Монгол инженерийн зохиосон таблет худалдаанд гарахад бэлэн болжээ

Д.Тулга / Орон нутаг

Монгол инженер Ipad үйлдвэрлэж байгаа чихэнд чимэгтэй мэдээлэл сонсогдож, түүний эрэлд мордов. Харилцуурын цаанаас эрс татгалзсан хариу сонссон ч нутгийн яруу найрагч дүүдээ бүтээгдэхүүнийхээ дээжээс бэлэглэж байхтай нь таарч, уулзаж ярилцах боломж олдсон юм. Тэр эрхэм Базарын Цээпилдорж юм. Түүний зохиосон таблет хэдийнэ Хятадын зах зээл дээр борлуулагдаж эхэлжээ. Тун удахгүй буюу ирэх сарын 1-нээс эх орныхоо хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ хүргэхээр төлөвлөжээ.

-Таныг Ipad хийж байгаа гэж сонсоод зорьж ирлээ?

-Яг ч Ipad биш л дээ. Манай компани “Orae energy” нэртэй, Хонконгод төвтэй. Үндсэн компани болох Хонконгийн “Orae energy international”-тэй Монголын тал хамтарч, энэ компанийг байгуулсан. Бидний хувьд хөрөнгө оруулалт, электрон тоног төхөөрөмж угсрах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Дандаа холбооны инженер, электроникийн чиглэлийн улсууд л даа.

-Таблет зохиох санаа хэдийд төрөв?

-Бид эхлээд Улаанбаатар хотын автомашинуудад тохирсон JPS хийхээр төлөвлөж байсан, зам дагуу барьдаг. Сүүлдээ үүнийг угсарч үзье гэж шийдсэн. Эхлээд 100-г деталиудыг нь цуглуулж туршиж үзээд, түрүү жилийн 7 сард гараад, бид 11, 12 сар хүртэл барьж үзээд, хэрэгцээгээ хангаад маш сайн болохоор нь сая 12 сард шугаманд оруулаад, Оrae tablet зохиосон.

-Яагаад Orae гэж нэрлэсэн юм бэ?

-Үндсэн компанийхаа Orae-г оруулаад нэрлэсэн. “Самсунг”-ийн тоног төхөөрөмж, деталиуд орсон. Бид Тайвань, Хонконгоос деталиудыг нь нийлүүлж байгаад хийсэн. 2015 оны шилдэг загвар, андройд систем. Техникийн хэлээр DDR 3 багтаамжтай, стандартын.

-Үйлдлийн системийн хувьд Ipad-тай ижилхэн үү?

-Ижилхэн. Сим хийж, утсаар ярьж болно, бас зураг авах, JPS суурилуулж болно зэрэг их олон давуу талтай.

-Одоогийн байдлаар хаана хаана нийлүүлэгдэж байна вэ?

-Хятадад нийлүүлж байна. Мөн Монголд 4000-ыг авчирсан, худалдаанд гаргахад бэлэн болчихоод байна.

-Ямар үнэ өртгөөр хэрэглэгчдэд хүрэх вэ?

-Бид зах зээлийн судалгаа бүх юмаа хийж байгаа. Apple брэндийнх сая орчмоор зарагдаж байгаа байх. Бид мэдээж 200 мянга орчим төгрөгөөр хямд өгнө.

-Худалдаанд хэдийд гаргах вэ?

-Тавдугаар сарын 1-нээс гаргадаг юм билүү гэсэн бодолтой байна. Миний хувьд Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газартаа 10-ыг хандивлалаа. Өөрсдийн байгуулсан “Зүүнхараа” коллеждоо 10, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газарт 10-ыг тус тус хандивлалаа. Мөн нутгийн залуусын авьяасыг дэмжиж олныг бэлэглэсэн.

-Хандивлах аа?

-Тийм ээ, хандивлана гэдэг чинь хүнд очно гэсэн үг. Хүн туршиж үзээд, худалдаж авна.

-Монголын баг хамт олныхоо талаар танилцуулахгүй юу?

-Одоо манайх Монголдоо барилга барих, барилгын материал үйлдвэрлэх, гадаадын хөрөнгө оруулалт татахүндсэн чиглэлээр ажиллаж байна. Яг электрон чиглэл дээр гурван инженер л ажиллаж байгаа. Нэг нь би. Нөгөө нь Монголын нэлээн сайн инженерүүдийн нэг С.Баярхүү. Нэг инженер маань О.Сайнбаяр гээд Зүүнхараад байдаг. Бид гурав нийлээд JPS хийе гэж тооцоолж байсан. Эхлээд оруулж ирье, деталуудыг нь угсарч үзье гэсэн. Тэр чинь бас зузаан шүү. Нарийн деталиуд нь олдохгүй байсан. Энэ (таблетаа заав.сурв) их олон ажиллагаатай. Бид есөн газраас деталыг нь цуглуулсан. Уг нь 12 сард ирчих байсан юм. Олон деталыг нь хийх гэж удсан. Программ болгон нь детал юм.

-Магадгүй “Orea”брэнд болох ч юм билүү?

-Тийм ээ.

-Нэг таблет үйлдвэрлэхэд хичнээн хугацаа зарцуулагдах вэ?

-Тайваний компанид угсардаг шугам байдаг. 140 хүнтэй л угсарчихаж байна.

-Манай монгол инженерүүдийн чадвар, чадамж их өндөр. Юм хийе гэсэн санаа нь байвч боломж бололцоо хөрөнгө мөнгөний хувьд гачигдалтай байдаг юм билээ?

-Тийм, маш өндөр. Би бүр хуучны холбооны инженер. Одоогийн залуу инженерүүдийн чадвар бүр илүү өндөр.

-Таблет зохион бүтээлээ. Дараагийн ажил юу байх вэ?

-Бид машин болгонд маршрут, чигийг зааж байдаг JPS хийхээр ажиллаж байна. Монголчууд маань Улаанбаатарт төөрөхгүй л дээ. Гэхдээ тийм шаардлага байгаа. Захын гадаад ирээд хаашаа явсан ч тодорхой байх. Яваандаа Монгол Улсад түрээсийн машинаас эхлээд олон ажил хэрэгжих байх л даа. Тэр бүхэнд зориулж GPS-ийг туршилтын журмаар хийх гэж байна. Нэгд өртөг хямд, хоёрт монгол хэлтэй.

-Тоног төхөөрөмж зохион бүтээлээ гэхэд улсаас дэмжлэг туслалцаа үзүүлдэг үү?

-Одоо туршилтын журмаар хийж байна. Алсдаа танилцуулах асуудал гарах байх аа.

-Цаашид хаана нийлүүлэхээр төлөвлөж байна вэ?

-Хамгийн том зах зээлтэй учраас Хятадад нийлүүлж эхэлсэн. Хятадад янз бүрийн брэнд гарсан. Бид тэр бүхнээс дутахгүй үнэ, чанарын бодлогоор гаргаж байна. Бид энийг хоёр жил шахуу хөөцөлдсөн.

-Энэ таблет монгол инженерийн гадныхантай хамтарсан хоёр жилийн ажлын үр дүн гэж ойлгож болох нь ээ?

-Тийм ээ.

-Таблет хэр хэмжээний өртгөөр боссон бэ?

-Ойролцоогоор 300 мянган доллар зарцуулагдсанаас 100 мянга нь Монголд, үлдсэн нь судалгаа туршилтын ажиллагаанд зарцуулагдсан.

-Монголд авчраад туршихад ямар санагдаж байв?

-Нэгдүгээр загварыг долоон сард туршиж үзээд, бүх үзүүлэлтийг нь сайжруулж энэ загварыг гаргаж ирсэн.

-Таныг Мандалын Цээпил гэхээр хүмүүс анддаггүй юм билээ. “Oreaenergy” компаний захирал, шинэ технологи нэвтрүүлэгч “Атмор” компанийн зөвлөх, Сэлэнгэ аймгийн Засаг даргын зөвлөх, хэд хэдэн компани төслийн ТУЗ-ийн дарга гээд энэ олон ажлыг яаж амжуулдаг вэ?

-Би зүгээр сууж чаддаггүй юм(инээв. сурв)

-Та холбооны инженерээр хэдэн жил ажилласан бэ?

-1983-1989 оны хооронд ажилласан. Дараа нь Зүүнхараагийн эвлэлийн хороон дарга болоод, 1990 онд компани байгуулаад, 14 жил компанийн захирал хийсэн. 2004 онд Зүүнхараагийн засаг дарга болсон.

-Энэ хугацаанд ямар ямар шинэ бүтээл, оновчтой санаачлага гаргаж байв?

-Телефон утас шалгагч зохион бүтээж байлаа. Зүүнхараа хотноо санаачилж хийсэн олон ажил бий. Монголын гурав дахь усан бассейн, коллеж, замгээд олон бүтээн байгуулалт хийсэн. Хараагийнхан маань мэднэ ээ.

-Саяхан Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотод хөзрийн тэмцээн болсон. Таны санаачлага байсан гэж дуулсан?

-Гурван сард Мандалчууд маш их завтай байдаг. Дөрвөн сар гараад тарих ногооныхоо үрслэгээг хийх, газраа хагалах гээд ажлууд эхэлдэг. Тиймээс гурван сард Ахмадын хороотойгоо хамтраад хөзрийн тэмцээн зохион байгуулсан. Бидний хэлж заншсанаар “дурак”-ийн тэмцээн. Ахмадууд орой гэртээ хоолой хийчихээд, хажуу айлын хүнээ дуудаад тоглодог. Тиймээс энийг оюуны спорт болгоё гэж бодсон. Хөзөр тоглосон хүмүүс зөнөдөггүй болох нь олон улсад батлагдсан байдаг.

-Тэмцээнд хичнээн хүн оролцов? Хэр сэтгэл хангалуун байсан бэ?

-240 гаруй хүн оролцож, 100 гаруй хүн үзсэн сайхан тэмцээн болж өндөрлөсөн. Цахим ертөнцөөр энэ тэмцээнийг муулсан элдэв зүйл бичигдсэн байсан. Муулах ямар ч шаардлага байхгүй шүү дээ. Шатар тоглохтой адилхан л тэмцээн. Шатрыг нэг хүн тоглодог бол хөзрийг багаараа тоглодог. Багаараа ажиллуулдаг, хамт олонтой болгодог. Гэртээ тоглодог байсныг нь спортын зааланд албан ёсны мандаттай спорт болгоод тоглуулсан. Нэг тоглоод хожигдсон ч сэтгэл хангалуун гарч байхыг нь харахад үнэхээр баяртай байсан. Тэмцээнд оролцсон хүмүүс гарч ирээд “Тэрийг л “бариулах” байсан юм. Буруу гарчихлаа” гэх мэтчилэн ярьж байсан шүү(инээв.сурв).

-Таны цаашдын ажилд өндөр амжилт хүсье.

Д.ЭРДЭНЭТУЯА


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:10

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:10


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.