Улаанбурханы өвчлөл буурах хандлагатай байна
Өнөөдөр Эрүүл мэнд спортын яаманд нийслэл дүүргийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд цугларч, халдварт улаан бурхан, томуу томуу төст өвчний дэгдэлттэй холбоотой асуудлуудыг хэлэлцлээ.
Өнгөрөгч 2015 оны гуравдугаар сараас улаанбурхан өвчний дэгдэлт гарч 23464 тохиолдол бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар 10 мянга орчим улаан бурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 1890 хүн тус өвчнөөр өвчлөөд байна. Харин тус өвчнөөр нас барсан хүүхдүүдийн дийлэнхи нь улаанбурханы товлолт дархлаажуулалтад хамрагдаагүй, суурь болон хавсарсан эмгэгтэй хүүхдүүд байжээ. Мөн нийт өвчлөгсдийн 47 хувь нь 15-29 насныхан байгаа аж. Ийнхүү улаанбурхан өвчний дэгдэлт их байгаагаас үүдэн дүүргүүдийн өрхийн эмнэлгүүд оройн 20 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байгаа юм. Мөн дүүргийн эмнэлгийн эмч ажилчид сүүлийн хоёр сарын турш ээлжгүй ажиллаж байгааг хэлсэн юм. Уулзалтын үеэр ХӨСҮТ-ийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд дарга М.Тунсаг “ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгаар хоногтоо 367 өвчтөн ирж үйлчлүүлж байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасаг 10 ортой хэдий ч 17 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Иргэд өрхийн эмнэлгээрээ дамжилгүй шууд өөрсдөө хувийн унаагаараа ирж, бид өдөртөө 150 хүнд зөвлөгөө өгөөд гэрийн эмчилгээ бичиж гэрт нь буцааж байна” гэлээ. Харин мэргэжилтнүүдийн хэлж буйгаар цаашид улаанбурханы өвчлөл буурах хандлагатай байгаа аж.
Б.ЦОГ
Сэтгэгдэл