн олонд “Өдрийи сонин"-оор дамжуулан хэлмээр байна. Цаашид Н.Энхбаяр гэж хүний нэр төрд халдсан зүйлийг хийвэл нэр төрийг нь хамгаалах зүйлийг намын зүгээс хийх болно.

-Танай намын даргын хэлсэн Таван толгойн асуудлыг ч мөн худал гүтгэлэг гэж мэдэгдсэн. Ард түмэн бол одоогийн Ерөнхийлөгч, гурав дахь Ерөнхийлөгч хоёрынхоо хэний үгэнд итгэхээ мэдэхгүй байна л даа?

-Зарим хүмүүсийн үнэн нүүр царайг ард түмэнд илчилсэн л дээ. Ц.Нямдоржийг нэлээд сайн хэлээд авна лээ. Өөрийнхөө хүлээн зөвшөөрдөггүй зүйлийг нь Еренхийлөгч хэлсэн. Н.Энхбаяр гэдэг хүнийг шийтгэхийн төлөө аль эртнээс Хууль зүйн яам, Хууль зүйн сайд нь ажиллаж байсан юм байна гэдгийг “Над дээр олон удаа ирж энэ асуудлыг ярьж байсан” гэсэн. Тэр байтугай нам гэдэг улс төрийн зүйлийг тараах ёстой гэж байсныг Ерөнхийлөгч хэлчихсэн. Ерөнхийлөгчийг үнэн үг хэлсэнд нь баярлаж байгаа.

-Сая Н.Энхбаяр дарга эх орондоо бүр ирээгүй байсан юм уу. Ирэх онд сонгууль болно. Гэтэл мань хүн БНСУ-д л байгаад байх уу?

-Намын дарга хүн намтайгаа, гишүүд дэмжигчидтэйгээ ойр байж явна гэдэг бол зайлшгүй чухал. Харин манай намын дарга өөрөөс шалтгаалахгүй шалтгаанаар гадаадад эмчилгээ хийлгэх болсон. Энэ удаа ирсэн ч гэсэн буцаад эмчилгээндээ явах нь тодорхой байсан. Гэхдээ ирээд буцах биш Монголдоо олон хоног саатах бодолтой байсан юм. Харамсалтай нь даргыг Монголд байлгахыг хүсэхгүй байна. Гадагшаа гарах эрхийг нь цуцална гэх мэт бушуухан хилийн дээс алхуулах гэсэн мэдээллийг зориудаар тараасан. Намбарын Энхбаяр гэдэг хүн одоо гадагшаа явлаа ч цаашдаа эх орондоо ирнэ гэдгийг хүн бүр мэдэж байх ёстой. Алийн болгон энэ хүнийг эх оронгүй цагаач аятай гадаадад байлгах юм. Н.Энхбаяр эх орондоо ирж намынхаа, ард түмнийхээ төлөө ажиллах эрх чөлөөт цаг ирнэ гэдэгт итгэж байна. Намын дарга өлсгөлөнгийн үед эрүүл мэндээрээ их хохирсон. Ил гаргаж тавихгүй байгаа л болохоос БНСУ-д очоод хоёр ч удаа хагалгаанд орсон.

-Одоо биеийн байдал нь ямар байгаа юм бол?

-Одоо ч гэсэн биеийн байдал нь таагүй л байгаа. Мань хүн өөрөө биеийн хатуужил сайтай болохоор энэ мэтийн тэвчээрийг гаргаж байгаа болохоос урт хугацааны эмчилгээ шаардлагатай байгаа юм.

-Өөрсдөөс нь өшөө авах байх гэсэн сэтгэлээр хүмүүс асуудалд хандаад бушуухан явуулах сонирхолтой байдаг юм болов уу?

-‘‘Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээр Н.Энхбаяр дарга оролцохдоо “Би өшөөгөө авна. Гэхдээ Монгол Улсынхаа төлөө хөдөлмөрлөж өшөөгөө авна” гэж маш тодорхой хэлсэн. Энхбаяр гэдэг хүнийг дээд зэргээр хэлмэгдүүлэн барьж хорьж хохироосон хүмүүс нэр устайгаа байж л байна. Тэр хохироосон хүмүүсийн дунд өмнө нь Н.Энхбаяр даргаас албан тушаал авч байсан хүмүүс бий. Ерөнхийлөгч байхад нь өрөөнийх нь үүдэнд хаалгыг нь сахиад суудаг байсан. Даргын итгэлийг авч төрийн өндөр албанд очсон хүмүүс байсан уу гэвэл байсан юм. Гэтэл энэ хүнээс олон хүн урвасан. Хүнд ёс зүй гэдэг зүйл байх ёстой. Н.Энхбаяр дарга өш хонзон санах хүн биш. Үүн дээр санаа амар байж болно.

Тэр хүмүүс л Н.Энхбаяр даргын нүүрийг харахаас айж байгаа байх. Тэдэнд бол ичгүүртэй л байгаа. Н.Энхбаяр даргыг Монголд ирсэн үед нь зарим хүмүүсийг ирж уулзаасай гэж боддог.

-Тухайлбал ямар хүмүүс гэж?

-Тухайн үед дэргэд байж байгаад албан тушаал авсан хүмүүсээс жишээ дурдахад Ц.Нямдорж, Ж.Бямбадорж, С.Баяр, Сү.Батболд энэ хүний ачаар албан тушаалд хүрч өнөөдрийг хүртэл ажил албатай, мөнгөтэй хөрөнгөтэй болоо биз дээ. Заавал улс төр ярихгүйгээр “Бие чинь сайн байна уу” гээд цагаан сараар хадаг барин ирж золгочих ёс зүй энэ хүмүүст алга. Зарим хүмүүсийг би ирээсэй гэж бодож байсан. Н.Энхбаяр дарга битүүний өдөр онгоцноос буугаад шууд Бөхийн өргөөнд ирж үзэгчдийн суудалд суухад нэг хүн явуулаад Н.Энхбаяр даргыг дуудаад ядаж ардаа суулгачих байсан юм. Хоорондоо сайхан хөөрөг зөрүүлээд суусан бол Бөхийн өргөөнд бөх үзэхээр ирсэн хүмүүсийн дотор нэг сайхан онгойх байсан биз. Манай Элбэгээ түүн дээр алдсан. Ард түмэн тэгээсэй гэж хүлээж байсан юм. Хажууд нь суусан Р.Гончигдорж яагаад үүнийг нь хэлж болоогүй юм бэ. “Та дуудаад дэргэдээ суулгачихаач” гэхэд Элбэгээ үгүй гэхгүй шүү дээ. Энэ томчуудыг бүх хүн л харах юм байна шүү дээ. Хоорондоо эвтэй байвал бүх хүн баярладаг.

-Н.Энхбаяр даргаас албан тушаал авч байсан хүмүүс яагаад одоо нүүр буруулах болсон юм бэ?

-Хүн сайдаж болно, муудаж болно. Ажил албанаас болж ам мурийхыг алийг тэр гэхэв. Гэхдээ эргээд уулздаг нүүртэй байх ёстой л доо. Нүүр халуун гэдэг. Тийм болохоор л ирж уулзахгүй байгаа юм байлгүй. Н.Энхбаяр дарга ч гэсэн ирж уулзаасай гэж хүсч байсан байх Би даргын ярианаас тэгж ойлгосон.

Ц.Нямдорж тэргүүтэй хүмүүс бол улс төрд хатаагдсан хүмүүс. ёс зүйгээ бодож ирээд уулзчих ёстой л байсан юм даа гэж бодож явдаг юм. Юу нь тэднийг цааш нь түлхээд байгаа юм бүү мэд.

-Гэхдээ БНСУ-д эмчилгээ хийлгэж байхад нь МАН-ын зарим хүмүүс очиж уулздаг гэсэн яриа гарч байсан. Үнэхээр очдог байсан юм уу?

-МАН-ынхан дотор ёс зүйтэй хүмүүс байна. Сая ирэхэд нь ч гэсэн МАН-ын зарим удирдлага ирж уулзсан шүү.

-Ямар хүмүүс уулзсан юм бол?

-Саяын нэр хэлсэн хүмүүс л ирээгүй. Бүр тодорхой хэлбэл С.Баяр, Сү.Батболд, Ц.Нямдож нараас бусад МАН-ын удирдлагууд Н.Энхбаяр даргатай ирж золгосон. Ер нь л бүгдээрээ ирж нөхрийн ёсоор уулзаж, сайхан ярилцаад явсан. Хэн ирсэн гэдгийг нь би хэлээд яахав. Аягүй бол намынхан нь хавчиж гадуурхаад сүйд болно. Тэр хүмүүсийг Н.Энхбаяр дарга дээр ирэхэд үнэхээр их баярласан. Урьд хожид хамт ажиллаж байсан, хүний зовлонг ойлгодог, ийм үед нь ирээд уулзчихдаг сэтгэлийн тэнхээтэй хүмүүс юм даа л гэж бодож байлаа.

-Танай намын дарга хэзээ эх орондоо бүр мөсөн ирж намынхаа ажилд оролцох юм. Сонгуулийн уур амьсгал орчихлоо?

-МАХН-ын хамт олон аль болох хурдан ирээсэй л гэж хүсч байна. Энэ хүнийг ирүүлэхгүй байх талын бүх арга хэмжээг зарим хүмүүс авч байгаа. Зохиомол хэрэг үүсгэх гээд байна л даа. Илэрхий иргэний эрхийг эрүүгийн хэрэг болгоод наалдуулж, хугацаагүйгээр нааж байна л даа. Дахиад ч шалгана гэсэн цуу яриа гарч байна. Энэ хүнийг бүх насаар нь гадаадад байлгахгүй. Тэгж ч чадахгүй. Ард түмэн чинь ирээсэй гээд хүсээд байгаа биз дээ. Өнөөдөр Намбарын Энхбаяр шиг удирдагч Монголд хэрэгтэй гэдгийг ард түмэн хэлээд байгаа. МАХН-ынхны хувьд даргатай байнгын холбоотой ажилладаг.

-Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газар гэж байлаа. Н.Энхбаяр гэдэг нөхөр БНСУ-аас ирээд ганц гэрээнд гарын үсэг зураад бүх зүйлийг самарч засаг унасан гэдэг яриа бий?

-Н.Алтанхуягийн Засгийн газар огцрох нөхцөл нь бүрдсэн үед огцруулахын төлөө АН өөрөө ажилласан. Энэ нь Н.Энхбаяр даргын ирэх үетэй цаг хугацааны хувьд давхцаж таарсан. Энхбаяр гэдэг хүн Монголд ирээд байгаа нь өөрөө улс төр болчихоод байгаа юм. Аливаа зүйлийг Энхбаяр гэдэг хүнтэй холбож дүгнэлт гаргах үзэгдэл манайд бий болчихсон. Түүнээс биш Н.Энхбаяр хоёр гурав хоногийн дотор хөл толгойгүй сандааччихсан юм биш л дээ. Н.Алтанхуягийн Засгийн газар эхлүүлсэн ажлаа дуусгачихаасай гэдэг зүйлийг Энхбаяр дарга дотроо бодож явсан юм. Харамсалтай нь Засгийн газраа АН өөрөө унагачихаад бурууг нь Энхбаяр гэдэг хүн рүү чихэх нь утгагүй.

-Ирэх жилийн сонгуульд танай нам хэрхэн оролцох бол. Их хуралд суугаа танай гишүүд үүргээ хэр биелуүлж байна вэ?

Улс төрийн сонгууль болдгоороо болно. Энэ сонгуульд МАХН ордгоороо орно. Бид одоогийн байгаа суудлаа аль болох нэмэхийн тулд, ард түмнийхээ итгэлийг олохын тулд биелэгдэх боломжтой мөрийн хөтөлбөртэй оролцоно. МАХН-ын нэрээр төрийн албанд ажиллаж байгаа болон УИХ, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байгаа хүмүүстээ тавих шаардлага өндөр байна. МАХН-ын нэрээр улс төрд орсон л бол сайн ажиллах ёстой гэдэг гол шаардлагыг тавих юм.

Одоо Их хуралд байгаа гишүүдээ сайн ажиллаж байна гэж хэлж чадахгүй. Энэ хүмүүс өөрсдөдөө дүгнэлт хийж дараагийн нэр дэвших асуудлаа бодох байлгүй. Үлдсэн жил гаруйн хугацаанд идэвхтэй ажиллаж ард түмэн болон намдаа өөрсдийгөө харуулах ёстой.

-Д.Тэрбишдагва тэргүүтэй зарим хүмүүс намын даргатайгаа таарамж муутай байна. Уулзахгүй байгаа гэсэн. Үнэн үү. Танай нам дотроо хагарчихсан юм уу?

-Ийм яриа гарч байгааг сонссон. Намыг дотор нь хагалах гэсэн явуургүй зүйл байх гэж харж байгаа. Нөгөө талдаа нэр бүхий хүмүүс нам дээрээ тогтож ажиллах хэрэгтэй. Намын нэрээр гишүүн болсон хүмүүс бол манай намын удирдлагын хүмүүс гэж ойлгож болно. Энэ хүмүүс удирдлагын хэмжээнд ажиллах ёстой. Одоогоор нам дотор салаад явчихсан юм алга. Улс төрийн хүрээнд МАХН-ыг ажиллах боломжоор хангахгүй байх, тээг тавих гэсэн хүсэл байна. Улс төрийн бусад намууд манай намыг ад үзэх байдал гаргаж байгаад халираад байх зүйл алга.

Э.ЭНХБОЛД

www.DNN.MN


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.